Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны XXII хуралдаан өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар, 1. Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 2. “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг батлах тухай 3. Орхон аймгийн авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц 4. Засаг даргын нөөц сангийн зарцуулалт 5.   Гэр хорооллыг дэд бүтэцээр хангах байршлын танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа. 2020 оны 01 дүгээр сарын 08-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолоор “Өвлийн спортыг хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөр батлагдсан билээ. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг дэмжих, өвлийн спортын төрлийг хариуцсан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бэлтгэл, сургуулилт хийх  стандартын шаардлага хангасан зам талбайг тохижуулж таатай орчинг бий болгох зорилгоор 4 зорилт, 16 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дараа нь “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн талаар БОАЖГ-аас танилцууллаа. Орхон аймаг энэ жил хавар, намрын тариалалтаар хоёр зуун мянган мод тариалахаар төлөвлөсөн. Цаашид 4 жилийн хугацаанд 770 мянган м2 талбайд мод тарьж,  400,000 метр квадрат  талбайг зүлэгжүүлнэ. Үүнээс энэ жилийн хувьд 40 мянган м2 талбайг зүлэгжүүлж, хоёр зуун мянган мод тарина.             Орхон аймаг  2021-2024 онд “Ногоон Эрдэнэт” төслийг хэрэгжүүлж агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг буруулах, Эрдэнэт хотыг ногоон хотын жишигт нийцүүлэн иргэдийн  эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хэрэгжүүлэх юм.         “Ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх, шинээр байгуулах талбайн хэмжээг гаргах, Эрдэнэт хаалганаас Булган аймаг гарах зам хүртэлх  А1001 төв замын 2 талаар тод тарих, Хотын төв зам дагуух  болон орон сууцны хорооллын дундах ногоон байгууламжийг арчилж, нөхөн тарих, Гэр хорооллын өрх бүр хашаандаа мод тарих, Мод тарьж ургуулсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, шинээр байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд болзолт уралдаан зарлаж олон нийтэд хүргэж оролцоог нэмэгдүүлэх зэрэг нийт 10 гаран зорилтот ажил байгаа юм.          Цаашид дөрвөн жилийн хугацаанд нэг сая мод тарьж, 2024 он гэхэд төмөр хайс хашлагагүй ногоон төгөл байгуулах зорилтыг тавиад байна. Зөвлөлийн хурлын зүгээс тарьсан мод бутыг арчлан ургуулах талаар анхаарал тавьж ажиллахыг анхаарууллаа.             Аймгийн хэмжээнд Засаг даргын 2018 оны А/621 дугаартай захирамжаар 6 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж иржээ. Иргэдээс гаргасан санал хүсэлт, гомдлын хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр дахин төлөвлөлтийг хийж, Ч1 “Их залуу”, Ч2 “Шанд” чиглэлийн давхацсан шугамыг өөрчлөн нэгтгэн тойргийн хэлбэрээр иргэдэд үйлчлэхээр зохион байгуулан аймгийн Засаг даргын 2020 оны А/50 тоот захирамжаар баталгаажуулжээ.             “Такси” үйлчилгээний авто зогсоолыг оновчтой тогтоож, стандартын шаардлагад нийцүүлэн байгуулах үүднээс 26 зогсоолоос 3 аж ахуй нэгж байгууллагын 225 такси иргэдэд үйлчилж байна. Түүнчлэн 2022 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтаар Авто буудал барихаар болоод байна.             2021 онд нийтийн тээврийн нөхөн олговорт 1.2 тэрбум  төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд 10 сарын байдлаар 818.360.9 сая төгрөгийг аж ахуй нэгж байгууллагуудад олгоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.