Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийн хяналтын угсралт, туршилт амжилттай боллоо
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл юм. Өнөөдөр БНХАУ-ын CITIC компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай цахимаар холбогдож, энэхүү өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмж болох МПСИ тээрмийг үйлдвэрлэлээс гарган хяналтын угсралт, туршилтын залгалт амжилттай явагдаж буйг үзүүллээ.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх түншлэгч Найпу болон CITIC компанийн удирдлага, хамт олонд хандан үйлдвэрлэл, үйл ажиллагаа хязгаарлагдсан цар тахлын хүнд үед захиалгыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм. Удахгүй газар дээр нь авчирч суурилуулах, угсарч тохируулах, зүгшрүүлэх ажил хийгдэнэ. Энэ оны 10-р сард уг өргөтгөлийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах шахуу төлөвлөгөөтэй, захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд өндөр хариуцлагатай ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 193 сая ам.доллараар нэмэгдэж, өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтаа жил хүрэхгүй хугацаанд нөхөх боломж бүрдэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.