Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 5 зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83.6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.

Ийнхүү олон жил ужгирч шийдлээ олохгүй байсан УБТЗ-ын их өрийн асуудлыг төр, засаг, УБТЗ-ын удирдлагын уйгагүй зүтгэл чармайлтын үр дүнд шийдсэнээр тус нийгэмлэг хугацаа хэтэрсэн өргүй болохоос гадна УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, дүрмийн сан нэмэгдэх боломжтой болж байна.  

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.