Дэлхийн тэмээний өдрийн баярын мэнд хүргэе!Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэж, “Монгол Улсын хос бөхт тэмээ – хөгжлийн боломж, стратеги” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Манай улс бол Дэлхийн хос бөхт тэмээний гал голомтыг сахьсан орон. Дэлхийд 2 сая байдаг бол тэмээний дөрөвний нэг нь Монгол улсад байдаг гэсэн судалгаа гарчээ. Монголчууд бид тэмээний соёлын өнө эртний түүхэн уламжлалтай. Говийн өндөр тэмээн сүргээ хамгаалах, удмын санг нь хадгалах, тоо толгойг нь өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, тэмээчдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, тэмээний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тууштай хөгжүүлэх асуудал нь Монгол төрийн анхаарлын төвд байж ирсэн. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын тэмээний салбарт дагнан ажиллаж байгаа мэргэжлийн судлаач эрдэмтэд, салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн онцлох төлөөлөл, мэргэжлийн холбоод оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тулгарсан бэрхшээл, сорилт, хөгжлийн боломж, цаашдын зорилтын талаар зөвлөлдөж байна.

