-Сэтгүүлчид минь ээ, нийгмийг талцуулж, иргэдийг бухимдуулах нь та бүхний үүрэг биш-

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, оройн зоог барьжээ. Ингэхдээ Монгол Улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн урд хөршийн бизнесийн төлөөлөлтэй уулзчихжээ. Яг энэ үед ASU.mn сайт давхиж очоод видео мэдээлэл дамжуулсан нь олон нийтэд хүрч, “Гэмтнийг газар дээрээс нь барьчихсан” агуулгаар шууд дамжуулалт иргэд олон нийтэд хүрч орхилоо, урд шөнө. Уулзалт хийж, ярилцаж байж ажил бүтдэг нийгмийн л харилцааны жам ёсоор Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар зоог барин зочидтой хоол идчихэж. Ажил энэ л зарчмаар явдаг гэдгийг мэддэг хүнд энэ бол тийм ч цочир, оволзож бачуурам үйл явдал биш ээ. Харин ч тэр ажлаа хийсэн, өөрийн чиг үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулагчидтай уулзаж.

Иргэний сэтгүүл зүй өндрөө авч хөгжиж байгаа гэх энэ цагт мэргэжлийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, сэтгүүл зүйн үүрэг харин энэ мөн үү. Төрийн сайд болгоны араас түгжилдэж, давхиж очиж харлуулж, гуйвуулбал монголчуудтай хамтрах бизнесмэн, гаднын том компани, итгэлт хөрөнгө оруулагч олдохгүй биз ээ. Хамгийн гол нь энэ бол өнөөдөртөө тухайн сайтын хандалтыг ахиулж, пэйжийн хөгжүүлэлтэд нэмэр болж, цахим орчинд сенсац болж буй мэт өнөөдөртөө харагдавч алсуураа Монгол Улс, монголчуудад хортой. Монголчууд бүхнийг гуйвуулж мушгиж, харлуулж байж олны чихийг сортолзуулдаг мэдээллийн хар салхинаас одоо нэг үеийг бодвол зугатдаг болсон. Энэ нь ч зөв юм. Зүй нь, Монгол төрийн ажлыг төрд нь үлдээдэг байх сан. Сэдэв бүр рүү сэвж орж ирж, жадлан эсэргүүцэж, хутган үймүүлэх нь хэрээс хэтэрсэн муу үр дагавартайг энд тоочих нь илүүц.

Угтаа бол Монгол төрийн сайд байх тусмаа ажил хэргийн уулзалт хийх ёстой биш юм уу. Тэр тусмаа Монгол Улсыг мөнгөтэй байлгах үгүйг бодлогоор нь “базаж” яваа энэ хүн эдийн засгаа өөд татах боломжит уулзалт, хэлэлцээг алдахгүй хийх нь ажил үүргийнх нь хуваарьт тусдаг, зайлшгүй анхаарах ёстой чиглэл биш гэж үү. Төрийн ажил гэдэг ордонд шигдэж суух биш түшээ гэх сэнтийгээсээ босож, яриа хэлцэл хийх, Монгол Улсад ашиг тусаа өгөх уулзалт хэлэлцээ эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг төсөл хөтөлбөрт татан оролцуулахад нөлөөлөх давхар үүргийг хүлээх ёстой. Тиймээс л Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тахимын сайд нартаа энэ чиглэлийн үүрэг өгсөн. Ерөнхий сайд “Бид хөрөнгө оруулагчдыг үргээх биш, үлдээх бодлого барина” гэдгээ нэгэнт хэлчихсэн. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн орчныг сайжруулах, Татварын багц хуультайгаа уялдуулах, Монголын эдийн засагт валют авчрах төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьж буй. Гэтэл улс орныхоо голлох бодлогын эсрэг олон нийтийг турхирсан, илт буруу ташаа ойлголт өгч хагалан бутаргах гэсэн, бизнес хамтын ажиллагааны хүрээний уулзалтыг мөрийтэй тоглоом хэмээн мушгин гуйвуулсан бичлэг тарааж байгаа нь туйлын харамсалтай.  

Гэхдээ мэдээлэл дамжуулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцыг буруутгая гэхээсээ илүүтэй яг энэ тохиолдолд хэвлэлд ташаа мэдээлэл, ойлголт өгч дуудсан дотоодын этгээдээ олох нь Ч.Хүрэлбаатар сайдын хувьд зөв болно. Мэдээлэл задалж, дамжуулсан “Түгжил” дотроосоо гэдэг нь дээрх бичлэгээс тодорхой харагдана. Тиймээс оройн зоогт урьсан, уригдсан хоёр хэн хэн нь эвгүй байдалд орж, Монгол Улсын төрийн ажлын чандгүй байдал, хэт ардчилалтай дураар сэтгүүл зүй хоёр гадныхныг үргээв үү, үнэ цэнтэйг нь ойлгуулав уу гэдгийг харах л үлдлээ. “Мөрийтэй тоглоогүй шүү, хөрөнгө оруулагчидтай оройн хоол идээд сууж байна” гэснийхээ төлөө буруутгагдаж чичлүүлж харагдах энэхүү мэдээллийг хэн гэгч, хаанаас захиалав гэдэг нь тун чиг сонирхолтой. Ай хөөрхий, нэлээд дээрээс шидсэн чулуу юу, яг дэргэдээс нь тавьсан хавх уу. Юутай ч “сэхээний тасаг”-т шилжсэн байсан Монгол Улсын эдийн засгийг сэвхийтэл татан сэргээж, цалин тэтгэврийн нэмэгдэл ярих хэмжээнд болтол нь өөд нь татсан Чимэдийн Хүрэлбаатар сайд “Бөх хүн бүдүүн өвсөнд” гээч болчихов уу даа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.