Хэлэлцүүлэгт Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сумын засаг дарга нар багийн дарга нар, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, аймаг, сумын газар, бэлчээр хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 120 гаруй хүмүүс оролцож байна. Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна.Хэлэлцүүлгийг Монгол орон даяар бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт, хангайн бүс Өвөрхангай, төвийн бүс Дархан-Уул, зүүн бүс Хэнтий аймагт тус тус болж байна. Бэлчээрийн асуудлыг том зургаар харж, технологийн дэвшил, засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт, шинэчлэлт зэрэг төрийн бүх бодлоготойгоо уялдуулж, Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж, бэлчээр ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодлыг сонсож, тулгамдсан асуудлын гарц, гаргалгааг бодитоор тодорхойлж, хуулийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө хэлэлцэж байгаа нь чухал юм. Та бүхэн бэлчээр, түүний ашиглалт, хамгаалалт, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар саналаа ирүүлэх боломжтой.

