Засвар угсралтын цехийнхэн  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээжээ, хүү нь сайн явна”  хүндэтгэлийн  үйл ажиллагаа зохион байгуулав. Ажилтнуудынхаа ажил үйлс, амжилт бүтээлийг  ээжүүдэд нь сурталчлан таниулах,  хөвгүүдээрээ бахархах сэдэл төрүүлэх зорилгоор цехийн шилдэг 20 ажилтныг ээжийнх нь хамт оролцуулсан юм. Цехийн удирдлага, ажилтнуудын хамт ээжүүдийг угтан авч Оюу танхим дахь хүндэтгэлийн суудалд урьж суулгав. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж  цехийн  Ерөнхий инженер Т.Атарбаяр үг хэлж, ээжүүдэд Олон улсын  Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр хөтлөгч, оролцож буй ажилтан бүрийн ажлын амжилт, олон нийтийн ажлын оролцоо, манлайлал, харилцаа хандлагыг тодорхойлсон танилцуулга мэдээллийг сонордуулав. Тэрчлэн ажлын байрнаасаа ижийдээ сэтгэлийн үгээ дайж, баярын мэндчилгээ дэвшүүлснийг толилуулахад зарим ээж нүдэндээ баярын нулимстай харагдана. Ээжүүдийг хүүхдүүдтэй нь тайзнаа урьж, алдар гавьяаг нь дуудан танилцууллаа. 

Хүндэтгэлийн ёслолд уригдсан ээжүүдээс Алдарт эхийн 1, 2-р одонтой 11, доктор цолтой хоёр, салбарын болон төр засгийн одон медальтай олон хүн байв. Цехийн удирдлагууд ээжүүдэд алд цэнхэр хадаг, бэлэг дурсгалын зүйл, “Монгол Улсын баатар, Зууны манлай бүтээн байгуулалт, Эрдэнэт үйлдвэрт Таны хүү бүтээлч хөдөлмөр, ур чадвар, сэтгэл зүрхээ үнэнчээр зориулж, амжилт дүүрэн ажиллаж явааг танд уламжлан, сайн хүү төрүүлж, өсгөсөн сайхан ээж танд талархал илэрхийлье” талархлын бичиг гардууллаа. 

ЗУЦ-ийн ээлжийн мастер Х.Эрдэнэзориг: 

Юуны өмнө энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа, бид бүхэнд ээжтэйгээ хамт байж, ээждээ сэтгэлийн үгээ  хэлэх боломж олгосон хамт олон удирдлагууддаа маш их баярлалаа.  Ээж хүн бол цагаан сүү, цайлган сэтгэлийн эхлэл гэж би боддог. Эх хүнийг мэргэд олон сайхан үгээр магтдаг.   Олон мутартай бурхдаар төлөөлж хэлсэн зүйрлэл надад  үнэн санагддаг. Ээж хүн албан ажлын зэрэгцээ, гэр орноо авч явах, үр хүүхдээ асарч тойлох гээд ямар олон ажлыг зэрэг амжуулдаг билээ дээ. Би уудам сайхан Монгол нутагт төрснөөрөө, Зууны манлай бүтээн байгуулалт болсон Баатар үйлдвэрт ажиллаж байгаагаараа, ижий минь дэргэд  байж, жаргаж яваагаараа бахархдаг. Бүх эмэгтэйчүүддээ Мартын наймны баярын мэнд хүргэе. 

Ээжүүдийн төлөөлөл Д.Бурмаа:

Би Боловсролын салбарт 50 шахам жил ажиллаж байгаа багш хүн. Энэ цехэд  хүү маань хоёр дахь жилдээ ажиллаж байна. Би олон л үйл ажиллагаанд оролцож, шагнал ч хүртэж явлаа. Ээжээ, хүү нь сайн явна” арга хэмжээ үнэхээр  сэтгэл догдлууллаа. Тэднийхээ ажил үйлс, амжилтыг сонслоо, харлаа. Хүүгээрээ хамт олноор нь  бахархаж байна. Ээж болсны гавьяа, шагнал, урам, бахархлыг энэ мөчид амсаж байна. Баатар үйлдвэрийн ажилсаг хөвгүүддээ Хөдөлмөрийн баатар болоорой гэж ерөөе. Энэ сайхан залуусыг удирдан зохион байгуулдаг цехийн удирдлагуудад нь баяр хүргэе. 

Ийнхүү баяр хөөр дуу хуур эх үрийн энэрэл хайр “үнэртсэн” сайхан үйл ажиллагаа өндөрлөв. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.