Газрын харилцаатай холбоотой үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон талаар мэдээлэл өглөө. Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, газрын харилцааны мэдээллийг цахим бүртгэлд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд газрын цахим системүүдийн программ хангамжуудыг нэвтрүүлсэн.Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хүргэх, иргэдийн хүнд сурталд өртөж буй асуудлыг шийдэх зорилгоор газрын харилцааны үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлууд хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн газрын харилцааны байгууллагууд, нийслэлийн газрын албад, дүүргүүдийн газрын албад болон 330 сумын газрын даамал www.egazar.gov.mn цахим системд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон чөлөөт бүсийн газрын асуудал тус системд багтсан.Уг систем нь төрийн бусад ХУР системтэй холбогдон мэдээлэл солилцдог. Үүний дагуу egazar.gov.mn-ээр дамжаад e-Mongolia систем рүү үйлчилгээнүүдээ холбож өгч байгаа.Газрын харилцаатай холбоотой бичиг баримт, шийдвэрүүд нь QR кодоор баталгаажсан гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг бусад бүх төрлийн лавлагаа мэдээллийг авч болно. Манай системд 64 үйлчилгээг нэвтрүүлсэн байгаагаас өнөөдрийн байдлаар 45 үйлчилгээг e-Mongolia системд хүргүүлсэн. Одоогоор Иргэд газрын харилцаатай холбоотой 35 үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон. Үүнд,* 5 нь мэдээлэл, лавлагаа* 30 нь газрын үйлчилгээ багтаж байна.Цаашид үлдсэн 19 үйлчилгээг энэ ондоо багтаан е-Mongolia системд бүрэн хамруулна.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гэрээг цахимаар авах боломжийг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд олгосноор одоогийн байдлаар 21,118 иргэн, хуулийн этгээд тус үйлчилгээг авсан байна. Ингэснээр иргэд, байгууллагууд 487 сая төгрөг хэмнэжээ. Мөн цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.