Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотод “Дэлхийн стандарт Монголд” чанарын форум зохион байгуулагдаж байна. Форумын үйл ажиллагаанд Ворлд стандарт консалтинг, Монголын чанарын менежментийн холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг найман байгууллагын 10 гаран төлөөллүүд оролцож байна. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон, Тамгын газрын хэлтэс агентлагийн удирдах албан тушаалтнууд форумд оролцож байгаа юм. Форумыг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат үг хэллээ. Тэрээр манай аймгийн хэрэгжүүлж буй “Цахим Эрдэнэт – 1” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлж, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд төр болон бусад холбогдох чиг үүргийн үйл ажиллагаанд олон улсын стандартыг хэрэгжүүлж бодит үр дүн гаргахад энэхүү форумын зорилго оршиж байгаа гэдгийг онцоллоо. Засаг дарга С.Батжаргал: Бидэнд олон улсын стандартыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон зорилтын хүрээнд бид “Ухаалаг хот” болохоор олон ажлуудыг төлөвлөөд буй. Үүнийг хэрэгжүүлэх, олон улсын чанар стандартыг нэвтрүүлэх бодит үр дүн энэхүү форумаас гарна гэдэгт итгэлтэй байна. Орхон аймаг нь олон улсын стандарт буюу чанарын менежментийн тогтолцоог орон нутгаас анхлан нэвтрүүлсэн тэргүүн туршлагатай. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 20 гаруй төрийн байгууллага олон улсын чанар стандартыг мөрдөн ажиллаж байна гэлээ. Форумын үеэр: - Орхон аймгийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байдал - Орхон аймагт Олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлж буй байгууллагуудын нэгдсэн мэдээлэл - Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т Олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлэлт, нэвтрүүлж байгаа байдал - Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хэрэгжүүлсэн жишиг ОУ-ын чанарын стандартын туршлага - Орхон аймаг дахь НҮБ хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц - Эрдэнэт хотын чанарын дэд бүтэц зэрэг олон олон сэдвүүдээр илтгэл тавигдах бөгөөд нээлттэй зөвлөгөө асуулт хариулт явагдах юм.
