Орхон аймгийн Засаг даргын Даваа гараг бүрийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Аймгийн хэмжээнд “Соёлыг түгээе” сарын аян үргэлжилж байгаа бөгөөд үүнд 90 гаруй байгууллага нэгдэж, албан хаагчдаа төрөл бүрийн сургалтуудад хамруулах, аяны хүрээнд байгууллага дээрээ хийгдэж буй онцлог ажлуудыг сурталчлах, нийгэмд хандсан эерэг уриалгуудыг түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн өнгөрөгч 7 хоногт "Эрдэнэт хөгжил 2021" эдийн засгийн форум 2 өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд тус форумд танхимаар 352, цахимаар 781 хүн оролцож санал, зөвлөмж танилцууллаа. Энэ үеэр 5 хэлэлцүүлгийн хүрээнд 23 зөвлөмж гаргасан байна. Мөн "Цахим Эрдэнэт 1" хөтөлбөр болон "Мөөг кластер 4" , “Mongol made" төслүүд дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон "Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк" ОНӨААТҮГ хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурагдсан. Цаашид форумын хүрээнд төлөвлөгөө гаргаж тодорхой ажил болгон ажиллахаар шийдвэрлэсэн байна. Ирэх 2022 онд “Их шүтээн” цогцолборын уулын налуугийн даланг засварлах, Жаргалант сумын цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, А1001 авто замын дагуу “100 айл” худалдааны төвийн туслах зам, Спортын сургалттай сургуулийн зураг төсөв, Дэнж, Шанд багийн цогцолбор төвийн барилга, Лаборатори 8-р сургуулийн өргөтгөл, Эрдэнэ багаас Монгол ёс заншлын өргөө хүртэл авто замын зураг төсөв боловсруулах гэх мэт нэлээд олон бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн өнгөрөгч 7 хоногт аймгийн ЗДТГ-ын 70353511 дугаарын утсаар 41 иргэнээс санал хүсэлт ирсний 93.5 хувь нь шийдвэрлэгджээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд СӨХ-ны үйл ажиллагааг "Шилэн СӨХ" болгох талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй 40 орчим СӨХ-ийн удирдлага, иргэдийн төлөөлөл, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл, "UBcall", Юбикаб ХХК, "Homebook", Нобелсофт ХХК, Скайпрофейшнл Солюшн ХХК зэрэг байгууллагууд оролцсон байна. Жаргалант суманд намрын ургац хураалтын ажил дууссан талаар тус сумын Засаг дарга С.Зоригтбаяр шуурхай хуралдааны үеэр мэдээлсэн. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс зарим нэг байгууллагын удирдлагуудад тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Эрдэнэт хотын хог ачилтын ажлыг эрчимжүүлэх, "Эрдэнэт хөгжил 2021" эдийн засгийн форумаас гарсан санал, зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулах чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.
