“Манай Д.Энхболд мастер олон жилийн арвин баялаг туршлагатай, шилдэг баяжуулагчдын нэг. Аливаа ажилд өөриймсөг ханддаг, маш хөдөлмөрч хүн. Би энэ хүний налайгаад сууж байхыг нь ер хараагүй. Үргэлж л ямар нэгэн юм хийж явна. Хэн нэгний дэргэд очоод л зааж зураад л сургамж зөвлөгөө өгч байх дүр төрх их тод. Тэр баяжуулагчдын залгамж халааг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Гавьяат маань ядарсан зүдэрсэн хэнд ч ялгаагүй тус болж, ээлж хамт олныхоо төлөө сэтгэл, зүтгэлээ зориулж явдаг сайхан сэтгэлтэй хүн дээ” гэж Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир ярилаа.
Д.Энхболд гавьяат их зарчимч хүн. Тэр ажил таслах, хоцрох, назгайрахад туйлаас дургүй. Ажлын даалгавар өгөхдөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон технологийн дүрэм зааварчилгааг нэг бүрчлэн тайлбарладаг. Ажлын талбарт даалгавраа “гэнэдүүлэн” шалгадаг. Энэ нь залуусаа эрсдэлээс хамгаалж, аливааг ном ёсоор хийхэд сургаж буй аж. Гавьяаны амралтдаа суугаад хэдхэн сар болж буй ч ээлжийнхэн, хамт олон нь түүнийг санагалзан утсаар ярьж, үе үе гэрт нь ирж хууч хөөрч, хол ойрын сонин сайхнаас дуулгадаг гэсэн.
Эрдэнэт үйлдвэр бол Энхболд гавьяатын бахархал. Хаа ч явсан тэр үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, баялаг бүтээгчдийнхээ хөдөлмөр бүтээлийг магтдаг. Машин жолоодож яваад ажилчдын автобусны цуваатай таарах бүртээ зогсож хүндэтгэнэ. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй үйлдвэрийн маань ирээдүй үргэлжид гэрэлтэнэ гэж тэр итгэлтэй хэлэв. “Манайхны мөрөөдөл биеллээ олж, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжих гэж буйд туйлаас баяртай байгаа. Бидний баяжмал бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт очих тэр өдрийг тэсэж ядан хүлээж байна, гэсэн юм. Тэр “Эрдмин”-ний бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Хамт олны хөдөлмөр шингэсэн баяжмалаас бүтсэн эд зүйлс сэтгэлд нь өег байдаг аж.
Ажилчдад хос мэргэжил эзэмшүүлэх Баяжуулах үйлдвэрийн уламжлалыг хөхиүлэн дэмжиж, залуусыг уриалан дууддаг нэгэн бол Д.Энхболд гавьяат. Цар тахлын улмаас хүн хүч хомсдох хүндхэн үеийг хос мэргэжилтнүүдийнхээ ачаар аятайхан давж байгааг хараад тэр үйлдвэрийнхээ мэргэн бодлогоор бахархдаг.
Хүнд дэмтэй тустай, сайхан сэтгэлтэй байхын тод дүр нь Д.Энхболд. Зовлон зүдүүрт шаналж, тусламж эрсэн танихгүй нэгэнд ч, тоглоомоор дутаж буй бяцхан багачуудад ч тусламжийн гараа ямагт сунгана. Эгэл малчны борогдуу амьдралд өссөн хүү дутаж гачихыг амссан болохоор хүнд туслах сэтгэл хэзээд байдаг. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Дүгэр хэмээх малчны гурав дахь хүү нь Д.Энхболд. Эднийх малч, ажилсгаараа нутаг усандаа алдартай. Машины тэвш дүүрэн модыг дүүтэйгээ хоёрхон өдөрт хөрөөдчихдөг уйгагүй ажилсаг Д.Энхболдын багын зан одоо ч хэвээрээ. Түүнд ажил мундахгүй. Гэр ахуй, ач зээгийн хичээл давтуулахаас өгсүүлээд баг, СӨХ-ийн ажилд ч хүрэлцэж амжина. Мод тарих, зүлэг ургуулах, тохижилт, соёлжилтын ажлын эхэнд гавьяат маань явж л байна.
Эхэнд өгүүлснээр Эрдэнэтэд амьдрах мөрөөдлийнх нь хамгийн том шалтгаан, үйлдвэрийн ажилчин П.Оюун гэх шавилхан жаахан охин байж. Сэтгэлд уяатай, хайртай бүсгүйтэйгээ өрх тусгаарласаар өдгөө 40 дэх намартайгаа золгож байна. Одоо Энхболдынх охин, хүү, хүргэн, бэр, ач, зээ гээд өнөр олуулаа болсон. Гэргий нь Баяжуулах үйлдвэрт 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж яваа насосны машинч. Нягт нямбай, бүтээлч ажилсгаараа бас л хүндтэй нэгэн. Ууган охин Э.Соёлмаа Төрийн банканд салбарын захирал. Хүү Э.Эрдэнэбаяр Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтэн. Эрдэнэт үйлдвэрийн технологийн ээлжинд хамгийн олон жил ажилласан хос бол Д.Энхболд, П.Оюун нар. Ийнхүү энэ өнөр айлын тэргүүн Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Энхболд зорьсноо биелүүлж, залууст дуурайлалтай сайхан амьдралыг бүтээж явна.