“Exclusive” компанийн захирал, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Цар тахалын улмаас эдийн засаг “цусны эргэлтгүй” болсон тухай эдийн засагчид ярьж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээ болон бизнесийн салбараа хөл хорионд байлгалаа шүү дээ. Энэ хугацаанд тэтгэмж нэртэй халамжаар амь зогоосон гэхэд хилсдэхгүй. Тиймээс 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн бизнесийнхнээ дэмжиж ажлын байрыг хадгалахын зорьсон хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Гэхдээ бодит байдалд хэрэгжилт хангалтгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Таны бодлоор? 

-Цар тахалын үед ард иргэдийнхээ амьжиргааг тэтгэж халамжийн бодлого хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ “бай”-гаа онож буудсан уу гэдэг маш чухал. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковид гамшгийн хэмжээнд хүрсэн учраас онц байдал үүссэн. Дэлхий тэр чигтээ хөл алдаж ганхаж байхад монголчуудыг тойрч өнгөрөхгүй шүү дээ. Гэвч цар тахалын голомттой бараг хил залгаа амьдарч байсан ч жил гаруйн хугацаанд маш сайн барьж, хамгаалж чадсан нь том амжилт. 

Ямар ч зүйл хоёр талтай. Тухайн нөхцөл байдлыг ашиглаж чадах эсэх нь тухайн улс орны менежменттэй шууд холбоотой. Асуудалд хэрхэн хандаж байгаагаас олон зүйл хамаарна. Мэдээж коронвирусийг дарж, даван туулахын тулд ард түмэн төр засагтай хамтарч ажиллах хэрэгтэй. Бүх зүйлийг зөвхөн төр засаг хийх ёстой гээд байж болохгүй. Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг гэдгээ ухамсарлавал гомдоллож суух учиргүй. Харамсалтай нь хавтгайрсан халамжид дулдуйдсан залхуу улс болчихжээ. Энэ нь зөвхөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бий болсон зүйл биш шүү дээ. Төрийн хайр ивээл, халамжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд хүртэх ёстой. 

Гэтэл ажилгүйдлийн тэтгэмж аваад сууж байгаа хөдөлмөрийн насныханд заавал мөнгөн дэмжлэг үзүүлэх ёстой юу гээд бодвол гажуудал гэдгийг төвөггүй ойлгоно. Үнэн хэрэгтээ ажилгүй болсныхоо төлөө улсаас тэтгэмж авах зайлшгүй шаардлага бий юу. Яагаад ажилгүй болсон бэ гээд тодруулбал тэтгэмж авах шаардлагагүй нөхцөл байдал ч харагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэв ажил олдохгүй байгаа бол мэргэжлээ сольж өөр ажил хийх боломжтой. Тэгэхээр асуудлын зангилаа хувь хүнд байгаа юм шүү дээ. Түүнээс ажлын байрны нийлүүлэлт хангалттай байгаа. Харамсалтай нь ажиллах сонирхолтой хүн ховор учраас эрэлт алга. 

Төр ажилгүйдлийн тэтгэмж олгохын оронд анализ хийгээд хөрвөх чадвартай шийдвэр гаргах учиртай. Ажил хийсэн хүн л аливаа хөнгөлөлт эдлэж болно шүү дээ. Тухайлбал, хүүхдийг нь цэцэрлэгт дугаарлуулахгүйгээр, сугалаанд хамруулахгүйгээр оруулж болно. Мөн нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлж болно. Өөрөөр хэлбэл, ажил хийж байгаа хүн хямд эх үүсвэртэй ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бусдаас давуу байж болох юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэхдээ ч мөн давуу эрх эдэлж болно шүү дээ. Энэ мэтчилэн ажил хийх зайлшгүй шаардлага тулгарсныг хүчээр биш хөшүүрэгдэж ойлгуулах механизм ажиллах хэрэгтэй. 

-Хэдийгээр ковидын тархалтыг бууруулахын тулд хөл хорио тогтоож байгаа ч зарим салбарт бизнесийнхэн ажиллах боломжтой болсон. Тухайлбал, барилгын салбарынхан ажиллах хүч дутаж байгаа талаар ярих болжээ? 

-Би нэг л зүйлийг хэлье. Өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байгаа нь гашуун үнэн. Энэ бол эмгэнэл. Монгол Улсыг Бат гэдэг айлтай зүйрлэе. Батынх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гэхдээ өрхийн тэргүүн огт ажил хийдэггүй учраас хэрхэн амь зуух вэ. Магадгүй гэртээ байгаа өөдтэй, өнгөтэй бүрээ зарж дуусгах байх. Тэгээд цаашид яаж амьдрах вэ. Би хүн бүр, дор бүрнээ хөдөлмөрлөх ёстой гэж боддог. 

Эдийн засаг хүндрэлтэй үеийг давж гарахын тулд аж ахуйн нэгжүүд дор бүрнээ ажлын байраа хадгалж үлдэхийн тулд маш их хичээж байгаа. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэл яагаад хөгжих ёстой вэ гэдгийг байнга л ярьдаг. Гэхдээ төдийлөн ойшоож байгаагүй гэвэл хилсдэхгүй байх. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гамшгийн хэмжээнд хүрч, монголчууд өртөж хүнд байдалд байгаа ч үйлдвэрлэл хөгжих ёстой гэдгийг тод, томруунаар харуулсан гэж бодож байна. 

Учир нь үйлдвэрлэл хөгжсөн орнууд цар тахалын нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан. Жишээлбэл, Америк, Герман, Хятад улсын эдийн засаг тэлсэн шүү дээ. Энэ нь ямар ч үед хөрвөх чадвар сайн байгааг илтгэнэ. Ялангуяа ард иргэдийнх нь чадамжийг илэрхийлж байгаа хэрэг. Тухайлбал, Хятадын үйлдвэрлэгчид хүссэн ч эс хүссэн ч корона вирустэй дасан зохицож амьдрахын тулд өөрсдийгөө хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Вирусээс хамгаалах материал үйлдвэрлэж эхэлсэн нь ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нь болж байна. Ер нь хорвоо дээр үнэгүй юм гэж хэзээ ч байхгүй. 

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хил, гааль хаалттай байх үед дотоодын бизнес идэвхжих, үйлдвэрлэлээ хөгжүүлэх гарц байсан гэж хэлэх гээд байна уу? 

-Муу зүйлд ч сайн тал бий. Бид нөхцөл байдлыг ойлгож дотоодын үйлдвэрлэлийн боломжоо нэмэгдүүлэх, шинэ санаачлага гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Тухайлбал, манай үйлдвэр өнгөрсөн хугацаанд хамгаалалтын хувцас, халад үйлдвэрлэсэн. Гэхдээ төрийн худалдан авалт байгаагүй. УОК, НОК, ЭМЯ бүгд хамгаалалтын хувцас хэрэглэл өдөр тутамдаа өмсч байгаа. Үүнийг импортоор оруулж ирсэн. Мөнгөө гадагш урсгахгүй гэдэг атлаа дотоодоос худалдаж авах дургүй. Үнэндээ Монголд үйлдвэрлэл хөгжихийн тулд төрийн худалдан авалтын дэмжлэг дутаж байгааг маш тод харуулсан шүү дээ. Тиймээс л би манай улсын төрийн бодлого үйлдвэрлэлд халгаатай байна гээд шүүмжлээд байгаа юм. 

Жижиг, дунд үйлдвэрлэл яагаад хөгжих ёстой вэ гэдгийг манай компани үйлдлээрээ баталсан. Өөрөөр хэлбэл, энгийн өдөр тутмын хувцас хийж байсан үйлдвэр цар тахалын нөхцөл байдалтай уялдан дэлхийн стандартын дагуу хамгаалалтын хувцас үйлдвэрлэсэн. Хамгаалалтын хувцас үйлдвэрлэлийн олон улсын стандартыг эх орондоо оруулж ирж батлуулж чадлаа. Тусгай зөвшөөрлийг нь ч авсан. Тэр ч бүү хэл бидний үйлдвэрлэсэн хувцсыг Польш, Орос улсаас худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд бид гэрээ хүртэл хийсэн юм шүү дээ. Харамсалтай нь дотоодод хамгаалалтын хувцасны стандарт байхгүйгээс гэрээг цуцлагдахаас аргагүй байдалд хүрсэн. Нэгэнт том гэрээ хийсэн учраас борлуулалтаа алдахгүй байхын тулд хичээнгүйлэн хөөцөлдсөөр хамгаалалтын хувцасны Монголын стандартыг батлуулсан. Мэдээж дөрвөн сарын хугацаа зарцуулсан учраас цар тахалын ид дэгдэлтийн үед хүлээх боломжгүй байснаа хамтрагчид маань хэлсэн юм. Бид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад борлуулах боломжтой байсан хэдий ч төрийнхний хойрго байдлаас боломжоо алдсандаа харамсдаг.  

Гэтэл үйлдвэрлэгч орон бол төрийн худалдан авалтаар үйлдвэрлэлээ дэмжээд илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нь бүрдүүлж өгч байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хүчирхэг үйлдвэрлэгчидтэй улс орон ямар ч эрсдэлийг даван туулах чадвар бусдаас илүү байдгийг илтгэж байгаа хэрэг. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ зогсоохгүй хичээн зүтгэж байгаагийн цаад учир үйлдвэрлэгчид улс орныг эдийн засаг, аюулгүй байдлын хувьд ажралгүй давах чадвартай гэдгийг харуулахыг хүсч байгаа юм. 

-Үйлдвэрлэгч бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанар, загварт нь анхаарч байх хэрэгтэй. Заавал улс төр хийх шаардлагагүй гэдэг шүүмжлэл таныг байнга дагадаг шүү дээ? 

-Хэрэв улстөрчдийн гаргаж байгаа шийдвэр миний ажил, амьдралд саад учруулж байгаа бол би шүүмжилсээр байх болно. Улстөрчдийн гаргасан шийдвэрийн “гор”-ыг ард түмэн амсдаг. Жишээлбэл, цар тахалаас үүдэн хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмсэн. Мэдээж хуваарилалт нь зөв байснаар эерэг үр дүн гарна. Харин хавтгайруулан олгох хэрэг байсан уу гэдэг бас бодох л асуудал. Вакцин хийлгэсэн гээд 50 мянган төгрөг, хөл хорионд орох гэж байна гээд хүн тус бүрт 300 мянган төгрөг. Энэ мэтчилэн тэтгэмж нэртэй хавтгайруулсан халамж инфляцийг нэмж, хүмүүсийн хэтэвч дэх мөнгийг үнэгүйдүүлж байгаа юм. 

Ийм шийдвэр гаргаад байхад би шүүмжилж хэлэхгүй өнгөрөх арга үнэндээ байхгүй. Энэ бүгдийг зөвхөн өөрийнхөө төлөө хэлээд байгаа юм биш шүү дээ. Хавтгайруулж олгосон бэлэн мөнгөний уршгийг бүх нийтээрээ амсана. Тиймээс хүн бүр улстөржих хэрэгтэй гэж боддог. Таны хийж байгаа ажилд төрөөс гаргасан шийдвэр зохицохгүй, зөрчилдөж байвал асуудал байгааг илтгэнэ. Жишээлбэл, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хийж эхэлсэн. Гэтэл Ковидын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан байдаг юм. Тэр хуульд зааснаар эм эмнэлгийн хэрэгсэл, ковидын үед бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан түүхий эд материал, тоног төхөөрөмж, туслах материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн. Тиймээс үйлдвэрлэгчдийн хувьд хамгаалалтын хувцас үйлдвэрлэх боломж бүрдсэн юм. Тухайн үед бэлэн бүтээгдэхүүн импортоор авахад ч мөн татвараас чөлөөлсөн. Энэ нь зөв шийдвэр байсан. Гэтэл 2020 оны 12 сарын сүүлчээр хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн хэсгийг хассан. 

-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн эсрэг үйлдэл болж байгаа хэрэг биш үү? 

-Бидний бухимдаж байгаа зүйл ердөө энэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж амаараа ярьчихаад хачир дээрээ боомилсон шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэсэнтэй ялгаагүй шийдвэр гаргаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн хуулийн талаар хэн ч дуугарахгүй юм. Бид хүлцэнгүй байснаар мөхөл рүү дөхнө. Тиймээс л “тэмцэгч Мааяа” болж харагдаад байна. Миний хувьд хүндэтгэх шалтгаан байгаа учраас энэ бүхнийг хэлж яриад яваад байя гэж бодсонгүй. Гэхдээ дуугүй суугаад байж бас болохгүй байна шүү дээ. Төр нь үйлдвэрлэгчийнхээ эсрэг хууль гаргаж байгаа учраас Монголд яаж үйлдвэрлэл хөгжих вэ. 

-Танай үйлдвэр хамгаалалтын хувцас үйлдвэрлэснээс хойш худалдан авагч нь хэн байсан бэ. Борлуулалт ямар төвшинд байна? 

-Энэ хувцасны худалдан авагч нь жирийн иргэн биш. Хамгаалалтын хувцасны хамгийн том худалдан авагч нь аль ч улсын төр. Тухайлбал, ЭМЯ, цэрэг, цагдаа, УОК, НОК гээд. Гэхдээ 2020 онд ЭМЯ, УОК өгч байгаагүй. Харин сүүлд УОК-ын дарга солигдсоноор үндэсний үйлдвэрлэгч хамгаалалтын хувцас хийж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд худалдан авалтынхаа тендерт оролцуулсан. Мөн ЭМЯ-ны тендерт оролцсон боловч ялагдсан. Учир нь үнээр өрсөлдөж чадсангүй. Үнэн хэрэгтээ гомдолтой байгаа юм. Хятадын үйлдвэрлэгч, Монголын үйлдвэрлэгч хоёрыг ижил хэмжээтэй жингийн туухай тавиад хэмжвэл дүр зураг өөр харагдана. Импортын бүтээгдэхүүн татваргүй орж ирэх учраас үнэ хямд байх боломж бүрдсэн. Гэтэл дотоодын үйлдвэрлэгч эцсийн бүтээгдэхүүнийг өртөг шингээж гаргаж байна. Үүнд мэдээж татвар том нөлөө үзүүлж байгаа юм шүү дээ. 

-Ажлын байрыг хадгалах, бизнесээ дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа 10 их наядын цогц хөтөлбөр үр дүнгээ өгч байна уу? 

-Үнэхээр бизнесээ, үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол төрийн худалдан авалт хийх нь маш чухал. Бага хувийн хүүтэй зээл олгосноор ажлын байр дэмжигдэнэ гэж байхгүй. Хамгийн гол нь тэгш боломж олгох хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр түүнийг дагаад мянга, мянган ажлын байр бий болно. Жишээлбэл, Монголд 100 хувь, дэлхийн стандарт шаардлагад нийцсэн хамгаалалтын хувцас үйлдвэрлэж болохыг манай үйлдвэрийн хамт олон харуулж чадлаа. Бидний үйлдвэрлэсэн хувцсыг төрийн худалдан авалтаар борлуулж чадвал одоо байгаагаас хэд дахин олон ажлын байр бий болгох боломжтой. 

Дээр хэлсэнчлэн ажил хийх хүн олдохгүй байгаагийн гол шалтгаан хавтгайруулсан халамж. Ажлын байрыг үнэхээр дэмжих гэж байгаа бол туйлширсан халамжийг багасгах хэрэгтэй. Тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс илүүтэй хэрхэн ажил хийх хүсэл сонирхолтой болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.