Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж байна. Булган аймгийн Засаг дарга Б.Ариунэрдэнэ , Онцгой байдлын дэд дарга Д.Ууганбаяр , Эрүүл мэндийн газрын дарга С. Нарантуяа нар цахим хуралд оролцож байна. Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , МУ-ын шадар сайд С. Амарсайхан Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Булган аймгийн хувьд вакцинжуулалтанд хамрагдалтаараа улсдаа дээгүүрт 1-тундаа хамрагдалт 94 хувь буюу 38 317 иргэн хамрагдсан бол 2-р тундаа 29 962 иргэн хамрагдаж 73,5 хувь нийт 68 317 иргэн вакцинд хамрагдаад байна.



 
 
 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.