
Тэрбээр ОХУ-ын Украйны Одесс хотод мэргэжил эзэмшээд Зүүнхараагийн Спиртийн үйлдвэрт нарийн хэмжүүрийн засварчин, цахилгаанчнаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ хамт олноосоо их юм сурсан гэх. Хилийн цэргийн 0151-р ангид Холбооны тусгай батальонд цэргийн алба хаахдаа салаан захирагчийн орлогч, эвлэлийн үүрийн дарга явсан жаатай эр. Эндээс ахлах түрүүч цолтой халагджээ. Ангийн тэргүүний салаа, рот болоход өөрийн авьяас чадвараа дайчлан зохих үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Д.Сүхбаатарын нэрэмжит танхимыг тохижуулж, том самбар дээр лоозон бичиж явсан гэгээн дурсамжаа сөхөв. 1989-2003 он хүртэл Спиртийнхээ үйлдвэрт эргэн ажиллаж, 2003 оноос Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн хэмжил зүйн албанд засварчнаар ажиллаж байна. Түүний гарын ур чадварыг үнэлж, танилцсан хүний нэг нь Авто тээврийн цехийн дарга асан Г.Сономдорж. Энэ эрхэм, нагац ах хоёр нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болох замынх нь анхны шанг татжээ. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж байгаа цахилгааны бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгаж, засвар тохируулга хийн баталгаажуулдаг Чанарын хяналтын хэлтэст тэр нарийн хэмжүүрийн засварчнаар ажилладаг. Нэг тоолуурт тохируулга хийхэд нэлээн цаг хугацаа зарцуулах жишээтэй. Мөнхүү тоолуур, газардуулга, ампер метр гэх мэт бүх төрлийн хэмжүүрүүд ирнэ. Энэ бүгдэд засвар үйлчилгээ хийдгээрээ түүний мэргэжил онцлогтой. Аливаа хүнд ямар нэг юмыг хийж сэтгэх сонирхол байх ёстой. Үүнээс үүдэлтэй хүний хичээл зүтгэлээр дамжин, авьяас хөдөлмөрийн үр шим хэзээ нэг цагт гардаг. Тэр үүнийг ажил, амьдралаараа баталж яваа нэгэн. Мод, чулуу, төмрөөр гарт баригдан нүдэнд харагдахаар бүтээл урладаг уран бүтээлч бол Ц.Энхтөр.Тэрбээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шаардлагатай зүйлүүд дээр судалгаа хийж, олон ажил санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал, хуучин Шатаах зуухыг шинэчлэн дахин ашиглаж, олон сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Нэг зуух худалдан авахад 10 сая төгрөг зарцуулдаг. Таван сая төгрөгийн зардал гарган дөрвөн зуух ашиглалтад оруулсан байна. Нэг удаа явахдаа 80, 100 килограммын жинтэй туухайнуудыг гараар зөөдөг байж. Энэ үйлдлийг байнга хийдэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний хувь тогтоолгосон тохиолдол ч гарчээ. Ууц, нуруугаар нь өвдөж, хөлийнх нь нум хүнд гэмтсэн оноштой. Иймээс туухай зөөх тэргэнцэр санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилжээ. Ажлын байрандаа хоёулаа ажилладаг. Цахилгаан хэрэгслийн бүх төрлийн гэмтлийг засаж, тохируулж шалгана. Нарийн хэмжүүрийн засварчин Ц.Энхтөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Бүтээлч санаачлагч” сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад таван удаа шалгарсан ажилтан. Түүний өрөөнд ороход цэцгийн болон хэмжүүрийн тавиур, штанг, турник, хогийн сав зэргийг хаягдал материал ашиглаж хийсэн байх жишээтэй. Ширээн дээр хөглөрөн хэвтэх 3 пазын утсуудыг өнгө өнгөөр нь ялган, эмхлэн өлгөсөн харагдах. Энэ бүхэн энгийн мөртлөө ажлын байрны эмх цэгц юм. Одоо тэр бас нэгэн шинэ ажил үйлс сэтгэж хийхээр санаачлан яваа гэдэгт итгэнэм. Шинийг санаачлагч...
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС