ХАБЭА-н удирдлагын тогтолцооны тухай тулгуур журмыг шинэчилж байна

10/03/2021 490

     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н үйл ажиллагаанд ISO 45001:2018 шинэ стандарт нэвтрүүлж буйтай холбогдуулан үйлдвэрийн ХАБЭА-н “Удирдлагын тогтолцооны тухай” үндсэн журмыг шинэчлэх ажил эхэлснийг тус хэлтсийн орлогч Б.Баттайван мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрт 2020 он хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг олон улсын OHSAS 18001 стандартад нийцүүлэн мөрдөж байв. Харин энэ стандартын хугацаа дуусаж,  ISO 45001:2018 шинэ стандарт батлагдсантай холбогдуулан үүнийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил тус үйлдвэрийн хэмжээнд үргэлжилж байна. Энэ хүрээнд мэргэжилтнүүд зөвлөх үйлчилгээ авч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зарим баримт бичгийг шинэчлэн боловсруулж байна. Тухайлбал, үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан шийдвэрийн дагуу  ISO 45001:2018 стандартад нийцүүлэн 26 төрлийн бичиг баримтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын бүрэлдэхүүнд бүтцийн цех нэгжийн холбогдох төлөөллүүд багтаж, ХАБЭА-н дүрэм зааврыг шинэчлэх талаар цуврал зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журам шинэчлэгдэхийн зэрэгцээ ISO 45001:2018 стандарт нэвтрүүлэх бэлтгэл бүрэн хангагдаж, дараагийн шатны баталгаажуулах ажил хийгдэх аж. Шинэ стандарт нэвтрүүлснээр ХАБЭА-н ажиллагаа сайжрах, ажилтны манлайлал оролцоо өргөжих, хяналт шалгалтын чанар дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.