Залуусын гэх тодотголтой Дархан хотод Дарханы оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААДАМ 2023” 12-р сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Гоцлол дуу, ардын бүжиг, хамтлаг дуу, чөлөөт бүжиг, чөлөөт үзүүлбэр, цэнгээнт бүжиг, язгуур урлаг гэсэн нийт 7 төрөлд Дархан хотын их дээд сургууль, коллежууд өрсөлдөж, шилдгийн шилдгүүдийг шалгаруулах юм.

Энэ жилийн хувьд тус наадам чөлөөт үзүүлбэр төрөл нэмэгдэж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.

20 дахь удаагаа зохион байгуулж буй наадмыг Дарханы Оюутны Холбоо, аймаг сумдын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Улаанбаатар хотоос мэргэжлийн уран бүтээлч, шүүгчид ирж шүүн явуулж байна.

Цар тахлын улмаас 3 жил завсардсанаас хойш 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадам оюутан залуусын урлагийн мэдрэмж, гоо зүйн мэдлэг, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нөлөөлөх зорилготой юм.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, АШУҮИС-ийн Дархан дахь анагаах ухааны сургууль, ХААИС-ийн харъяа Агроэкологи бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургууль, Мандах их сургуулийн салбар сургууль, Дархан дээд сургууль, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж, Дархан өргөө политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг нийт 9 сургуулийн 400 гаруй оюутнууд авъяасаараа өрсөлдөж байна.

Оролцож буй нийт Их дээд сургууль, коллежуудын оюутан залуустаа амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.