“Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн түншлэлийн төлөөлөгчид БОАЖЯ-ны урилгаар Монгол Улсад ажиллаж байна.Монгол Улс 2017 оны нэгдүгээр сард ҮТХН-ийн Түншлэлд нэгдэн орсон. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаанд Монгол Улс манлайлан оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7%-иар бууруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд эрчим хүчний үйлдвэрлэл, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хог хаягдал зэрэг асуудлыг хөндөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнүүдэд төвлөрч байгаа юм.Мөн мал аж ахуй, бэлчээр, газар тариалан, усны нөөц, ойн нөөц, биологийн төрөл зүйл, байгалийн гамшигт үзэгдэл, хүн амын эрүүл мэнд, амьжиргаа, нийгмийн хамгаалал зэрэг чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг тусгасан. “Монгол Улсын ҮТХН-ийн арга хэмжээний төлөвлөгөөг дэмжин ажиллаж буй олон улсын байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дотоод болон донор байгууллагуудын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад чухал дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой” гэдгийг ҮТХН-ийн Түншлэлийн Монгол улс дахь төлөөлөгч, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор Ш.Цэрэндулам нээлтийн үгэндээ дурдав. Мөн “Нэгдмэл хүчин чармайлт, харилцан итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажиллагаагаар бид Монгол Улсын тогтвортой ирээдүйг цогцлоон, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй туршлагаар дэлхийн хэмжээнд жишиг улс болох боломжтой” гэдгийг онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.