Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 3 дахь жилдээ “Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтаар Байгаль орчны салбарт Монгол Улс нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдааг хангах, гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжилт үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй аюул, хор хохирол нь дэлхий нийтийн хэмжээнд агаар мандал, далай тэнгис, мөсөн давхарга, шим мандалд өргөн хүрээнд хурдацтай өөрчлөлтүүдийг бий болгож  байна. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өнцөг булан бүрд цаг агаар, уур амьсгалын эрс тэс нөхцөлийг бий болгож үүнтэй холбоотой биологийн олон янз байдлын хомсдол болон байгаль орчинд нүүрлэж буй бохирдол, гарз хохирлыг эрчимжүүлж буй нөхцөлд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй хариу арга хэмжээнүүдээ эрчимжүүлж байна. Үүний нэгэн адил Монгол улс нь газар зүйн байршил, байгаль цаг уур, экосистемийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг улс орны нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад эрчимжүүлэх онцгой шаардлага тулгарч буй юм.

Тус бодлогын хэлэлцүүлэгийн үеэр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтууд, үндэсний хэмжээнд өөрийн орны онцлогт суурилсан бодлогын хэрэгжилтийн салбар дундын оролцоог хангаж, зохицуулалт, уялдаа холбооны ач холбогдлыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлүүдэд анхаарах шаардлагатайг харгалзан төрийн захиргааны төв байгууллагууд өнөөгийн бодит нөхцөл байдал, шийдэлд хүрэхгүй байгаа асуудлаар зөвшилцөх, хэрэгжилтийг хангах сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах боломжит бүхий л санал санаачилга, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, амжилттай хэрэгжиж буй санал санаачилгын хэрэгжилтийг дэмжин онцгой анхаарахыг талуудаас хүсэж тодорхой чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.