ИХЭНХ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Үүнд:• Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст,• Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, • Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. • Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД: • Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай. • Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. • Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. • Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. • Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.Иймд:-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.