“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар, стандарт, итгэмжлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Чанарын хяналтын хэлтсээс цуврал сургалт зохион байгуулав. Сургалтаар “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, “Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага“ стандартуудыг танилцуулсан байна. Сургалтад нийт 250 гаруй ажилтан хамрагдаж, Олон улсын үнэлгээний аудитор, сургагч багш С.Ганцэцэг, Монгол улсын зөвлөх инженер, үнэлгээний тэргүүлэх аудитор Д.Оюунчимэг нар хичээл заав.
Эрдэнэт үйлдвэрт “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагаар Үндэсний итгэмжлэгдсэн төвийн Тохирлын үнэлгээний арван байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн “Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага“ стандартын шаардлагаар Үндэсний итгэмжлэгдсэн төвөөр итгэмжлэгдсэн техникийн хяналтын хоёр байгууллага ажилладаг аж.
Эрдэнэт цогцолбор дээд сургуультай хамтран зохион байгуулж буй эл сургалтад хамрагдсан оролцогчид тохирлын үнэлгээний талаар мэдлэг нэмэх, үйлчлүүлэгч байгууллага болон хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ ба хүлээлтийг шинжлэн тодорхойлох, хэрэглэгчийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ойлгох, лабораториудын техникийн ур чадвар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, мониторинг, үнэлгээг хийх, Баталгаажсан, хүчин төгөлдөр үр дүнг тогтвортойгоор гаргах чадварыг сайжруулах, хяналтын байгууллага, лабораториудын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлд учирч буй бэрхшээлийн талаарх асуудлыг тодорхойлж, эрсдэл ба боломжид тулгуурлан сайжруулах зэрэг чадамжийн шаардлагыг хангаж байгаа юм байна.