DPUB2 төслийн хүрээнд зохион байгуулсан Япон дахь сургалтын тайлан №3 “Сурсан зүйлээ улам бататгаж, Монголд буцсаныхаа дараа хэрхэн ажиллах талаар тус тусын төлөвлөгөөгөө боловсрууллаа”

Энэ оны 2-р сард Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ААНБ-ын холбогдох хүмүүс Япон улсад очиж, Осака хотноо Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцооны талаарх сургалтад хамрагдав. Цуврал нийтлэлийн эхний /https://ikon.mn/n/2uec/ болон хоёр дахь нийтлэл /https://ikon.mn/n/2ug9/-ийн үргэлжлэл болох төгсгөлийн гурав дахь нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Японы олон дамжлага бүхий, нарийн нягт дэмжлэгийн тогтолцоо

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг JEED байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил хайж буй хүмүүст дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэн батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хариуцаж, ажлын байрны төлбөрийг гол санхүүжилтийн эх үүсвэр болгож байна.

Кобэ хотод байрлах Жайка-Кансай төвийн хурлын танхимд DPUB2 төслийн ахлах зөвлөх Чиба Хисао оролцогчдод сургалт эхлэхийн өмнө яриа хийв. 3 өдөр үргэлжилсэн лекц, байгууллагуудтай танилцсан аялал дээрээ үндэслэн сурсан зүйлээ бататган багийн ярилцлага болон бататгал хичээл хийх өдөр бөгөөд сургалтад оролцогчид сургалт эхлэхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаар дахин нэгдсэн ойлголт өгч, тус бүрийн үүсэл хөгжил болон үүрэг хариуцлагын талаар ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь зориулж хамгийн эхэнд тайлбар хийсэн нь энэ байлаа.

Чиба зөвлөх яриандаа “JEED байгууллагын салбар муж бүрд байгуулагдсаны нэг нь сургалтын 3 дахь өдөр очиж танилцсан Осака хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын төв бөгөөд улсын хэмжээнд нийт 52 төв байдаг байна. JEED болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санхүүгийн дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэг бол Осака хотын мэргэжлийн сэргээн засах төв юм.

Орон нутагт суурилсан дэмжлэг явуулахын тулд улсын хэмжээгээр нийт 334 газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон амьдралд дэмжлэг үзүүлэх төвүүдийг ч байгуулжээ” гэж Японы дэмжлэгийн тогтолцооны талаар ойлгомжтой байдлаар тайлбарласан юм. Мөн “Кашима Юүайкай” шиг хөдөлмөрт шилжихэд дэмжих болон үргэлжилсэн дэмжлэг үзүүлж буй орон нутаг төвтэй байгууллага улсын хэмжээнд 12000 гаруй байдаг” гэв.

4 багт хуваагдаж, сурсан зүйлээ Монголд хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөв 

Сургалтад оролцогчид 1-рт, Ажлын байрны төлбөр, 2-рт, ААНБ-д хэрхэн нөлөөлөх, 3-рт, Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо, 4-рт, Гэрээлэн гүйцэтгүүлэх тогтолцоог сайжруулах гэсэн сэдвийн хүрээнд багт хуваагдан Монголд хэрхэн хэрэгжүүлэх тухай үйл ажиллагааны төлөвлөгөө гарган саналаа солилцов.

Багийн ярилцлагад зөвлөхөөр оролцсон Сакаи багшийн зүгээс жишээлбэл, ААНБ-д нөлөөлөх талаар хэлэлцэж байсан 2-р багийнханд хандан “Монголд ямар салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаараа эхлээд бодож үзэх хэрэгтэй” гэсэн асуудал дэвшүүлж мэтгэлцээнийг эхлүүлэв. Багийн гишүүдийн зүгээс “Нөлөөллийн ажил хийх тохиолдолд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?” гэсэн асуултад “Нөлөөллийн ажил бол гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах байгууллагагүйгээр хийх боломжгүй зүйл юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулснаар ийм ийм сайн талууд байсан гэсэн байгууллагын зүгээс сурталчлах явдал юу юунаас илүү чухал зүйл юм” гэж хэлэв.

“Засаг захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран энэ талаар сурталчлах нь үр дүнтэй байж магадгүй” гэж хэлээд Малайз улсад засаг захиргааны байгууллага нь томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд оруулах нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн талаар нийт улсын хэмжээнд сурталчлан таниулснаар ААНБ хооронд харилцаа холбоо үүсэж, нөлөөллийн томоохон хүрээлэл үүссэн тухай ярьж өгөв. 

Мөн 3-р баг болох Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тогтолцооны талаар хэлэлцсэн багийн гишүүдэд хандаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харахдаа, чадахгүй зүйл болон асуудалд анхаарал хандуулах бус аль болох юу чаддаг вэ гэдгийг нь олж харж, тухайн хүний давуу талыг ажилтай нь холбох чухал юм” гэдгийг онцлов. Үргэлжлүүлэн “Ялангуяа оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд ахуй амьдрал дээрээ асуудалтай бол ажил мэргэжилд нь нөлөөлж, эсрэгээрээ ажилдаа идэвхгүй байх зэргээр сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг” гээд “Ажилд орсон ч гэсэн ахуй амьдрал гээд аль аль талыг нь тогтвортой тайван байлгах тал дээр анхаарах шаардлагатай байдаг”, “Ажлын байран дээр дарга удирдлага, хамтрагч нар нь өөрчлөгдөх, хэрэглэдэг багаж хэрэгсэл нь өөрчлөгдөх гэх мэт өөрчлөлт байнга гарч байдаг. Эдгээр өөрчлөлтөд дасан зохицохдоо муу хүмүүсийг ажлын байрны дадлагажуулагч нар анзаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг” гэж ярив.

Бас “Японд ААНБ хамтран охин компани байгуулсан жишээ байдаг уу?” гэсэн асуултад “Томоохон компанийн хувьд нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг тул, өөр бусад компанитай тусгай хамтарсан компани байгуулах нь хуулийн хүрээнд боломжгүй юм. Жижиг дунд компанийн хувьд өөрийн компанидаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах нь ихэнхдээ хүндрэлтэй байдаг учир орон нутагт хамтарсан зөвлөл байгуулж, компани тус бүр бий болгосон ажлын байрандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж тус тусын ажилтныхаа тоон дээр нэмж тооцож явдаг жишээ байна” гэж танилцуулав.

Мөн “Японы ажлын байрны дадлагажуулагч нь нэг удаагийн сургалтад хамрагдаж сертификат аваад цаашид хугацааг нь сунгах юм уу, дахин сургалтад хамрагдах шаардлагатай байдаг уу” гэсэн асуултад “Японд ч гэсэн одоо энэ талаар яригдаж байгаа бөгөөд ахисан түвшний сургалт зохион байгуулах шаардлагатай талаар судлагдаж байна” хэмээн хариулав.

Гарын авлага хийхийн ач холбогдол

Дөрвөн баг үдийн хоолны дараа ч яриагаа үргэлжлүүлж, сүүлийн минут хүртэл идэвхтэй мэтгэлцээн өрнүүлж, Монголд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар төлөвлөгөөгөө нэгтгэн гаргалаа. Баг бүрийн төлөөлөл бусад багийн гишүүдэд өөрсдийн дүгнэлтээ танилцуулав.

Танилцуулгаар, ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог нэвтрүүлэх болон нөлөөллийн ажлын талаар ААНБ төдийгүй нийгмийн халамжийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн судлаачдыг хамруулах нь зүйтэй юм гэсэн санал болон ажлын байрны дадлагажуулагчтай холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэх мэт саналыг дэвшүүлж байлаа. Мөн мэргэжлийн хэрэгжүүлэгч байгууллага “Job coach network Mongolia”-г шинээр байгуулж, ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагаа болон ажилд ороход дэмжлэг үзүүлэх ажилд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ямар вэ гэсэн санаанууд дэвшүүлж байв.    

Мөн үйлчилгээний байгууллага болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрүүдээс гурван компани сонгож, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахад боломжтой эсэх дээр үнэлгээ хийсний үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд оруулбал ямар вэ, Япон болон Малайзын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг олон тоогоор ажиллуулж хуулийн квотоо хангасан ААНБ-ын сайн жишээг сурталчлах, Хуулиар заасан квотын талаар нийтэд ойлголт өгөх үйл ажиллагааг зохион байгуулах, Хуулийн квотоо хангасан байгууллагад шагнал урамшуулал олгох зэрэг санал дэвшүүлсэн багууд ч байлаа. 

Дөрвөн багийн танилцуулга дуусахад төслийн ахлах зөвлөх Чиба “Олон цаг идэвхтэй мэтгэлцэж, олон сайхан санал дэвшүүлсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний дэвшүүлсэн санал нэг бүртэй би ч мөн санал нэг байна” гээд “Цаашид гарын авлага хийх ажил дээр хамтарч ажиллацгаая” хэмээн уриалав. Ахлах зөвлөх ингэж хэлсэн нь ч учиртай. Монголд хуульд заасан квотоо хангасан байгууллагад урамшуулал болон татварын хөнгөлөлт, татвараас чөлөөлөх зэрэг хуулийн заалтууд байдаг боловч бодит байдал дээр эдгээр хуулийн заалтуудын талаар байгууллагуудад мэддэггүй, эсвэл эдгээрт хамрагдахад процессын хувьд төвөгтэй байдаг гэх мэт шалтгаануудын улмаас ихэнх тохиолдолд хэрэгждэггүй байна. ААНБ-уудад зөвхөн ажлын байрны төлбөр төлөх тухай шаардах бус урамшууллын тогтолцоо, татвараас хөнгөлөгдөх болон чөлөөлөгдөх гэсэн тухайн байгууллагад ашигтай тогтолцоо болон ажлын байрны дэмжлэгийн үйлчилгээ байдаг талаар цогц ойлголт өгч чадвал ААНБ илүү анхаарал тавьж ажиллах нь ойлгомжтой. Ашиглахад хялбар, ойлгомжтой гарын авлага байвал ажлын байрны дадлагажуулагч ААНБ дээр очиж уулзах үед үүрэг хариуцлагаас гадна давуу талууд байгааг ч ойлгуулах боломжтой бөгөөд байгууллагын ойлголт хандлага сайжирч, байгууллага дотроо зөв ойлголтыг бий болгоход ч ач холбогдолтой юм. Ингэсэн ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй ажилтныг авч ажиллуулаагүй байгууллагын тухайд ажлын байрны төлбөрөө төлөх шаардлагатай.

“Нэг л гарын авлага бэлтгээд гаргачих юм бол ажлын байрны дадлагажуулагчаас ААНБ-д, ААНБ-аас засаг захиргааны байгууллагад гэсэн эргэх холбоо бий болно гэж найдаж байна” гэсэн Чиба зөвлөхийн яриаг оролцогчид анхааралтай сонсож байлаа.    

Тус тусын байр сууринаас олж харсан зүйлс олон байв

Сургалтаа дуусгасан оролцогчдын царайгаас сэтгэл хангалуун байдал, өөр өөрийн байр сууринаас анзаарч ойлгосон зүйл ихтэй, урамтай байгаа нь мэдрэгдэж байв.зураг Тунгалагтамир дарга Сакаи багшийн хамт

ХНХЯ-ны хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Маш их зүйл ойлгож мэдсэн сургалт байлаа” гээд ялангуяа хамгийн сэтгэлд хоногшсон зүйлийнхээ тухай “Тусгай охин компани гэдэг ойлголт Монголд хараахан байхгүй байгаа бөгөөд өмнө нь огт сонсож байгаагүй маш сонирхол татсан  цоо шинэ мэдээлэл байлаа” гээд үргэлжлүүлэн “Төр үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг “Мэргэжлийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаа ч гэсэн Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж харлаа” гэв.

Мөн Япон улс нь Монголоос өмнө Малайз улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх ажлыг хийж ирсэн талаар дурдаад “Япон улс болон Малайз улсын урт удаан хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн Малайз улсын арга туршлагаас суралцаж, Монгол улсад ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог нэвтрүүлэх, улмаар дэлгэрүүлэх ажлыг идэвхийлэн хийе гэж бодож байна” гэж хэлэв.зураг Алтангэрэл /Голд зогсож буй/ нь Аутизмын холбооны зөвлөх, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багшаар ажиллах юм

Монголын Аутизмын холбооны зөвлөх Л.Алтангэрэл “Монгол улсын хувьд ихэнх тохиолдолд бие эрхтний бэрхшээлтэй хүмүүсийн тухайд өөрсдийн эрхийн талаар дуу хоолойгоо хүргэх, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байдаг бол сэтгэц оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгмийн харилцаанд орох боломж хязгаарлагдмал байдаг” гэж ярив. Алтангэрэл зөвлөхийн том хүү нь аутизмын хам шинжтэй бөгөөд “Оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүст зориулж Америкт анх үүссэн ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Монгол улсад нэвтрүүлж байгаад хувь хүний зүгээс маш их баяртай байна”, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагаа, оролцооны тусламжтайгаар сэтгэц, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо нэмэгдвэл тэдгээр хүмүүсийн амьдралын чанар ч мөн дээшлэх нь гарцаагүй юм” гэж итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлэв.

Мөн Аутизмын холбоо нь Дауны холбоо болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоотой хамтран ажиллаж, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн ахуй амьдрал болон нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд цаашид ч идэвх зүтгэлтэй ажиллах болно гэдгээ илэрхийлж “Оюуны бэрхшээлтэй хүн бол, нийгмийн бас баялаг гэж боддог. Ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог нэвтрүүлснээр тэдний нийгмийн оролцоо нэмэгдэж, өөрсдийгөө нийгэмд хувь нэмрээ оруулж байгаагаа мэдрэхэд тустай зүйл болно” гэж ярив.зураг Одбаяр /голынх/ багийн гишүүдийн хамт илтгэл тавьж байна

Мөн аялал жуулчлал, гадаад худалдаа, барилга зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын томоохон компани болох Алтанговьд хүний нөөц хариуцан ажилладаг Д.Одбаяр өнгөрсөн оны 9-р сард Улаанбаатарт зохион байгуулагдсан DPUB2 төслийн ААНБ-д нөлөөлөх семинарт ч хамрагдсан юм.

Одбаяр энэ удаагийн сургалтад оролцсон шалтгааныхаа талаар “Монголд ч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль батлагдаж, ААНБ-ын зүгээс хийх нийгмийн хариуцлага чухалд тооцогдох болсон өнөө үед хүний нөөц хариуцаж ажилладаг хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ч гэсэн үнэхээр ажилд авах сонирхол байдаг ч яг ажилд аваад ажиллуулахаар тогтвортой ажилладаггүй, маш хэцүү байдаг байсан. Өнгөрөгч оны 9 сард болсон сургалтад оролцоод хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтгүй байгаагаа анзаарсан учраас энэ удаагийн сургалтад оролцох хүсэлт гаргасан” гэж ярив. Түүнчлэн “Энэ сургалтаар ажилд авахынхаа өмнө сайтар үнэлгээ хийх шаардлагатай тухай ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хооронд нь холбох ажлын байрны дадлагажуулагч гэсэн гуравдагч хүний оролцоо маш чухал гэдгийг ойлгосон. Миний хувьд ажлын байрны дадлагажуулагчийн талаар илүү их зүйл судалж мэдмээр байна” гэв.

Тус компани энэ жил нийт 8 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаар төвлөж байгаа гэнэ. Одбаяр үргэлжлүүлэн “Энэ сургалтад хамт оролцсон хүмүүстэйгээ холбоо үүсгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд хувь нэмрээ оруулж ажилламаар байна” гэв. ”Тусгай охин компани гэдэг тогтолцоо ч маш сонирхол татсан зүйл байсан ба Монголд тусгай охин компани байгуулах хууль эрх зүйн орчны талаар судалж үзэх бодолтой байна” гэж ярив.зураг Б.Мөнхбаяр дарга багийн хэлэлцүүлэгээс гарсан санал засаг захиргааны байгууллагын үүрэг хариуцлагын талаар илтгэл тавив.

Нөгөөтэйгүүр Монголын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдардаг нийслэл Улаанбаатар хотын захиргаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж буй Б.Мөнхбаяр “Осака хоттой адилхан систем Монголд байдаг ч төрийн байгууллагууд дээр бүх зүйл төвлөрч, систем нь төдийлөн сайн ажилладаггүй, хангалттай үйлчилгээ үзүүлж чаддаггүй гэж мэдрэгдсэн” гэж ярив. Мөн “Осака хот нь хувийн хэвшил болон төрийн бус байгууллагатай хамтран үйлчилгээ үзүүлж байгаа тал нь үнэхээр гайхалтай гэж бодсон” гээд “Монголд манай газрыг оруулаад засаг захиргааны байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт одоо ч дутмаг байгаа тул Монголд буцсаныхаа дараа сургалтад хамт оролцсон хүмүүстэйгээ холбоо тогтоон, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт семинарыг зохион байгуулахаас ажлаа эхэлье гэж бодож байна” гэж ярив.

Ажил хэрэг өрнөсөн Осака дахь сургалтын өдрүүд дуусаж, төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-ын төлөөлөл нийт 10 оролцогч түрүүлж Монгол буцав. Харин ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх 8 сургагч багш нар 7 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн суралцахаар үлдсэн юм. Эдгээр сургагч багш нарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилладаг байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэгт ажилладаг хүмүүс бөгөөд цаашид Монголдоо олон олон ажлын байрны дадлагажуулагч бэлтгэн ажиллах зорилготой юм. Сургагч багш нарт зориулсан сургалт Токио хотод явагдсан бөгөөд Япон сургагч багш нарын хамт сургалтад хамрагдав. Тус сургалтаар сургагч багш нар ямар зүйлд анхаарах шаардлагатай, мөн сургалтыг хэрхэн зохион явуулах талаар суралцсан юм.

Үүнтэй ижил төрлийн сургалт энэ оны 9-р сард хийхээр төлөвлөгдөж байгаа юм. Япон Монгол хоёр улсын хариуцсан хүмүүсийн оролцоотойгоор эхлүүлсэн ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцооны хэрэгжилтийн үр дүнд ямар сайн жишээнүүд гарч, Монголын нийгэмд ямар өөрчлөлт гарах бол гэдэг хамгийн их сонирхол татаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.