Аймгийн Засаг даргын 2022 оны 3 дахь удаагийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Жаргалант суманд цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.       Сумын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг хэрхэн яаж шийдвэрлах, Жаргалант сумын төрийн захиргааны албан хаагч бүртэй ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг тус суманд хийсэн юм.  Зарим шаардлагатай хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд энэ 7 хоногт Жаргалант суманд бүтэн ажиллах үүрэг өгөгдсөн.        Тус суманд 2021 онд Сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, соёлын төвийн 2008 оноос хойш шинэчлэгдээгүй  нэн шаардлагатай 23 нэр төрлийн 29 ширхэг техник тоног төхөөрөмжийг шинэчилж, төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэж,  сэргээн сайжруулж, Сумын төвийг иж бүрэн камержуулж,  дулааны станцыг ашиглалтад оруулсан зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн.        Мөн 2022 онд Агропаркыг цогцоор нь хөгжүүлэхийг  зорьж тус ажлын эхлэл болгож 1000 тоннын зоорь барих, 1га талбайг хамарсан, жилд  150-160тн    шинэ ургацын нарийн ногоо хэрэглэх боломжоор хангах хүлэмжийн ажлыг эхлүүлэх, ИШС-г үе шаттайгаар шинэчлэх, шинэ суурьшлын бүсийг тогтоож инженерийн шугам сүлжээ татах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж буй талаар сумын Засаг дарга Б.Зоригтбаяр мэдээлэл хийлээ.    Шуурхайн төгсгөлд аймгийн удирдлагууд сумын соёлын төвийн дулаан алдагдлыг бууруулах зураг төсвийн тооцоо хийж танилцуулах, ДЦС-н боловсон хүчин нэмэглдүүлж, ашиглалтыг сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, хальтиргаа гулгаанаас сэргийлж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үүрэг чиглэлийг өглөө.  Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.