Энэ удаагийн намрын чуулганаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анхдагч болон шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6 хууль, Улсын Их Хурлын 39 тогтоолыг УИХ-аар хэлэлцэж баталсан ба Монгол улсын хууль эрх зүйн орчныг сайжруулах, өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулах чухал үүрэг бүхий онцгой ач холбогдол бүхий хуулиудыг баталж чадлаа. 1. УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангах, хянахад чухал ач холбогдолтой Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. 2. Цахим хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн чухал Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчлэл, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталсан. 3. Олон жилийн туршид иргэд ба ажил олгогчдын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх чухал ач холбогдолтой Хөдөлмөрийн тухай хуулийг мөн баталж чадлаа. 4. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны улсын нэгдсэн төсөв, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж баталснаар цар тахлын дараах эдийн эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, мөн Монгол улсын цаашид баримтлах хөгжлийн бодлогуудыг тодорхойлсон бодлогын баримт бичгүүд бэлэн боллоо. Миний хувьд УИХ-аар хэлэлцсэн бүхий л асуудалд ногоон хөгжлийн бодлогыг шингээх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг тусгуулах, мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаа. Мөн УИХ-ын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Швецарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Ковид-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” сэдвийн дор агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн эрүүл мэнд, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, үр дүнгийн талаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, хөгжлийн түнш байгууллагууд, элчин сайдууд болон хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотойгоор дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулж, агаарын бохирдлын талаарх тал бүрийн мэдээллийг нэгтгэх, солилцох, агаарын бохирдлоос хүний, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаарх мэдээллийг шийдвэр гаргах төвшинд хүргэж, цаашид нэн яаралтай авах арга хэмжээ, зохион байгуулах ажлын талаарх ЗӨВЛӨМЖ-ийг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Швецарийн Хөгжлийн агентлагтай хамтран боловсруулж чадлаа. Хэдий намрын чуулган завсарласан ч Монгол улсын хувьд хууль эрх зүйн орчноо улам бүр сайжруулах, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, ААН-үүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, улс орныхоо хөгжлийг урагшлуулах олон чухал хуулиуд ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. Чуулган завсарласан энэ хугацаанд Байгаль орчны талаарх багц хуулийн шинэчлэлийн ажил, УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд болон цаашид өргөн баривал зохих хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Ногоон хөгжлийн талаар эрдэмтэн, судлаачид, байгууллага, иргэдтэйгээ уулзаж ярилцахыг зорьж төлөвлөж байна. Та бүхэнтэйгээ хэзээ ч уулзах боломжтой шүү. Та бүхэндээ баярлалаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.