2022 оны 1-р сарын 1-ээс анхан шатны эмнэлгүүд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох санхүүжилтийн хэмжээг 2 дахин нэмэхээр боллоо. Үүнд зориулж Засгийн газраас улсын төсөвт 87 тэрбум орчим төгрөгийг тусгаад буй. Мөн анхан шатны эмнэлгүүд маань 4 төрлийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтээр үзүүлэхээр боллоо.
Дээрх 2 шийдвэр гарснаар сум, өрхийн эмнэлгүүд ажилтнуудынхаа цалинг нэмэх боломж бүрэн бий болно.
Нөгөө талаар анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар дараа дараагийн шатлалын эмч, ажилтнуудын ачаалал буурах давуу талтай.
Сүүлийн 4 жилийн хугацаанд төрөөс эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг тогтмол 2 дахин нэмсээр ирсэн. Гэвч энэ нь эмч нартаа, тусламж үйлчилгээндээ биш эм, эмнэлгийн хэрэгсэл тендерээр нийлүүлдэг цөөн компанид очсоор иржээ.
Өөрөөр хэлбэл хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилтнуудынхаа цалинг нэмэх бүрэн боломжтой. Мөнгө нь бий.
Гэвч эрүүл мэндийн салбарт засаглалын хямрал нүүрлэсэн байгаа нь зарим худалдан авах ажиллагаа, удирдлагын багийн үйл ажиллагаанаас харагдаж буй.
Эмнэлгүүд ТУЗ-өө байгуулах, бие даасан менежментээр өрсөлдөх, худалдан авах ажиллагааг зах зээлийн бодит үнээр зохион байгуулах нь чухал байна.
Яг энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө боловсруулах чиглэлийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Засгийн газарт өгсөн. Удахгүй бидэнд танилцуулж, батална.
Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг тайлангаа танилцуулж, үр дүнг мэдээллээ.
