Тэвчээр хариугүй тасрахын алдад...Саяхны нэг өдөр би нэг гомдож, нэг баярлаж, нэг гайхшарч юм юм л болов. Ийм юм тохиолдож болно гэж урд нь бодож байсангүй, бас ингээд шийдэгдчихнэ гэж бодох нь битгий хэл зүүдэлж ч чадахгүй, бас Ковидын үеэр хүний нутагт хөсөр хаягдаж байсан, одоо ч ирж чадахгүй байгаа нутаг нэгтнүүдээ илүү сайн ойлгож, зовлонгий нь хэдхэн минутын дотор ойлгож, биеэр мэдэрсэн гэхэд болно. Бас гайхамшиг гэж байдаг гэдэгт итгэж, баярлан бахархсан ийм мөчийг амссандаа одоо хүртэл амаа ангайсаар...Хүү маань Америкаас ирэх гээд би гэдэг хүн сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж гэдэг шиг 7-р сарын чартер нислэгийн хуваарийг гармагц хүүдээ яаравчлан онгоцны тасалбар захиаллаа. Ингээд цаанаас гарах өдөр нь ч болж хүү маань байраа тушааж, бүх юм хүмээ цэгцлээд онгоцны буудал дээр ирж бүртгүүлээд онгоцондоо суухаар хүлээж байна гэсэн баярт мэдээ ирлээ.Гэтэл... ердөө л хэдхэн минутын дараа дахин залгаж, хоолой нь чичрээд... "Ээж ээ, миний нэрийг дуудаад чиний Сөүл - Улаанбаатарын онгоцны нислэг цуцлагдсан байна гээд буцаагаад гаргачихлаа ш дээ. Энд нэг монгол эгч хамт гарч ирлээ, бачуураад галзуурах гээд байна" гэлээ. Бурхан минь! Арайхийж өөрийгөө бариад МИАТ руу залгалаа. Харин тийм ээ, Солонгосын тал Монголын нислэгийг хүлээж авахгүй гээд дөнгөж сая хориг тавьчихлаа гээд хүүгээс маань дутуугүй хоолой нь чичирч байна.Одоо яахав гэсэнд бид шаардлагатай бүхнийг хийж байна, ядаж 7 сарын 2-ны нислэг тулчихсан тул явуулчихаач гэж гуйж байна. Юу ч болсон хүлээж бай гэж хэл гэж байна.Эвий, миний эх орон... Хоолой зангираад хачин боллоо...Хүлээсээр байтал шөнийн 00 цаг 30 минутад онгоц нь нисээд явчихлаа. Миний хүү торойгоод үлдлээ.Тэгэж байтал МИАТ-аас таны нислэг цуцлагдаж, 7 сарын 12-нд боллоо гэсэн мессэж ирж байна. Одоо тэгээд байраа тушаачихсан, ажил юмаа өгчихсөн, хаана, яаж, яана даа л гэх бодол төрнө.Хүү маань үеэл ахыгаа дуудаад буцаад цаг гаруй явж хүрэх хот руу буцлаа...Хоёр цаг гаруйн дараа МИАТ-аас дахиж залгаад манайхаас зорчигч авахгүйгээр Сөүлээс зорчигчдоо авах зөвшилцөлд хүрлээ гэнэ.Одоо яах билээ... Нислэг байна уу гээд л ийш тийш нь залгаастай... Тэгээд хэдхэн цагийн дараа нисэх нэг онгоц олдлоо. Сөүлд буугаад ердөө 1 цагийн дараа МИАТ нисч таарч байна. Яахав гээд асуусан, МИАТ бид зорчигчоо авнаа, билетээ ав л гэж байна. Аль хэдийн ажлын цаг дууссан ч тэд ажилласаар л...Билетээ захиалж дуусав уу, үгүй юу хүүгээ буцаад онгоц буудал руу яв гээд утастлаа. Ээж ээ, би дөнгөж ирээд унтаж байна ш дээ гэнэ. Үүрийн 4 цаг. Намайг онгоцонд яг суулгах юм уу гэж байна. Тэгнээ л гэлээ. Такси дуудаад буцлаа, хүү минь...Ингээд онгоцонд суун суутал нь шар шувуу шиг сууж хүлээлээ... Суулаа гэнэ. За одоо МИАТ-ын онгоцонд амжих байгаа, хоцорчихвол баларлаа гээд эхийн сэтгэл шөнөжин амарсангүй.Цаг тоолон хүлээсээр одоо л Сөүлд буулаа даа гэж сэтгэл түгшиж байтал 20-хон минутын дараа "гарцан дээрээ ирчихсэн онгоцондоо орох гээд хүлээж байна" гэсэн мессэж ирлээ. Бас "ээж ээ, нэг хүн онгоцноос буумагц нэрээр минь чанга дуудаад гарц руу хамт гүйсээр хүргэж өгсөн" гэлээ. Нулимс гарч байна...МИАТ чамдаа маш их баярлалаа. Хүний нутагт гацсан иргэдээ авах гэж яасан их сэтгэл, ямархан их зүтгэл гаргаж буйг нэг шөнийн дотор яс маханд минь тултал ойлгууллаа. Цаг сайхан байхад онгирч МИАТ-ыг жоохон доогуур үзэж явсан цаг надад байжээ. Түүндээ их харамслаа. Эх орны минь хэлтэрхий МИАТ чамдаа би сэтгэлийн их өртэй боллоо. Баярлалаа..

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.