Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” компанийн үйлдвэрлэсэн машин, механизм тоног төхөөрөмжийг хүлээн авч өнөөдөр туршилт хийлээ. Монголд анх удаагаа сүүлийн үеийн дэвшилтэт шинэ техник технологи нэвтрүүлж хатуу хучилттай авто замд нөхөөс хийх боломжтой болж байгаа юм. БИС-310М-01 маркийн, Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм. Хүчин чадал сайтай тусгай зориулалтын машин механизмаар хангагдаж, засвар арчлалтын чанар үр ашгийг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын бэлэн байдлыг сайжруулах үр дүнтэй ажээ.


