
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.Түүхийн бүхий л үед Булган хангайн эрэлхэг зоригт хөвгүүд цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ зориулсаар ирсэн билээ.Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог.Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой.Цэрэг, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, алба хаагчид Та нарын маань нугаршгүй ноён нуруу, бүтээсэн алдар гавьяа, дадлага туршлагын их өв сан эх орны хөгжлийн нэгэн тулгуур багана болсоор ирсэн, цаашид ч байх болно.Анхдагчдын өлгий Булганчуудын баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй эрэлхэг зоригт хөвгүүд Та бүхнийг өнө эртний түүхт Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.