Гадаад харилцааны яам

КОВИД-19 цар тахлын эсрэг оношилгоо, эмчилгээ, вакциныг тэгш хуваарилах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Европын Комисс, Франц Улс хамтран КОВАКС хөтөлбөрийг 2020 оны 4 дүгээр сард байгуулсан юм.

Энэхүү хөтөлбөрийн дагуу КОВИД-19 цар тахлын эсрэг вакциныг дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүст тэгш хуваарилах боломжийг олгох бөгөөд бага орлоготой орнуудын нийт хүн амын 20 хүртэлх хувийг хамруулах вакциныг үнэ төлбөргүй олгохоор тогтсон байна. КОВАКС хөтөлбөрийн ач холбогдол нь худалдан авах вакцин ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх ба гагцхүү бүхий л шаардлагатай хяналтаар орж, олон нийтийн хэрэглээнд гаргахыг зөвшөөрсөн вакциныг худалдан авч түгээнэ.

Эдүгээ КОВАКС хөтөлбөрт дунд болон бага орлоготой 92 улс хамрагдаж байна. Хөтөлбөрийн санхүүжүүлэлтэд нийт 6,3 тэрбум ам.долларыг босгоод байгаа бөгөөд 31 улс (тэр дундаа АНУ 2,5 тэрбум ам.доллар, ХБНГУ 900 сая евро, Япон 200 сая ам.доллар, Канад 197 сая ам.доллар, Саудын Араб 153 сая ам.доллар), Европын Комисс (400 сая евро), 14 төрийн бус байгууллага, сан, корпораци хөтөлбөрийг санхүүжүүлж байна.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 10 буюу түүнээс дээш вакцин үйлдвэрлэгчээс 2021 оны сүүл гэхэд 2 тэрбум тун вакцин, алсдаа 4 тэрбум тун вакцин худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2021 онд КОВАКС хөтөлбөр 2 тэрбум тун вакцин хүлээн авна. Үүний 1.3 тэрбум тун вакциныг бага орлоготой орнуудад зориулах юм.

2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн гаргасан КОВАКС хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус хөтөлбөрт оролцогч нийт 142 улсад 237 сая тун вакцин түгээгдэнэ. Түгээлтийг эхлүүлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн нийт 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд 14.4 сая тун вакциныг 31 оронд хүргүүлээд байна.

Манай улс эхний ээлжийн 14400 тун АстраЗенека вакциныг 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад байна. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувь буюу нийт 600 000 иргэнийг хамруулах 1 200 000 тун вакциныг (үнэ төлбөргүй) үе шаттайгаар авна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.