БНПУ-ын Шадар сайд болон Төрийн өмчийн сайд Яцек Сашин намайг 2021 оны 3 дугаар сарын 4-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.Польшийн тал Азийн чиглэлд харилцаагаа хөгжүүлэх, түүний дотор Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавьж буйг Шадар сайд Я.Сашин онцлон тэмдэглэв. Мөн Польшийн уул уурхай, эрчим хүч, тээвэр, түлш шатахууны томоохон компаниуд Монголыг сонирхож байгаа тул ойрын үед тэдгээрийн төлөөлөгчдийг Элчин сайдтай болон Монголыг талын холбогдох байгуулагуудтай уулзуулах, улмаар Польшийн томоохон компаний төлөөлөгчдийг Монголд илгээж, байдлыг танилцуулах саналыг Шадар сайд Я.Сашин манайд тавив.Нүүрс, зэсийн арвин их нөөцтэй, энэ талаар баялаг туршлагатай, эрчим хүчний салбар болон эдийн засгийн ерөнхий бүтэц нь манайтай зарим талаар төстэй, хүчтэй, түргэн хөгжиж буй БНПУ-тай харилцах, туршлага судлах, хамтран ажиллах нь манай улсад чухал гэдгийг би илэрхийлж, энэ чиглэлд ихээхэн боломжууд байгааг айлын талд танилцуулж, Засгийн газрын удирдлагын төвшний харилцааг идэвхжүүлэхийг санал болгов.Засгийн газар хоорондын эдийн засгийн комиссийн хурал 2014 оноос хойшлогдож ирснийг анхааран үйл ажиллагааг нь сэргээх, хоёр улсын Засгийн газрын хооронд 1981 онд байгуулсан “Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, зарим төрлийн эрдсийн түүхий эдийг олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг шинэ нөхцөлд тохируулан шинэчлэн байгуулах, холбогдох яам байгууллагуудыг холбож, дагалдах тохиролцоонуудыг хийх зэргээр хамтран ажиллана гэж бид харилцан тохиролцов.Жич: Өмнөх түүхийг сөхвөл 1957 онд БНПАУ-ын үед СнЗ-ийн дарга Ю.Циранкевич айлчилж, хариуд нь Ю.Цэдэнбал дарга Польшийн Засгийн газрын урилгаар хариу айлчлал хийж байжээ. Мөн зарим ойн арга хэмжээнд шадар сайдын түвшинд харилцан оролцож байжээ. 1990 оноос хойшхи хугацаанд хоёр орны хооронд Ерөнхий сайдын түвшинд ер айлчлал хийгээгүй байх юм. Ийм учраас өнөөдрийн энэ уулзалт чухал ач холбогдолтой байв. Дашрамд дурдахад Польшийн Ерөнхий сайд Беата Шидло Монголд 2016 онд болсон АСЕМ-ийн хуралд оролцсон билээ. Харин би тэнд Ж.Алтангэрэл эгчийн хамт орчуулга хийгээд явж байгаа видеогоо олов. Үүнийг дараах линкээр харж болно.

Сэтгэгдлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.