Монгол улс өнөөдөр Короновируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг албан ёсоор эх орондоо хэрэглэж эхэллээ.  “Асртазенека” вакцины анхны тунг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсний дараа Нийслэл хотын дүүрэг бүрт вакцинжуулалтын ажил эхэлж байна.

Нэн түрүүнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулж эхэллээ.

Бид БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах үйл явцаас сурвалжилсан.

Вакцинжуулалтын аяныг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах ажлын хэсгийн ахлагч БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажлыг эхлүүлсэн юм.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар манлайлал үзүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад хийгдэх вакцинаас анхны тунг тариулсан.

Үйлчлүүлэгчид вакцин тарихаас өмнө эмч 11 асуумжид хариулт авч, тухайн  иргэний биеийн байдлыг хянаж, үзлэгийн тэмдэглэл хөтөлсний дараа вакцинатор эмч /Мэргэжлийн арга зүйгээр хангагч, мэргэшсэн зөвлөх/ мэдээллүүдийг хянаж байв. Аливаа эм, тариа, загас, өндөг зэргээс харшилдаг эсэхийг лавлаж, вакцин тариулсны дараа үйлчлүүлэгчдийг тусгай өрөөнд 30 минут хянадаг юм байна.

Мөн цаг агаарт тохируулан дулаан хувцаслах, дархлаагаа дэмжих, хэт ядрахгүй байх зэрэг заавар зөвлөмжийг өгч байлаа.

БГД-ийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар: “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас нэн түрүүнд вакцинд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай, мөн бидний үүрэг юм. Бид дүүргийнхээ эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарийн дагуу 3 хоногт багтаан вакцинд хамруулахаар ажиллаж байна. БГД-ийн ЭМТ-ийн 300 гаруй албан хаагчид, ӨЭМТ-үүдийн 300 гаруй ажилтнууд, нийт 690 гаруй хүн хамрагдана” гэв.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан Л.Саруул: Ямар нэгэн зовиур анзаарагдаж мэдрэгдэхгүй байна. Вакцины талаар ойлголт, мэдээлэлтэй байсан учраас айж сандрах, түгших зүйл байсангүй. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг бид аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал” хэмээн хэллээ.

БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Л.Ариунаа: 30 минут биеийн байдлыг хянана гэсэн. Эрүүл мэндийн төвөөс биднийг мэдээллээр сайн хангасан. Манай улс иргэдээ вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгааг маш зөв арга хэмжээ гэж бодож байна” гэв.

Баянгол дүүргийн Ахмадын салбар эмнэлэг, Хүүхдийн салбар эмнэлэгт вакцинжуулалтын ажил нэгэн зэрэг эхэлсэн. Ажлын хэсгийн төлөөлөл “Бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна” хэмээн үнэлсэн юм. 

Өчигдөр 132 эмч, эмнэлгийн ажилтнууд вакцинд хамрагдлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.