ШӨХТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн дагуу  “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны харъяа Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн төв, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна.

Нэг. Сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илэрсэнгүй.

Хоёр. И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд Цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад дээрхи нөхцөл байдал бүрэн тогтоогдсонгүй. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдийн гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж 10 саяас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад зөвхөн  1 тохиолдол илэрлээ. /Энэ нь 2018 онд ажиллаж байсан албан хаагчийн хамаарал бүхий этгээд байсан ба хонжворын дүн 40 сая төгрөг байжээ/

Гурав. Мэдээлэл технологийн хяналтын хэрэгжилт сул байх ба аудит логийг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хадгалсан байна. Мөн түүнчлэн одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд шаардлагатай өөрчлөлтийг оруулж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ. 

Иймд дээрх хяналт шалгалтын дүнд үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Стандарт хэмжил зүйн газарт сугалаа явагдах байр, техник, сугалаа явуулах машин, тоног төхөөрөмжийн асуудлыг зохицуулж,  нэгдсэн стандартыг боловсруулж, батлах талаар, Сангийн яам, Татварын ерөнхий газарт хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оруулж, “И-баримт” системд мэдээлэл технологийн аюулгүй байдлын асуудлаар жил бүр эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг байх талаар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвд НӨАТ-ын сугалааны үйл ажиллагаанд зарим арга хэмжээг авч ажиллах талаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж дүгнэлээ.

                     ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.