Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2021.01.21/ Тайвань улсын “Юань Рунг” / Yuan Rung / эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа .

Дэлхийн дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичгийг цахимаар зохион байгуулсан юм.

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд “Тиффани Мед” эмнэлгийн ерөнхий захирал М.Түвшинбаяр, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, 1-р нарийн бичгийн дарга Чинь-Янь Чэнь, Тайваний “Юань Рунг” эмнэлгийн захирал Жан Kе Ши, Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга , Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, “Тиффани Мед”эмнэлгийн Зөвлөх Д.Цэрэндагва , Ерөнхий эмч Б.Цолмонсүрэн, Уламжлалт анагаахын их эмч Д.Тэмүүжин, Д.Будсүрэн болон бусад эмч, ажилтнууд оролцлоо.

Хамтын ажиллагааны санамж байгуулах арга хэмжээний үеэр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн захирал М.Түвшинбаяр хэлсэн үгэндээ “Юуны өмнө “Юань Рунг” эмнэлэгтэй холбож өгсөн эрхэм хатагтай Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хамтран зүтгэгч 1-р нарийн бичгийн дарга ноён Чинь-Янь Чэнь нарт талархал илэрхийлье.Мөн Тайвань Монголын эрүүл мэндийн холбооны гишүүн Г.Болор танд талархсанаа илэрхийлж байна.

Короновирус /Ковид -19/ цар тахал дэлхий дахинаа тархаад байгаа хэдий ч “Юань Рунг” эмнэлэгтэй хамтран ажиллах болсондоо манай эмнэлгийн хамт олон маш их баяртай байна.

Манай эмнэлэг байгуулагдаад гурван жил болж байгаа хэдий ч бидний алсын хараа улсынхаа хэмжээнд “Хамгийн том олон улсын нэгдсэн эмнэлэг” болох зорилго тавин, шаргуу хөдөлмөрлөж байгаа хамт олон билээ. Бид та бүхнээс хичээнгүйлэн суралцаж цаашдын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж , ажиллахын төлөө хичээн ажиллах болно” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч тус эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө:Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед”эмнэлэг, “Юань Рунг”эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна.

Монгол Улсын “Тиффани Мед” эмнэлгийн хувьд уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжсэн, барууны анагаах ухааныг хослуулан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Харин Тайваний “Юань Рунг” эмнэлэг нь уламжлалт анагаах ухаан, барууны анагаах ухааныг хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тайваний “Юань Рунг” эмнэлэг нь Монгол улсын 17 эмнэлэгтэй хамтран ажилладаг. Харин өнөөдөр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нэмэгдээд нийт 18 эмнэлэгтэй эгч дүүсийн харилцаатай боллоо.

Миний гол зорилго бол Тайвань, Монгол Улсыг бүхий л салбарт хамтын ажиллагааг нь өргөжүүлэх зорилготой байгаа. Тайваний улсын болон хувийн эмнэлгүүд Монгол улсын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байдаг” гэв.

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг алсын зайн оношилгоо бүхий цахим амбулаторийг эмчилгээнд нэвтрүүлжээ.

Ингэснээр цахим амбулаторийн тусламжтайгаар үйлчлүүлэгч нар шаардлагатай тохиолдолд өндөр зардал гарган гаднын эмнэлгийг зорихгүйгээр, тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна гэсэн үг.

Энэхүү амбулаторийг нээснээр цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч, эмч нарын үйл ажиллагаанд дэм болох төдийгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг богино хугацаанд дамжуулан, асуулт хариултын хэлбэрээр мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх, авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байна гэж “Тиффани Мед”эмнэлгийн Уламжлалт анагаахын их эмч Д.Тэмүүжин онцоллоо.

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн дарга , Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва: Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна.

Монгол Улс уламжлалт анагаах ухааны хөгжлөөрөө Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төрийн бодлоготой орны тоонд ордог. Уламжлалт анагаах ухааныг дэлхийн бренд болгож хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй зүйл бол ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын эмнэлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал шаардлагатай болдог. Тийм учраас Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар болон Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед”эмнэлэг хамтраад хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд уламжлалт анагаах ухааны чиглэлд Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй санамж бичиг байгуулсан гол үр дүн нь Монголын ард түмэнд хэрэгтэй.

Өнөөдрийн үйл ажиллагаа бол уламжлалт анагаах ухааныг дэлхийн түвшинд гаргах, Дэлхийн олон улсын стандартын дагуу эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.

Жишээ нь: Эмчилгээндээ 5G үзлэгийн нүдний шилийг нэвтрүүлж Монголд байдаг өвчтөний үзлэгийг Тайван улстай хамтран хийж хоёр талаасаа оношоо зөв тавиад, эмчилгээний аргыг шийднэ гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад туйлын баяртай байна.

Санамж бичиг байгуулсны дараагаар Тайваний “Юань Ронг” эмнэлгийн зүгээс Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн эмч нарт “Уламжлалт аргаар чихрийн шижин өвчнийг хэрхэн эмчлэх”, “ Барокамера аппаратыг шархны эмчилгээнд хэрэглэх нь” сэдэвт сургалтыг хийсэн юм.

Энэ талаар “Тиффани Мед” эмнэлгийн Уламжлалт анагаахын их эмч Д.Тэмүүжин“ Сургалтын хүрээнд уламжлалт аргаар чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй гүн болон өнгөц шархыг манай эмнэлэгт ашиглагдаж буй /барокамер / хүчил төрөгчийн тоног төхөөрөмжөөр яаж эмчлэх тухай сургалтыг хийлээ. Энэхүү сургалт үр дүнтэй боллоо гэж бид нар үзэж байна”хэмээн ярилаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.