Өнөөдөр АМГТГ-ын  Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд  (ЭБМТТ), Австрали Улсын засгийн газраас санхүүжүүлэн  Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (АМЕР) тусламжтайгаар боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат”  системийн төслийн ажил дуусаж тайлангаа танилцуулав.   Энэхүү тайлангийн   уулзалтанд АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал Үндэсний Геологийн албаны дэд дарга Б.Уянга, АМЕР төслийн Геологийн зөвлөх Ч.Энх-Амгалан, АМЕР төслийн  ахлах зөвлөх Н.Алгаа, Геологийн төв архив хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Энхсайхан, Үндэсний Геологийн албаны Гео мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Минжинсор болон МонГеоКат системийн мэдээлэл оруулах багийн гишүүд болох Д.Дагвасүрэн, Г.Гүнбилэг нар оролцлоо.

  “МонГеоКат” систем нь ЭБМТТ-д байгаа геологийн мэдээллийн хураангуйг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилготой бөгөөд Англи, Монгол хэл дээр интернэтэд холбогдсон дурын хэрэглэгч ашиглах боломжтой юм. Хоёр дахь  удаагийн  төсөл нь 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс  2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг    хүртэл  хэрэгжиж  бөгөөд төслийн хүрээнд нийт 1131 тайлангийн хураангуйг монгол, англи хэл дээр бэлтгэж МонГеоКат системд оруулсан байна.  Дашрамд дурдахад  “МонГеоКат” систем нь  олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн гео-орон зайн форум (Geospatial world forum)-аас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдэгээр шалгарч байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.