Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР /МЯГМАР ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙН

ТОВЬЁГ

Хэлэлцсэн асуудалХуудасны дугаар
 1.Хуралдааны товч тэмдэглэл:1-4
 2.Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл:5-23
 1. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/6-8
 2. Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/8-14
 3. Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/14-23

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

12 дугаар сарын 15-ны өдөр /Мягмар гараг/-ийн

хуралдааны товч тэмдэглэл

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.

Хуралдаанд ирвэл зохих 18 гишүүнээс 12 гишүүн ирж, 66.7 хувийн ирцтэйгээр хуралдаан 14 цаг 17 минутад Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхлэв.

Нэг.Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, мөн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд нар оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ж.Чимгээ, Р.Болормаа, мөн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн, референт Б.Гандиймаа нар байлцав.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй болно.

Б.Баттөмөр: Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн:            15

Татгалзсан:                2

Бүгд:                           18

83.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Уг асуудлыг 14 цаг 25 минутад хэлэлцэж дуусав.

Хоёр.Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам, тээврийн хөгжлийн яамны Далай ашиглалт, усан тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Далайн захиргааны дарга С.Түвшинтөр, Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Алтан-Од нар оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ж.Чимгээ, Р.Болормаа, мөн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн, референт Б.Гандиймаа нар байлцав.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ нарын тавьсан асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Далайн захиргааны дарга С.Түвшинтөр нар хариулж, тайлбар хийв.

Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.12-т заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулъя гэсэн горимын санал гаргав.

Б.Баттөмөр: Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн:            12

Татгалзсан:                5

Бүгд:                           17

70.6 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Уг асуудлыг 14 цаг 46 минутад хэлэлцэж дуусав.

Гурав.Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ж.Чимгээ, Р.Болормаа, мөн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн, референт Б.Гандиймаа нар байлцав.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Энхболд, Б.Энхболд нарын тавьсан асуултад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, мөн яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд хариулж, тайлбар хийв.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлэв.

Б.Баттөмөр: Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн:            12

Татгалзсан:                6

Бүгд:                           18

66.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Уг асуудлыг 15 цаг 15 минутад хэлэлцэж дуусав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хэлэлцье гэсэн горимын санал гаргав.  

Б.Баттөмөр: Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгийн гаргасан горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн:            12

Татгалзсан:                6

Бүгд:                           18

66.7 хувийн саналаар горимын санал дэмжигдэж уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр тогтов. 

Хуралдаан 1 цаг 01 минут үргэлжилж, 18 гишүүнээс 18  гишүүн ирж, 100 хувийн ирцтэйгээр 15 цаг 18 минутад өндөрлөв.

       Тэмдэглэлтэй танилцсан:

            АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

ДАРГА                                                                                  Б.БАТТӨМӨР

            Тэмдэглэл хөтөлсөн:

            ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

ХӨТЛӨХ АЛБАНЫ

ШИНЖЭЭЧ                                                                          Ц.АЛТАН-ОД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

12 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР /МЯГМАР ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

ТЭМДЭГЛЭЛ

Б.Баттөмөр: Эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэн тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурал нээгдсэнийг мэдэгдье.

Байнгын хорооны хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя.

Нэгдүгээрт нь, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Засгийн газар 2020 оны 12 сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Хоёрт нь, Далайчны сургах стандарт гэрчилгээ олгох болон ээлжийн үйл ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг өргөн мэдүүлсэн.

Гурав дахь нь, Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Дөрөв дэх асуудал нь, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.

Засгийн газар 2020 оны 12 сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх асуудал.

Тав дахь асуудал. Зэвсэгт хүчний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.

Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх. Ийм асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалд оръё.

Нэг.Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Нэгдүгээрт, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Гүрсэдийн Сайханбаяр Батлан хамгаалахын сайд, Дагвадоржийн Ганхуяг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Батхүүгийн Бат-Эрдэнэ Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, Гомбосүрэнгийн Энхболд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн дарга гэсэн ийм ажлын хэсгийн бүрэлдэхүүн байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр хийнэ.

Г.Сайханбаяр сайдад 4 дүгээр микрофоныг өгье.

Г.Сайханбаяр: Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд хөгжиж байна.

Манай хоёр орон цэргийн салбарт хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2019 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тан тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, яамд хоорондын санамж бичгийг Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болгон түвшинг ахиулж байгуулахаар төслийг хэлэлцээд эцсийн байдлаар тохиролцоонд хүрсэн юм.

Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих ажиллагаа, цэргийн боловсрол, сургалт, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.6-д заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлах гэрээ тул уг асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урьдчилсан зөвшилцөх хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

 Энэхүү хэлэлцээрийг батлах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Б.Баттөмөр: Г.Сайханбаяр сайд баярлалаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэрээ өгнө үү. Асуулт асуух гишүүд алга юм байна.

Санал хураалт явуулъя. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулна. Гишүүд саналаа өгнө үү.

Уучлаарай. Хүмүүс цахимаар оролцож байгаа юм байна. Тэгэхээр энд байгаа нь гараа өргөчихье. Цахимаар явах нь явчих.

Энд 11 байна. Цахимаар.

Санал хураалтын дүнг танилцуулъя. 72.2 хувийн саналаар санал дэмжигдэж байна.

Хуулийн төслийг хэлэлцэх талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд хэн танилцуулах вэ? Нямаагийн Энхболд гишүүн танилцуулна.

Хоёрдугаар асуудалд оръё.

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн үйл ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай хуулийн төсөл.

Зам тээврийн яамнаас ажлын хэсэг ирэх ёстой. Ажлын хэсгийг оруулчихаарай.

Саяын Монгол Улс Вьетнам Улсын хоорондын хамтын ажиллагааны энэ санал хураалтад 18 гишүүн оролцсоны 13 нь шууд гараа өргөсөн. 15 нь. 3 нь цахимаар өгсөн. Үүнийг протоколд тэмдэглээд. Тийм ээ. Тэгээд ингээд үргэлжлүүлээд явчихъя.

Ингэе. Гишүүдэд урьдчилж мэдэгдээгүй учраас зарим нь iPad-гүй ирсэн байна. Тэгээд үүнээс хойш гар өргөж санал хураах гэдэг дээрээ бүгдээрээ бас гараа өргөчихье. Н.Энхболд дарга, С.Батболд гишүүн. Бүгдээрээ 100 хувийн саналаар дэмжиж байна.

Хоёр дахь асуудалдаа оръё.

Хоёр.Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Лувсангийн Халтар Зам, тээврийн хөгжлийн сайд, Дагвын Жавхлан Зам, тээврийн хөгжлийн яамны Далай ашиглалт, усан тээврийн хэлтсийн дарга, Саранжавын Түвшинтөр Далайн захиргааны дарга, Базаррагчаагийн Алтан-Од Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар хийнэ. Л.Халтар сайдад микрофон өгье.

Л.Халтар: Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улс Олон улсын далайн байгууллагын гишүүнээр 1996 онд элссэн бөгөөд тус байгууллагын далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны Олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2001 оны 12 сарын 14-нд соёрхон баталсан.

Далайчдыг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар гадаад далайд хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг энэхүү конвенцод тусгасан.

Дээрх шаардлагуудад нийцүүлэн далайчдыг зохих ёсны мэдлэг, туршлага, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах, мэргэжлийн албан ёсны нарийвчилсан, дэлгэрэнгүй стандарт болон зайлшгүй шаардлагатай бус нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөгийн байдлаар олон улсын далайн байгууллагын 164 гишүүн орон соёрхон баталсан байна.

Энэхүү конвенцын Арван хоёрдугаар зүйлийн 7 дугаар хэсэгт зааснаар талууд батлуулахаар хүргүүлснээс хойш 2 жил өнгөрсөн бол хавсралтын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тусгасан бөгөөд Монгол Улс 2 жилийн дотор Олон улсын далайн байгууллагад аливаа мэдэгдэл хүргүүлээгүй тул 2010 онд орсон уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа ч Олон улсын гэрээний тухай хуулийн Наймдугаар зүйлийн 8.2, Хорин зургаадугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд ажиллах далайчдын чадамжийг сайжруулах, олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ хэрэгжүүлэх, далбааны эзэн улсын хувьд бүртгэлтэй хөлөг онгоцонд аливаа зөрчил, дутагдал гаргуулахгүй байх үүднээс Олон улсын далайн байгууллагын далайчныг сургах, стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны конвенцод 2010 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Б.Баттөмөр: Л.Халтар сайдад баярлалаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгнө үү. Б.Бат-Эрдэнэ гишүүнээр тасаллаа.

Н.Алтанхуяг гишүүнд микрофон өгье.

Н.Алтанхуяг: Асуулт байгаа юм.

Үүнийг ерөөсөө уншиж чадсан ч үгүй. Ийм зузаан. Тэгээд энэ нь болохоор зэрэг далайчныг сургах, стандарт гэрчилгээ олгох конвенц. Конвенцийн өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл гээд их лаг юм байна.

Энэ ер нь надаас асуух ч юм алга. Энэ та нар тэгээд тэр учраа олоод тэр хүн амьтны хэлдэг конвенц байна уу, цэнгэнэ биз.

Энэ далай ер нь юу болсон бэ гэж асуух гэж байгаа юм. Энэ нэг дээр үед нэг ийм юм яригдаад. Манай Засгийн газрын үед ч яваад. Энэ ер нь хаана ямар юм байна? Манайд. Энэ одоо аль зэрэг төсөв мөнгөтэйгөөр, хэчнээн хүнтэйгээр яаж ажиллаж явна? Далайн захиргаа ч билүү. Би одоо мартчихжээ.

Нэг тиймэрхүү нэртэй нэг юм яваад байдаг байхгүй юу. Сүүлдээ энэ дарга нарын хавийн хүмүүс очиж бизнес хийж байна гээд ингээд нэг юм яригддаг. Надад энэ талаар энэ далайн захиргааны байгууллагын талаар нэг товч ойлголт, хариулт өгөөдөх.

Хоёрдугаарт нь, мөнгө төгрөг болдог юм уу, зардаг юм уу? Аль нь дийлж явж байгаа бол.

Гуравдугаарт нь, хэчнээн орон тоотой, хаана байрлаж явна?

Манай нөгөө нэг далбаатай хөлөг онгоц гээд нэг юм байдаг. Тэр одоо хэчнээн газар далбаагаа түрээслүүлчихсэн явж байна? За нэг ийм багцааны юм надад нэг хэлээд өгөөч.

Б.Баттөмөр: Хэн хариулах вэ? Гишүүний асуултад. 1 дүгээр микрофон өгье.

С.Түвшинтөр: Далайн захиргаа. С.Түвшинтөр.

Монгол Улсын далайн захиргаа нь Улсын Их Хурлаас соёрхон баталсан Далай ашиглах тухай хуулийн дагуу байгуулагдсан байгууллага байгаа.

Энэ нь зам, тээврийн хөгжлийн салбарын дэргэдэх байгууллага гэж явдаг. Улсын төсөвт үйлдвэрийн газрын статустай байгаа.

2018 оны 01 сарын 24-нд Далайн захиргааны бүтэц, орон тоо батлагдсан байдаг. Манай байгууллага өнөөдрийн байдлаар 26 хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Хөлөг онгоцны бүртгэлийн хувьд гэвэл манай хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компани Сингапур Улсад байрладаг. 70 хувь нь Монголын эзэмшилд байдаг. 30 хувь нь Сингапурын эзэмшилд байдаг.

Сингапуртай бид 4 хүний бүтэц, оронтой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Захирал, Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, гадаад хамтын ажиллагаа гэсэн тийм бүтэц, орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 352 хөлөг онгоц бүртгэгдсэн аялж байгаа.

Ерөнхий аялдаг бүс нутаг нь Ази номхон далайн бүсийн орнууд байдаг. Жишээлбэл, Сингапур, Хонконг, Малайз, Индонез, Тайвань, Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Панам гээд бусад орнуудын хөлөг онгоцнуудыг одоогоор бүртгэсэн байгаа.

Мөнгөний хувьд гэвэл хөлөг онгоцны бүртгэл нь 2019 оны байдлаар сая 300 ам.доллар олсон байгаа. Үүнээс Сингапурын компанийн урд талын төсөв ордог. Дээрээс нь Далайн захиргааны төсөв бас энэ хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанаас санхүүжүүлж явдаг байгаа.

Б.Баттөмөр: 4 дүгээр микрофон өгье. Л.Халтар сайд.

Л.Халтар: Н.Алтанхуяг гишүүний асуултад нэмж тодруулга өгье.

Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 26 хүнтэй. Улсаас ямар нэгэн дотаци, санхүүжилт авдаггүй.

Энэ Сингапурт байгаа Монголын хөлөг онгоцны бүртгэл компанийнхаа олсон мөнгөнөөс санхүүжээд явчихдаг юм. Энэ компани улсын төсөвт жишээлбэл 2017 онд 190 доллар, 2018 онд 209 мянга, 2019 онд 209 мянга, 2020 онд 223 мянган доллар төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнийгээ цаг хугацаанд төвлөрүүлээд явж байгаа.

 Энэ Монголын хөлөг онгоц бүртгэлийн Сингапурт байж байгаа компани 5 хувь нь Улаанбаатар хотын эзэмшилд, 65 хувь нь Зам, тээврийн хөгжлийн яам, 30 хувь нь Сингапур талын эзэмшилтэй ийм компани үйл ажиллагаа явуулдаг юм.

Энэ 26 хүний хувьд Хөвсгөл далай гээд манай усан тээвэртэй холбоотой. Мөн иргэд аялал зугаалаг хийдэг энэ чиглэл дээр ялангуяа зуны улиралд цөөнгүй байцаагч нар ажилладаг. Энэ орон тоо нь Далайн захиргааны бүтэц дотор ороод явчихдаг юм. Баярлалаа.

Б.Баттөмөр: Н.Алтанхуяг гишүүнд 1 минут өгье.

Н.Алтанхуяг: Тэр бүртгэл гээд байгаа чинь 350 тавь гаруй хөлөг онгоц манайд юм уу, тэр хамтарсан компанид бүртгэгдэж байна гэсэн үг үү?

Тэгээд манай далбаа мандуулах уу? Бүгдээрээ юу? Хураамж нь ямар байдаг юм? Юунаас хамаардаг юм?

Б.Баттөмөр: 1 дүгээр микрофон. С.Түвшинтөр хариулъя.

С.Түвшинтөр: Гишүүний асуултад хариулъя.

Бүртгэлийн хураамж нь хөлөг онгоцны насжилт болон төрөл, тэгээд даацын хэмжээ, gross tonnage-ээс нь хамаарч тарифыг нь гаргадаг байгаа.

Тэгээд манайхаас зөвхөн бүртгэл хийхээс гадна бид техник хяналтын үйл ажиллагааг нь хийдэг болохоор бас техникийн үйл ажиллагааны зардал дээр хөлөг онгоцны тэр төрөл ангиллаас нь хамаарч бид хураамж авч байгаа.

Ер нь 5-аас 6 мянгын хооронд л дундаж мөнгө нь. Жилийн. Тийм. 5-аас 6 мянган доллар байдаг.

Б.Баттөмөр: Б.Бат-Эрдэнэ гишүүн асуултаа асууя.

Б.Бат-Эрдэнэ: Баярлалаа.

Яах вэ. Ер нь түрүүн гишүүний асуулт дээр нэлээн тодорхой гарчихлаа.

Тэгэхээр зэрэг би нэмээд хэлэхэд энэ чинь Монгол Улсын далбааг мандуулчихсан 350 далайн хөлөг онгоц байдаг юм байна. Тэгэхээр чинь зэрэг эрхээ биш энэ чинь нэг тусгаар тогтносон улс орны далбаа мандуулж байгаа учраас ямар нэгэн хэрэг зөрчил, хэл ам дагуулсан ийм зүйлүүд байх уу, үгүй юу? Тэрийг нь манай талаас оролцоо байж болох уу, үгүй юу?

Одоо Сингапурт нэлээн өндөр өртөг зардалтай газар лут л одоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгээд тэндээсээ нэг татвар шимтгэл хэдэн доллар олоод, тэгээд тэрийгээ эргүүлээд зарчхаад байдаг бололтой ийм л юм байна л даа.

Тэгэхээр энэ ер нь цаашдаа ямар ирээдүй байгаа юм? Ер нь энэ олон улсын конвенцоороо заавал далайд гарцгүй улс орнууд мэдээж тодорхой хэмжээний боломж олгосон байдаг байх. Гэхдээ үр ашигтай байх ийм нөхцөл бололцоо, зүйлүүд байдаг юм уу, үгүй юу? Би үүнийг тодруулж асуугаад байгаа нь энэ зам тээврийн яамтай, энэ салбартай холбоотой жаахан хариуцлага ярих ёстой байх.

Ер нь ингээд мэргэжлийн ийм хүн сайд, одоо энэ салбарыг толгойлж байгаа гэдэг байдлаар нөгөө дүлийдээ найдаад гэдэг шиг ингээд хаяж болохгүй байх гэдэг ийм зүйлийг би хэлэх гээд байгаа юм л даа. Хариултаа авъя.

Б.Баттөмөр: Л.Халтар сайд. 4 дүгээр микрофон.

Л.Халтар: Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулъя.

Энэ хариуцлагын асуудал маш том. Өөрөөр хэлбэл Монгол Улсын далбаа мандуулж байна гэдэг бол тэрний ар талд ямар нэгэн асуудал үүсэхэд Монгол Улс хариуцлага хүлээх үүрэг хүлээж байгаа юм.

Тийм учраас энэ Сингапурт байж байгаа Монголын хөлөг онгоцны бүртгэл компанид монголчууд ажиллаж байгаа явдал бол тэнд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ компани Монголын далбаа мандуулахаар бүртгэгдэж байгаа компани өмнө нь олон улсад ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаж байсан эсэх, ямар ачаа бараа аль чиглэлд зөөвөрлөдөг, олон улсын ямар нэгэн хоригт орж байсан бараа буюу чиглэл маршрутаар ачаа тээвэрлэж байсан эсэх гээд энэ бүх судалгаануудыг судалсны үндсэн дээрээс энэ бүртгэлийг хийдэг. Цөөнгүй компаниудын судалгаа буцдаг ийм тохиолдлууд олноороо бий.

Б.Бат-Эрдэнэ гишүүн бас асуулаа. Цаашдаа энэ далайн тээврийн хувь заяа яах вэ гэж.

Ер нь цаашдаа зүгээр нэг далбаагаа мандуулаад таван төгрөг аваад суух бидний зорилго ерөөсөө биш байгаа юм. Бидний туйлын зорилго бол яг үндсэндээ Монгол Улсын өмч болсон хөлөг онгоц их далайд аялах нь бидний том зорилго.

Энэ зорилгоор Монгол Улс Солонгосын талтай далайн тээврийн компани хамтарч байгуулах, хөлөг онгоц эзэмших санамж бичиг байгуулаад. Харамсалтай нь яг хөлөг онгоцоо худалдаж авах мөнгөний санхүүжилт дээрээ очоод гацчихсан байгаа учраас бид энэ дээр одоохондоо тодорхой шийдэл гаргаагүй байна.

Уг нь Солонгосын талын Зам, тээврийн яамныхан, бидэнд хандаад энэ асуудлаар яриа хэлцэл явагдаж байсан. Бид ойрмогхон 12 сарын сүүл, 1 сарын эхээр цаг заваа харж байгаад бас онлайнаар…/минут дуусав/

Б.Баттөмөр: Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүд байвал нэрээ өгье.  Алга байна.

Санал хураалт явуулъя. Техникийн шаардлага хангагдсан. Шууд цахимаар 7 гишүүн оролцож байгаа учраас цахимаар явуулъя. Саналаа.

Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Гишүүд саналаа өгнө үү. Цахимаар явна.

17 гишүүн оролцож, 11 гишүүн дэмжиж, 64.7 хувь. С.Батболд гишүүнийг нэмээд дүнгээ гаргачихъя.

Ингээд энэ санал дэмжигдлээ. 70.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд хэн танилцуулах вэ? Б.Энх-Амгалан гишүүн. Б.Энх-Амгалан гишүүн танилцуулна.

Гурав дахь асуудал.

Гурав.Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл байна.

Ажлын хэсгийг урьж байна. Ажлын хэсгийг танилцуулъя. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд. Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайд, Батсүмбэрийн Мөнхжин Гадаад харилцааны дэд сайд, Сүхээгийн Сүхболд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал, Баттөмөрийн Бат-Өлзий Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байна.

Г.Сайханбаяр сайдад танилцуулах гэж байна уу? Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулна. 4 дүгээр микрофон.

Г.Сайханбаяр: Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 2002 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр соёрхон баталж Монгол Улс гишүүнээр нэгдэн орсон.

Ингэснээр Монгол Улс Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх, эрх ямбыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, нутаг дэвсгэртээ эдлүүлэх үүрэг хүлээсэн.

Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нью-Йорк хотноо оролцогч улсуудын ассамблейгаас Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг баталсан.

Одоогоор уг хэлэлцээрийг 78 улс соёрхон батлаад байна. Энэхүү хэлэлцээр нь нийт 39 зүйлээс бүрдэх бөгөөд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлд заасан дархан эрх болон эрх ямбыг илүү дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд түүний гол агуулга нь Олон Улсын Эрүүгийн шүүх өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай дахин эрх болон эрх ямбыг оролцогч улсуудын нутаг дэвсгэрт эдлэх бөгөөд ингэхдээ дипломат харилцааны тухай Венийн конвенцын дагуу дипломат төлөөлөгчид олгодогтой адил хамгаалалтыг эдлэх юм.

Тус хэлэлцээрт шүүхийн дархан эрх, эрх ямбаас гадна шүүгч, прокурор, орлогч прокурор, нарийн бичгийн дарга зэрэг шүүхийн ажиллагаанд оролцогч этгээдийн дархан эрх, эрх ямба, түүнээс татгалзах үндэслэл, оролцогч улсын хүлээх үүргийг нарийвчлан тусгасан болно.

Монгол Улс тус хэлэлцээрт 2003 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд түүнийг соёрхон баталснаар Монгол Улс Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт өгсөн Монгол Улс дахь хүний эрхийн төлөө төлөв байдлын тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.

Хуулийн төслийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Б.Баттөмөр: Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэрээ өгнө үү. Асуулт, асуух гишүүд алга байна. Одоо санал хураалт явуулна.

Б.Энх-Амгалан гишүүнээр тасалъя. Н.Алтанхуяг гишүүн.

Н.Алтанхуяг: Яагаад энэ Батлан хамгаалахын сайд ийм юм яриад явчхав. Батлан хамгаалах биз дээ. Тэр хажуу талынх нь хүмүүс нь Гадаад харилцааны яамныхан юм уу. Оруулж уншсан юм уу.

Б.Баттөмөр: Гадаад хэргийн сайд өнөөдөр чухал ажилтай.

Н.Алтанхуяг: Энэ жаахан ярих байх аа даа.

Би үүнийг уншаад ерөөс сайн ойлгохгүй байна. Та нар хариулаад өгөөч. Ингэснээр тэр гадна талын манай Монголд үйлчлэх эрхүүд нээгдэх гээд байгаа юм уу? Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрт. Бид соёрхон батлах гээд байна шүү дээ. Нэгдээд орох нь бол дээр үед орчихсон.

Тэгээд энэ их олон жил тэгээд юугаа хийж явсан юм. Одоо нэгдэж орсноор манайд ямар давуу талууд бий болох юм? Хариулаадхаач.

Энэ шүүхийн хууль одоо эхлээд явах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ямар нөлөө үзүүлэх вэ? За хариулчих.

Б.Баттөмөр: 7 дугаар микрофон. Ажлын хэсгийн 7 дугаар микрофоныг өгье.

С.Сүхболд: Н.Алтанхуяг гишүүний асуултад хариулъя.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 48 дугаар зүйлийн дагуу энэ гэрээний дэлгэрэнгүй хэлэлцээр нь батлагдсан.

Гэрээний заалтаар ерөнхийдөө. Жишээлбэл, манай нөхцөлд тайлбарлах юм бол манай улсаар дамжин өнгөрч Олон Улсын Эрүүгийн шүүхийн оролцогч талуудын хуралд оролцох гэж байгаа төлөөлөгчийн хувьд манай улсаар дамжин өнгөрөх тохиолдолд тухайн төлөөлөгчид хувийн ачаа болон дипломат харилцааны тухай Вений конвенцод заасан эрх ямбуудыг эдлүүлнэ гэсэн үг.

Давуу талын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ бид биелүүлж байгаа. Ингэснээрээ мөн адил манай төлөөлөгч Олон Улсын Эрүүгийн шүүхийн оролцогч талуудын хуралд оролцох тохиолдолд аливаа энэ гэрээ хэлэлцээрт дурдсан давуу эрх, дархан эрх ямбыг эдлэх ийм давуу талтай болж байгаа юм. Тийм.

Б.Баттөмөр: Нямаагийн Энхболд гишүүн.

Н.Энхболд: Ерөнхийдөө энэ хэлэлцээрийг нь дэмжиж байгаа.

Энэ Олон Улсын Эрүүгийн шүүх бол цэргийн гэмт хэрэг, геноцид. Голдуу иймэрхүү хүн төрөлхтөний эсрэг, энх тайвны эсрэг хийсэн гэмт хэргүүдийг шүүдэг ийм шүүх л дээ.

Зүгээр энэ дотроо бас маргаантай зүйлүүд улс орнууд хүлээн зөвшөөрдөггүй асуудлууд бас бий. Тийм ээ. Жишээ нь, бидэнтэй ойрхон дотно харилцаатай байдаг улс орнуудаас гэхэд манай гурав дахь хөрш гэж явдаг Америкийн Нэгдсэн Улс энэ хуулийг үндсэндээ, ялангуяа Д.Трампын Засгийн газрын үед хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийнхөө хүмүүсийг шийтгүүлэхгүй гэсэн байр суурь барьдаг. Бид өөрсдийнхөө хүмүүсийг шийтгэнэ гэсэн мөртлөө тэр талаараа тодорхой мэдээлэл байдаггүй энэ тэр гээд.

Түүнийхээ хажуугаар олон улсын энэ шүүхийн хуралд оролцсон, за өөрсдийнх нь эрх ашигт нийцээгүй асуудлуудаар оролцож байгаа тэр улс орнуудын төлөөлөгчдөд хоригууд тавьдаг. Үүнийг та нар мэдэж байгаа. Тийм ээ. Янз бүрийн хоригууд тавьдаг.

Ийм зүйлүүд гарах. Манайхаас чухам энэ хуралд шүүгчээр, прокуророор, нарийн бичгийн даргаар оролцох ийм боломжууд ер нь бий юу? Ойрын үед.

Бид энэ гэрээнд нэгдээд орчихсон юм гэж хэлээд жишээ нь өөр улсын нутаг дэвсгэр дээр болсон гэмт хэргийг шүүх ажиллагаанд манайх хүмүүс томилогдоод очлоо гэж бодоход манай улсад тухайлбал. Би зүгээр хамгийн тод жишээ болохоор нь Америкийг нэрлэж байгаа. Ийм улс хэд хэд бий. Израйль гээд.

Энэ улсуудын зүгээс хориг саад тавих, эсэргүүцэл илэрхийлэх, үзүүлэх ийм тохиолдлууд гарч болох уу, үгүй юу? Магадлалын хувьд. Манайхаас ер нь би орж байсныг бараг санахгүй юм. Орох магадлал…/минут дуусав/

Б.Баттөмөр: Хэн хариулах вэ? 7 дугаар микрофон өгье. Ажлын хэсгийн.

С.Сүхболд: Н.Энхболд гишүүний асуултад хариулъя.

Олон Улсын Эрүүгийн шүүх олон улсын байгууллага болоод үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тодорхой эсэргүүцэл, зарим хүндрэлүүдтэй тулгарч байгаа. Тэр хүндрэлийг сая Н.Энхболд сайд маань ярилаа. Ялангуяа Д.Трампын Засгийн газрын үед энэ асуудлыг Ромын дүрэмд гарын үсэг зурсан мөртлөө соёрхон батлаагүй байхдаа Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан тодорхой тооны хүмүүстэй холбогдсон хэргийг Ромын эрүүгийн шүүх мөрдөн шалгах ёстой гэсэн ийм зүйл гарснаараа гарын үсэг зурснаасаа татгалзчихсан байж байгаа.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч болох бололцоо Монгол Улсын хувьд нээлттэй. Ялангуяа шүүгч, прокурор, прокурорын орлогч, нарийн бичгийн даргыг Олон Улсын Эрүүгийн шүүхийн оролцогч талуудын асамблейн хурлаар сонгодог.

Одоогоор манай энэ олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр өрсөлдөөд явж байгаа. Ийм бололцоо бол байгаа.

Гурав дахь асуултын хувьд. Хэрэв Монгол Улсад олон улсын Ромын дүрэмд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн этгээд зорчих, этгээд нэвтрэх ийм тохиолдолд бид үүргийнхээ дагуу Олон Улсын Эрүүгийн шүүхэд хүлээлгэж өгөх ёстой.

Тэгэхээр мэдээж энэ үүргээ биелүүлсний эсрэг тодорхой хориг, янз бүрийн улс төрийн эсэргүүцэл гарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа Ромын дүрмийн оролцогч биш орнуудын зүгээс ийм зүйл гарахыг үгүйсгэхгүй.

Баярлалаа.

Б.Баттөмөр: 1 минут. Нямаагийн Энхболд гишүүнд.

Н.Энхболд: Хөрш маань ямархуу статустай, ямархуу байр суурьтай байгаа вэ? Сүүлийн үед. Яг энэ Ромын дүрмээр явагдаж байгаа ICC[International Criminal Court]-гийн хэлэлцэж байгаа асуудлуудаар ерөнхийдөө шүүхийнх нь хувьд ямархуу хандлага, байр суурь илэрхийлж байгаа вэ? Сүүлийн үеийнх нь байдлаар. Гишүүн мөн эсэхийг нь бас гишүүдэд хэлчих.

Б.Баттөмөр: 7 дугаар микрофон.

С.Сүхболд: Хоёр хөршийн хувьд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч тал биш. Ялангуяа Ромын дүрмийг хэлэлцсэн Бага хурлын үед энэ хоёр улс энэ Ромын дүрмийг батлахын эсрэг анхнаасаа байсан.

Тийм болохоор Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч талын биш хувьд энэ хоёр орон энэ үйл ажиллагаанд оролцохгүй явж байгаа.

Гэхдээ олон улсын эрүүгийн шүүхийн энэ үйл ажиллагааг ерөнхийдөө шүүмжилсэн ийм байр суурьтай, нэлээн эсэргүүцсэн байр суурьтай ханддаг. Учир нь аливаа үйлдэгдсэн гэмт хэрэг бол тухайн орны дотоодын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд, тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу гүйцэтгэгдэх ёстой гэсэн байр сууринаас энэ асуудалд ханддаг юм.

Б.Баттөмөр: Б.Энх-Амгалан гишүүн.

Б.Энх-Амгалан: Олон Улсын Эрүүгийн шүүхийн энэ гэрээг соёрхон батлах тухай орж ирж байна л даа.

Тэгээд энэ Ромын дүрмийнхээ 48 дугаар зүйлд шүүгч, прокурор, тэгээд энэ шүүхийн үйл ажиллагаанд оролцдог энэ нөхдүүдэд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд олгогдохдоо адилхан эрхэм болгох тухай ингээд яриад байдаг.

Гэтэл эднийг энэ нөхдүүд чинь угаасаа маш хүнд байдлаар ингээд асуудлыг шийддэг болчихсон нөхдүүд байна шүү дээ. Өвөрхангайд болсон сонгуулийг Хан-Уул дээр шийдчихдэг. Ард түмнээс сонголт аваад гараад ирсэн хүний эрхийг түдгэлзүүлчихэд. Тэр битгий хэл өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах ёстой, нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоочихдог.

Ийм хүмүүст дархан эрх ямба олгох тухай яриад сууж байдаг нь зөв юм уу, буруу юм уу?

Тэгээд энэ бол өөрийн нутаг дэвсгэртээ эдлүүлэх эрхийг хүлээн зөвшөөрнө гээд байгаа юм. Та хоёр хөрш чинь үүнийг зөвшөөрөхгүй байхад бид үүнийг хүлээж аваад тэгээд энэ шүүх, прокурорын хүмүүст ийм дархан эрх ямба, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнтэй тэнцэхүйц тийм эрх ямба олгоно гээд сууж байдаг нь зөв юм уу, буруу юм уу? Үүнийг надад нэг хэлээдхээч. Тэгээд би дараа нь тодруулъя.

Б.Баттөмөр: 7 дугаар микрофон.

С.Сүхболд: Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр шүүгч, прокурор, прокурорын орлогч, нарийн бичгийн даргаар томилогдох тохиолдолд Олон Улсын Эрүүгийн шүүхийн оролцогч талуудын ассамблейн 123 гишүүний саналаар сонгогддог. Өөрөөр хэлбэл олон улсын оролцогч талууд нэр дэвшүүлж сонгогддог ийм процесстой.

Тэгэхээр сонгогдоод гарч ирсэн шүүгчийн хараат бус, бие даасан, халдашгүй байх эрхийг оролцогч орнууд хүлээсэн байдаг.

Тэгэхээр энэ утгаараа бол энэ асуудал хөндөгдөж байгаа гэж ойлгож байгаа.

Б.Баттөмөр: Б.Энх-Амгалан гишүүн 1 минут тодруулга.

Б.Энх-Амгалан: Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг бид Шүүхийн тухай хуулиар зохицуулж байгаа. Зохицуулж байгаа.

Заавал яахаараа бид олон улсын өмнө ингээд ийм эрх ямбыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ? Тэгээд олон улсын шүүхийн байгууллага ингэсэн. Тийм учраас тэрнийхээ дагуу ажиллаж байна гээд ингээд хүний эрх, эрх чөлөөг зөрчөөд байвал яах юм бэ энэ хүмүүсийг чинь. Яг шүүхийн үйл ажиллагаанд оролцдог хүмүүст дархан эрх ямба олгох гээд байна шүү дээ.

Бид тэгж болох юм уу? Тэд энэ хоёр хөрш чинь ингэж болдоггүй юм аа. Энэ чинь дотоодынхоо хуулиар шийдэгддэг юм аа гээд байхад л бид нар тэр дээр заавал тэр олон улсын байгууллагын өмнө эрх үүрэг хүлээж, тэрийг нь соёрхон баталж, хүмүүс дархан эрх ямба, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнтэй тэнцэхүйц эрх ямба олгох гээд байдаг нь ямар учиртай юм бэ гэж дахин дахин суугаад байна шүү дээ. Ийм ямар шаардлага байгаа юм бид нарт. Үүнийг соёрхон батлах ямар хэрэгцээ байгаа юм.

Б.Баттөмөр: 1 дүгээр микрофон.

Б.Мөнхжин: Энэ буруу ойлгогдох шиг боллоо. Энэ Гаагад төвтэй Олон Улсын Эрүүгийн шүүхэд 18 шүүгч л байгаа.

Монголын шүүгчдийн тухай бол биш юм. Олон улсын байгууллага буюу Ромын дүрмээр батлагдсан эрүүгийн шүүх. Олон улсын. Дөрөвхөн төрлийн гэмт хэргийг шүүх эрхтэй. Геноцид үйлдсэн тохиолдолд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд, дайны гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэсэн дөрөвхөн гэмт хэргийг тусгайлан шүүдэг шүүхийн байгууллага байгаа. Гаагад төвтэй. Энд 18 шүүгч байгаа. Сонгон шалгаруулалтын журмаар сонгогддог. Прокурор байгаа. Прокурорын орлогч байгаа.

Энэ хүмүүсийн дархан эрх ямбыг дипломат, Монгол Улсад сууж байгаа дипломаттай адилхан болох дархан эрх ямба, халдашгүй байдлыг хангах…/минут дуусав/

Б.Баттөмөр: Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санал хураалт явуулъя.

Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүд байвал нэрээ өгнө үү. Б.Бат-Эрдэнэ гишүүнээр тасалъя. Ш.Адьшаа гишүүнд микрофон өгье.

Ш.Адьшаа: Энэ асуудлыг дэмжээд явах нь зүйтэй байх гэж бодож байна.

Яагаад гэхээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрт Монгол Улс үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхдээ энэ дээр Монгол Улсын шүүх, прокурорын асуудлын ойлголт биш байх гэж Б.Мөнхжин сайдын тайлбараас сонслоо.

Нэгэнт бид өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхэт гишүүн олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Тэгэхлээр тэр Гаагийн шүүх гэдэг тэр олон улсын шүүхийн дипломат бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн нэг үүрэг гэж бодож байгаа юм.

Тийм учраас үүнийг бид хэлэлцээд, дэмжээд, батлаад явах нь зөв байх. Энд Монгол Улсын Ерөнхий прокурор ч юм уу, Дээд шүүхийн даргын бүрэн эрхийн асуудал биш байх гэж ойлгож байгаа учраас үүнийг дэмжээд явъя гэсэн ийм саналыг хэлж байна.

Б.Баттөмөр: Д.Цогтбаатар гишүүн.

Д.Цогтбаатар: Нэгдүгээрт, асуудлыг дэмжиж байгаа.

Хоёрдугаарт, Гадаад яамныхандаа хандаж хэдэн зүйл хэлмээр байна. Ажлаа мэдээ. Оруулж ирээд буруу тайлбарлахаар гишүүд ингээд буруу ойлгох нь аргагүй шүү дээ.

Та нар яагаад. Энэ чинь Customary international law буюу уламжлалт олон улсын хууль гэдгийг ярихгүй байгаа юм. Мэдэхгүй байгаа юм уу.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын reprovision case гээд нөхөн төлбөрийн олон улсын хуулийн хэрэг байгаа. Тэр гарсан дүгнэлтээр дэлхийн 50 гаруй орон тодорхой нормыг тогтоож байгаа бол энэ нь олон улсын хуулийн уламжлалт нормыг тогтоох хэмжээний санал нэгдэх үйл ажиллагаа юм гэж дүгнээд тэрнээс хойш. Одоо жишээлбэл Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд дипломат эрх ямбатай болсон. Яагаад гэвэл Палестинд байр руугаа явж байгаад алагдсан Шведийн дипломат эрх ямбатай байх ёстой байсан. Тэрийг нь хангаагүй гээд. Үүнээс болж эрх ямбатай болсон.

Тийм учраас олон улсын байгууллагын хүмүүс бол дипломат эрх ямба эдэлдэг. Энэ олон улсын хууль. Бид нэгдээд орсон бол үүнийг дагаж мөрдөх ёстой. Бид нэгдэж ороогүй байсан ч олон улсын уламжлалт хуулиараа манайх дагаж мөрдөх үүрэгтэй байдаг юм. Тэгээд үүнийгээ та нар яагаад ярихгүй байгаад байгаа юм. Нэг.

Хоёрдугаарт, ер нь энэ дархан эрх ямбын асуудал бол бас чухал. Монгол төр өнөөдөр маш олон янзын чиглэлээр гаднынхантай ажиллаж байгаа. Манай төрийн тусгаар бүрэн эрхийг хүндэтгэхгүй байх, үл хүндэтгэх юмнууд гардаг. Тэрэн дээр Гадаад яам хааяа шийрэгнээд арагшаа суудаг. Муу хэлүүлж магадгүй гээд.

Төр оршиж байгаа бол өөрийнхөө тэр төрийн эрхийг хамгаалж чаддаг байх ёстой шүү. Одоо би яг өөрөө сайд байхдаа хэчнээн муу хэлүүлж байгаад Солонгосын талд манай дээр зөндөө асуудал гаргасан.  Намайг зөндөө муулсан. Гэхдээ Монгол төр байгаа цагт би муулуулах нь чухал биш. Монгол төрийн тэр дархан эрх хүндэтгэгддэг байх ёстой. Та нар хүндэтгүүлж чаддаг байх ёстой. Ийм хэмжээний мэдлэгтэй байхад, ингэж эх сурвалжуудаа гаргаж ирж чадахгүй байхад та нар яаж Монгол төрийг хамгаалах юм. Та нараас илүү мэдлэгтэй хүмүүс өөдөөс чинь хараад сууж байгаа шүү дээ.

Тэгэхлээр үүнийгээ би гаргаж ирээд ярих болов уу гээд өчнөөн сонсоод гаргаж ирж ярихгүй юм. Тэгээд наадах чинь Гаагийн юу биш. Римийн шүүх. Тэрийгээ бас мэдэж ярих хэрэгтэй байна шүү дээ. Та нар маань тэгэхлээр энэ дээрээ юмаа сайн бэлдэж орж ир. Гишүүд зөв юм асуугаад байна шүү дээ.

Б.Баттөмөр: Нямаагийн Энхболд гишүүн.

Н.Энхболд: Энэ шүүхийнх нь дүрмийг манайх хүлээн зөвшөөрөөд гишүүн болчихсон ийм байгууллага. Би энэ хэлэлцэж байгаа асуудлыг би дэмжиж байгаа.

Түрүүн би хэлсэн. Энэ Гаагийн олон улсын эрүүгийн шүүх бол энэ геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, цэргийн гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг гэсэн ийм дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улс орнуудын эрх ашгийг хамгаалдаг. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээс хамгаалж байна гэсэн үг юм байгаа юм.

Жишээ нь, манай нутаг дэвсгэр дээр ямар нэгэн байдлаар ийм гэмт хэргүүд гарлаа гэж бодоход үүнийг бид өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр шүүх ажиллагааг нь явуулж чадахгүй юм уу, эсвэл хүсэхгүй тохиолдолд үүнийг олон улсын тэр шүүх аваад хэлэлцээд зөв бурууг нь тодорхойлоод, манай нутаг дээр явагдсан гэмт хэргээс биднийг хамгаалах, давтуулахгүй байх ийм шийдвэр гаргадаг байгууллага байгаа юм. Энэ бас бидний бодож байх ёстой зүйл.

Яагаад би түрүүн тэр том том гүрнүүдийг асуусан гэхээр эд нар бол дандаа өөрсдийнхөө бодлогыг түлхүү явуулахаа боддог. Эрх ашгаа нөгөө чадалтай зөв гэдэг байдлаар заримдаа асуудалд ханддаг учраас ийм зүйлүүд гараад байдаг юм. Зүгээр манайх шиг улсын хувьд саяын ийм том том аюултай гэмт хэргүүд бол гарах магадлал харьцангуй бага болов уу л гэж найдаж явдаг.

Гэхдээ нэгэнт гишүүн нь болчихсон улс дараагийнх нь “а” гээд хэлсэн бол “б” гэж хэлэх ёстой ийм л асуудал байгаа юм. Энэ хуулийг би дэмжиж байна. Батлах нь хэрэгтэй гэж үзэж байгаа.

Зүгээр манайхаас хэрэв энэ хуулийн энэ шүүхийн шүүгч тодроод тодорвол сайн. Олон улсын хэмжээнд үнэлэгдэж байна гэсэн үг. Үнэхээр тодорчихлоо гэж бодоход тийм улсуудыг ямар хэрэгт, ямар улстай холбоотой, ямар улсын нутаг дэвсгэр дээр болсон хэрэгт холбоотой асуудлыг шийдэх шүүх ажиллагаанд оролцох вэ гэдэг тал дээр нь бас бид их болгоомжтой хандаж байх ёстой байгаа юм. Үүнийг цаашдаа бодно биз ээ гэж бас сануулж байна.

Тэгээд би үүнийг хэлэлцүүлээд шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Б.Баттөмөр: Б.Бат-Эрдэнэ гишүүн.

Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ нэгдүгээрт хэлье.

Хоёрдугаарт, ерөнхийдөө манай улс орны эдийн засгийн амьдралтай холбоотой. Цаашлах юм бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой яригдах байх.

Энэ гадаадын үндсэн дамнасан пүүс, компаниудад цөлмүүлээд дуусдаг. Оюу Толгойгоос өгсүүлээд. Энд байгаа хөрөнгөтэй, эрх мэдэлтэй улсууд нь гадаадын улс орнуудаар хөрөнгө мөнгөө байршуулдаг, оффшор дансанд хийдэг, мөнгө угаах гэмт хэрэгт орооцолддог. Тэр нь эргээд улс орныхоо нэр хүндийг унагадаг. Бүр цаашлуулаад аваад үзэх юм бол одоо энэ гадаад харилцааны салбарын хүмсүүдийн хариуцлага, сахилга бат, ёс зүйтэй холбоотойгоор олон асуудлууд гардаг.

Тэгээд энэ маань одоо бүгдийг нь цэгцлээд журамлаад эмх цэгцдээ орсон гэсэн үг үү. Эсвэл одоо ингээд нуугдаад ерөнхийдөө одоо нэг хэд хоног давалгаалж байгаад тэгээд одоо намждагаараа ингээд намжаад таг болчхов уу. Тухайлах юм бол Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис зөөсөн. Зүгээр ердийн амны тамхинаас эхлээд ингээд цаашаа гүнзгийрсээр байгаад хар тамхи зөөдөг ийм хууль бус ажил чинь одоо энэ Гадаад яаманд үүрлээд хэдэн арван жилийн нүүр үзэж байгаа шүү дээ.

Тэгээд энэ мэт асуудалдаа дүгнэлт хийх хэрэгтэй байх. Тэгсхийгээд ерөнхийдөө Засгийн газар солигдох юм уу, эсвэл нэг тодорхой цаг хугацаа өнгөрөхөөр зэрэг энэ асуудлууд алга болдог байж таарахгүй гэсэн ийм зүйлийг би хэлэх гээд байгаа юм.

Үнэхээр арга шийдэл, гарцыг нь олоод ингээд бүгдийг нь цэгцлээд журамлаад одоо ямар нэгэн асуудал байхгүй болчихсон, цэгцэлчихсэн бол одоо түүн шиг сайн юм байхгүй. Үнэхээр тийм юм байхгүй бол болохгүй гэдэг ийм зүйлийг л би хэлэх гээд байгаа юм. Баярлалаа.

Б.Баттөмөр: Гишүүд үг хэллээ. Одоо санал хураалт явуулна.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулна. Гишүүд саналаа өгнө үү.

Санал хураалтад 18 гишүүн оролцож, 12 нь зөвшөөрч, 66.7 хувийн саналаар дэмжигдэж байна.

Ажлын хэсгийнхэнд баярлалаа.

Чуулганы хуралдаанд хэн танилцуулах вэ? Ц.Сэргэлэн гишүүн танилцуулъя.

Дөрөв дэх асуудал. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Тав дахь асуудал. Тагнуулын байгууллагын хуульд өөрчлөлт оруулах тухай ийм хоёр асуудлыг одоо хэлэлцэнэ.

Ц.Сэргэлэн гишүүн горимын саналаа хэл.

Ц.Сэргэлэн: Баярлалаа.

Тэгэхлээр одоо хэлэлцэх дөрөв, тавдугаар асуудал бол Их Хурлын тухай хуулийн 22.2 дахь хэсэг, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт зааснаар төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаарах асуудлууд байж байгаа.

Тэгэхлээр энэ нууцын горимоор хаалттай хэлэлцэх горимын саналыг би гаргаж байна.

Б.Баттөмөр: Горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя.

Санал хураалтад 18 гишүүн оролцож, 12 хүлээн зөвшөөрч, 66.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Хаалттай горимд шилжүүлье.

Дууны бичлэгээс буулгасан:

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

ХӨТЛӨХ АЛБАНЫ

ШИНЖЭЭЧ                                                                          Ц.АЛТАН-ОД

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.