МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР /ДАВАА ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙН ТОВЬЁГ

Баримтын агуулгаХуудасны дугаар
1Хуралдааны товч тэмдэглэл         1-2
2Дэлгэрэнгүй тэмдэглэл3-12
1.Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/3-12

Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

11 дүгээр сарын 30-ны өдөр /Даваа гараг/-ийн

хуралдааны товч тэмдэглэл

            Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.

Коронавирусm халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал тогтоосон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Байнгын хорооны хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нар Төрийн ордны “Их хуралдай” танхимаас, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Аюурсайхан, Х.Баделхан, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар байгаа газраасаа MyParliament программ болон онлайн хэлэлцүүлгийн программыг ашиглан Байнгын хорооны хуралдаанд цахимаар оролцов.

Хуралдаанд оролцвол зохих 18 гишүүнээс 11 гишүүн цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлж, 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан 15 цаг 30 минутад Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхлэв.  

            Тасалсан: Ш.Адьшаа, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Н.Наранбаатар.

Нэг.Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

            Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, мөн газрын ахлах мэргэжилтэн Б.Гэрэлмаа нар цахимаар оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ж.Чимгээ, мөн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн, референт Б.Гандиймаа нар байлцав.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахимаар танилцуулав.

            Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар үг хэлэв.

Б.Баттөмөр: Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийгсоёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

            Зөвшөөрсөн:            10

            Татгалзсан:                  4

            Бүгд:                           14

            71.4 хувийн саналаар дэмжигдлээ.

            Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаан 38 минут үргэлжилж, 18 гишүүнээс 14 гишүүн оролцож, 77.8 хувийн ирцтэйгээр 17 цаг 08 минутад өндөрлөв.

            Тэмдэглэлтэй танилцсан:

            АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД

БОДЛОГЫН БАЙНГЫН

            ХОРООНЫ ДАРГА                                                             Б.БАТТӨМӨР

            Тэмдэглэл хөтөлсөн:

            ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

ХӨТЛӨХ АЛБАНЫ ШИНЖЭЭЧ                                           Д.УЯНГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР /ДАВАА ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

Б.Баттөмөр: Эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Засгийн газар Улсын онцгой комисс мэргэжлийн байгууллагуудаас ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж шийдвэр болон Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд заасан онцгой нөхцөлд хэрэглэх цахим хуралдааны дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд my.parliament болон zoommeeting программыг ашиглан цахимаар оролцож байна.

Хуралд оролцвол зохих гишүүдийн 66,6 хувь нь бүрдсэн байна. Ингээд гишүүдийн ирцийг танилцууллаа. Байнгын хорооны ирц 66,6 хувьтай бүрдсэн тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурал нээснийг мэдэгдье.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. Хэлэлцэх асуудал Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл. Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн. Энийг соёрхон батлах ёстой. Хэлэлцэх асуудалдаа одоо оръё.

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хэмжээний хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл соёрхон батлах асуудлыг хэлэлцэнэ. Ажлын хэсэг ирсэн байна. Ажлын хэсгийн микрофон. Ажлын хэсэгт цахимаар оролцож байгаа. Чимэдийн Хүрэлбаатар Сангийн сайд, Санжаагийн Мөнгөнчимэг Сангийн дэд сайд, Идэшийн Батхүү Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газрын дарга. Баатархүүгийн Гэрэлмаа Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтэн ийм хүмүүс бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн байна. Цахимаар оролцож байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар хийнэ. Хүрэлбаатар сайдад микрофон өгье. Будилаад байгаа юм уу яагаад байгаа юм бэ? Хуулиудын төслийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар хийнэ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Сангийн дэд сайд Мөнгөнчимэг хийнэ. Мөнгөнчимэг сайдад микрофон өгье.

С.Мөнгөнчимэг: Сайн байна уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлбаатар сайд маань вакцины талаар ажлын хэсгийн хуралтай учраас Сангийн дэд сайд Байнгын хорооны хурал дээр та бүхэндээ танилцуулга хийе.

Эрхэм Байнгын хорооны дарга, гишүүд ээ та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)- ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад 25 тэрбум иен ойролцоогоор 233 сая ам.долларын тусламжийн, зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гарын үсэг зураад байна.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан тогтворжуулахад дэмжлэг үзүүлэн эдийн засгийг эрчимжүүлэн, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэх юм.

Яаралтай тусламжийн зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 4 жил, зээлийн хүү нь 0,01 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь болно. Иймд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Анхаарал тавьсанд баярлалаа.  

Б.Баттөмөр: Мөнгөнчимэг сайдад баярлалаа. Хуулийн төслийн талаарх танилцуулга болон хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг бүртгэе. Асуулт асуух гишүүд нэрсээ өгнө үү. Доржханд гишүүнээр тасалъя. Аваад ир нэрсийг нь. Асуулт асуух нэрсэнд нэрээ өгсөн Доржханд гишүүнд микрофон өгье.

Т.Доржханд: Баярлалаа. Би яах вэ асуулт асууна гэхээсээ илүү энэ хэлэлцээрийг бол дэмжиж байгаа. Соёрхон батлах нь бол зүйтэй. Тэгээд илүү саналаа хэлэх гэсэн юм. Тэгэхээр энэ бид нар бас энэ эдийн засагчдын зүгээс бас ХҮН намын зүгээс бас зөвлөмж боловсруулаад өгсөн байгаа. Тэгээд зөвлөмжийн бас нэг үндсэн санаа нь юу вэ гэхээр яг ийм эдийн засгийн энэ ийм хүндрэлтэй үед коронагийн хүндрэлтэй үед бид нар гаднаас мөнгө босгож дотоодын эдийн засгаа дэмжих нь үнэхээр шаардлагатай байгаа юм.

Ялангуяа одоо ханш дээр төлбөрийн баланс дээр бол бид нар яах аргагүй хүндрэлийг бол үүсгэх нь бол тодорхой байна. Тийм болохоо гаднаас эх үүсвэр ялангуяа урт хугацаатай бага хүүтэй ийм зээлүүдийг төсвийн санхүүжилт дэмжлэг нөгөө талдаа бас төлбөрийн балансын дэмжлэг байдлаар яриа хэлэлцээрийг эхлүүлээд явуулах нь бол зүйтэй байна. Тэгэхээр нөгөө төсөв бол одоо төсөв бол одоо ингээд орон зай байхгүй, хэмнэлтээ хийлээ, хийлээ гээд иргэдийнхээ орлого болон ажлын байрыг хамгаалахад хангалттай эх үүсвэр байхгүй байна гэж байгаа тохиолдолд дараагийнх нь эх үүсвэр нь бол ерөөсөө олон улсын байгууллага гаднын мөнгө байхгүй юу.

Тэгээд энэ дээр бол яг ийм тохиолдолд бид нар нөгөө өр их болох нь ёстой өр яана гэдэг биш. Эсрэгээрээ яг ийм тохиолдолд жинхэнэ олон улсын байгууллага платформуудыг ашигладаг цаг үе. Ийм тохиолдолд ялангуяа олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Тэгээд эх үүсвэрийг бол татах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Үүний хүрээнд бол тухайлбал Азийн хөгжлийн банк бол жилдээ 500-аад сая доллар өгдөг. Энийг одоо ярих хэрэгтэй.  EPRT байна. EPI байна. Дэлхийн банк байна, ADRD байна. Тэгээд бүр шаардлага гэх юм бол бас…/минут дуусав/

Б.Баттөмөр: Доржханд гишүүнд бол үг хэллээ. Үг хэллээ гэж ингэж тооцож байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүдийн нэрийг авъя. Үг хэлэх гишүүдийг Цогтбаатар гишүүнээр тасаллаа. Алтанхуяг гишүүнд микрофон өгье.

Н.Алтанхуяг: Би ч одоо уг нь үг хэлье гэж бодоогүй юм. Тэгээд сая Доржхандыг үг хэлэхээр нь хэлэхгүй бол болохгүй юм байна л даа. Энэ өнөөдөр Японоос ингээд 223 сая доллар авах гэрээ үндсэндээ батлагдаж байгаа юм 1 дүгээрт.

2 дугаарт энэ 223 сая доллар бол ковидын нэртэй орж ирж байгаа мөртөө 2021 онд оны улсын төсөв одоо 2,1 их наядаар тасарч байгаа, өр үүсгэж байгаа. Тэгээд тэр өрийг хаах гэж авч байгаа. Төсвийн дэмжлэг гэдэг нэртэй ийм зээл байгаа болохоос биш энэ 200 гаруй сая долларыг аваад тэр нь ард иргэдэд очоод тэр нь аж ахуйн нэгжид очно гэсэн ийм юм бол байхгүй байгаа юм. Би зүгээр нэг тайлбар хэлье гэж бодож байна. Ер нь тэгээд энэ Сангийн сайд Хүрэлбаатар төсвөө бол яаран сандран тодотгол хийхгүй гээд байна лээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ ингээд л ковидын нэрээр өчнөөн төчнөөн сая хэдэн зуун сая доллар орж ирж байгаа мөртөө энэ нь бол ард иргэд аж ахуйн нэгж дээр очихгүй одоо бид нарын баталсан гээд байгаа 2021 оны төсөв дээр байгаа. Өнөөдөртөө хэрэггүй босгох ямар ч шаардлагагүй суурийг нь ямар ч тавих шаардлагагүй олон байшин барилга энэ тоног төхөөрөмж эд хогшил сандал ширээ машин тэрэг гээд ийм их олон хэрэггүй зардал ковидын үед ямар ч шаардлагагүй ийм зардал руу энэ мөнгөнүүд явна.

Тийм учраас би маш олон удаа энийг ярилаа. Нохой хуцсанд ч боддоггүй юм байна. Тэгээд ингээд л төсвөө ч тодотгохгүй энийгээ аваад л тэгээд л өрөө үүсгээд л өрөө дараад өрөө өрөөр дараад л ингээд явахаар болж байна. Тэгэхээр би энийг энэ үгийг бас Их Хурлын энэ танхимд хэлж үлдээх нь зүйтэй. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлж үлдээх нь зүйтэй гэж үлдээж байгаа юм. Яагаад гэхээр манай миний харьяалагдаж байгаа Байнгын хорооны нэр бол Аюулгүй байдал Монгол Улсын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо юм Улсын Их Хурлын.

Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол энд бол асуудлыг нухацтай ярих ёстой. Монгол Улсын аюулгүй байдал тэр дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, олон аюулгүй байдал олон аюулгүй байдал дээр бид нар бол нэлээн нухацтай ярих ёстой.

2 дугаарт гадаад бодлогын асуудлаар бид нар бас нэлээн нухацтай ярьж байх ёстой ийм Байнгын хороо. Тэгээд одоо хэд хэдэн удаа энэ асуудал орж ирлээ. Өнөөдөр энэ 223 сая доллар дээр одоо ингээд энэ Байнгын хорооны хуралдаанаар ороод Их Хурлаар ороод цэг тавигдана. Цэг тавигдана гэдэг нь бид нарын үүрэг энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ нь бол төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулагдахаар ингэж болж байна. Тийм учраас анхнаасаа энэ юмаа танилцуулахдаа ковидоос хамгаалж зарцуулах гэж байгаа гэж ингэж худал ярихаа болимоор…/минут дуусав/

Б.Баттөмөр: Үг хэлэх гишүүдийн нэрс дээр Б.Энх-Амгалан гишүүний нэрийг оруулаарай. Одоо Доржханд гишүүн микрофон өгье.

Т.Доржханд: Баярлалаа. Тэгэхээр би бас нэг хэлэх гэсэн санаагаа нэмээд дуусгая гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ зээлийн хэлэлцээр хийх процесс маань цаад талдаа тухайлбал Японы талд 2-3 жилийн хугацаатай явдаг. Тэгэхээр аль болох энэ ковидын нөхцөлийн үед бид нар төслийн санхүүжилт гэхээсээ илүү яг төсвийн дэмжлэг байдлаар мөнгө аваад явах нь бол зүйтэй нэг.

Хоёрдугаарт Японы хэрэгжүүлж байсан маш сайн төслүүд бас байна. Одоо тухайлбал 200 гаруй сая долларыг өгье гээд. Тэр нь нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор Японы татвар төлөгчдийн мөнгийг Монголын Засгийн газар хүлээж аваад түүнийгээ банкнуудаар дамжуулаад жилийн 7-8 хувийн хүүтэй зээлдэг. Энэ  эх үүсвэр бол тухайлбал Монгол Улсын хэмжээнд 15 мянган ажлын байрыг хамгаалж бий болгож байсан. Хямарсан үед бол хамгийн сайн ажилласан энэ төсөл байдаг. Одоо 3 дахь шатныхаа төслийг өгөхөд бэлэн байна гээд.

Яг ийм мөнгө оруулж ирээд хувийн хэвшил рүү жижиг дунд үйлдвэр болон ажлын байрыг дэмжихэд одоо зориулагдах төслүүд байна. Гэтэл харамсалтай нь манай Засгийн газар энэ чиглэлээр ажиллахгүй байна. Жайкагийн энд байдаг суурин төлөөлөгч болон Японд байдаг хүмүүстэй бас ингээд холбогдоод явж байхад энэ төслөө одоо та нар аваач авах цаг нь болсон юм биш үү гэсэн байдлаар хандаж байна. Тэгээд Сангийн яам ажилламаар байна. Яг энэ чиглэлийн бас хувийн хэвшлээ дэмжих төслүүд маш их байдаг юм. Дэлхийн банканд байдаг юм. IFC-д байдаг юм олон газар байдаг юм. Тэгээд яг энэ төслүүдийг аваад яг энэ үүсвэрээр хувийн сектороо дэмжээд ажлын байраа хамгаалах бүрэн боломж нь бол байгаа. Байдаг юм.

Тийм болохоор одоо 15 жил ингээд туршигдаад үр дүн гарсан төслүүдээ цаашаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Тэгээд гаднаас урт хугацаатай бага хүүтэй эх үүсвэрийг бид нар өөрсдөө хайгаад явах юм бол олон улсын байгууллагуудын мөнгө бол байдаг юм шүү. Энийг бол ялгах нь бол хоёр талт зээл буюу гаднын тухайлбал одоо Хятадын ч юм уу Энэтхэгийн гэдэг төслийн зээлүүдтэй битгий холиорой. Энэ бол харин 1 дүгээрт орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн үнэтэй байдаг. 2 дугаарт өр дээр эрсдэл үүсгэдэг. Энийг бол бид нар тусдаа ярих хэрэгтэй. Тэгэхээр яг ийм шинж чанартай хувийн сектороо дэмждэг ажлын байрыг дэмжлэг нийгмийн асуудлыг шийддэг, энэ төслүүдийнхээ дарааллыг нь ач холбогдлоор нь гаргаж ирж байгаад гэрээ хэлцлүүдээ одоогоос эхлэх хэрэгтэй шүү.

2021 оны хувьд бол төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй. Эх үүсвэр байгаа бол байгаагаа гаргаад байхгүй тохиолдолд гаднаас эх үүсвэр авахаас өөр аргагүй шүү дээ. Бодит эдийн засгийн нөхцөл байдал нь ийм байгаа тохиолдолд бид нар энэ удаа бол яг ажлаа хийх байдлаар илүү нөгөө нэг олон нийтэд таалагдсан өрийн асуудал  ярихаасаа илүү яаж нэг энэ хүндрэлийг хохирол багатай даван туулах вэ гэдэг тал дээр бол гишүүд маань бас ижилхэн байр суурьтай байгаач. Тэгээд энэ тал дээр бол зөвлөгөө өгөөд явахад бэлэн байна. Сангийн яамныхан идэвхтэйажилламаар байна гэж хэлмээр байна. Баярлалаа.

Б.Баттөмөр: Цогтбаатар гишүүн микрофон өгье.

Д.Цогтбаатар: Байна уу сонсогдож байна уу. Тэгэхээр энэ орж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Тэгээд нэг зүйлийг бас хэлмээр байна. Юу гэвэл ер нь энэ ковидтой холбогдуулаад урд нь би Гадаад хэргийн сайд байхад Монгол Улс нэг санал гаргаж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандаад бид нар зөвлөлдөж ярьж байгаад саналаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу явуулж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буцаагаад энэ саналыг судалж үзээч гээд бүсийн төвдөө тавьсан байж байгаа нэг асуудал байгаа юм.

Тэр нь юу вэ гэхээр энэ ер нь ковидтой холбогдуулаад энэ цар тахал бол цаашдаа ч гарч байна. Ийм нөхцөл байдалд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хяналт дор бүсийн түргэн юу байрших эрүүл мэндийн энэ нэгжүүдийг бүсэд байршуулж ажиллуулъя. Энэ бол олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны бүс нутгийн хамтын ажиллагааны хэлбэр байх бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаагаа дэмжсэн ийм арга хэмжээ болно. Нөгөө талаас хамгийн чухал юм нь юу вэ гэхээр яг амьдрал дээр юу харагдаж байсан бэ гэхээр энэ каринтийн арга хэмжээнүүд аваад ирэхэд бүс нутагтаа л гэхэд хоорондоо дандаа өөр, өөр ойлголцолтой. Энийгээ ойлголцох гэж энэ төрийн байгууллагууд нь эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагууд нь хоорондоо уялдаагаа олох гэж аягүй их цаг зарцуулдаг юм байна лээ.

Цар тахлын үед цаг гэдэг бол хамгийн үнэтэй зүйл. 1 цагийн дотор 1 хүн хэдэн хүнтэй уулзаад хэдэн тийшээ тараах боломжтой билээ. Тэгэхээр тэр арга хэмжээнүүдээ аль болох эрт авагдаж авагдахдаа зөвхөн нэг улсын түвшинд биш бүсийнхээ түвшинд жигд авагддаг байвал үр дүн гаргах юм байна лээ. Тэгээд энэ дээр энэ Гадаад яам хэр анхаарч бас ажиллаж байгаа вэ? Сангийн яам энэ дээр нь тэр санхүү мөнгөнийх нь талаас бас дэмжиж ажиллаарай гэж хэлмээр байгаа юм.

Сая юу Арабын нэгдсэн эмират улсынхан бол яг манай энэ саналтай төсөөтэй ажлыг аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа. Юу гэвэл бүс нутагтаа суурилсан энэ юу нислэгийнхээ хуваарийг зохицуулаад энэ нисэх компаниараа дамжуулаад вакциныг хамгийн түрүүнд дэлхийд түгээж өгье. Ялангуяа бүс нутагтаа түгээж өгье гээд логистикийн үйлчилгээг нь ярьж байгаа юм. Бид нарын бүс нутгийн үйлчилгээний тухай ярьдаг бол яг бүс нутгийн энэ хамтын ажиллагааны хэлбэр нь нэг юм нь яг логистик төвүүдийг байгуулж өгье гэж ярьж байсан юм.

Тэгэхээр жишээлбэл одоо энэ Оксфордын вакцин нь бол бараг -80 хэмд хадгалагдаж байх ёстой юм байна лээ. Тэгэхээр энийг бол халуун орнуудад 366 хоног тэр хүйтэн градусын юм хадгалаад юу тэр юу цахилгаан хангамжаар нь хангаад ингэж хадгална гэх юм бол маш үнэтэй тусна. Гэтэл манайх шиг ийм орнуудад тэр бүсийн хадгалах төвүүдийг нь бий болгож чадах юм бол ядаад бүсийнхээ түвшинд. Тэгэх юм бол эрчим хүчний хэмнэлт талаасаа ч ашигтай. Бүс нутгийн хамтын ажиллагааг талаасаа ч ашигтай ийм боломжийн хувилбарууд байгаад байгаа.

Энийг нь ч хараад бид нар санал болгож байсан. Бид харин энийгээ яриагүй байхад аль хэдийн Эмират эд нар хэрэгжүүлээд эхэлж байна шүү. Манайхан энэ дээр нь тэгэхээр ажиллаарай. Хэрэв бид нар энэ дэлхийн хамтын нийгэмлэгт хэрэгцээтэй юмнуудыг санал болгож ажиллавал…/минут дуусав/

Б.Баттөмөр: Б.Энх-Амгалан гишүүнд микрофон өгье.

Б.Энх-Амгалан: Сонсогдож байна уу, байна уу?

Б.Баттөмөр: Энх-Амгалан гишүүний микрофон өгье.

Б.Энх-Амгалан: Микрофон минийх асаалттай байгаад байдаг. Асахгүй байна уу тийм ээ? Минийх одоо ингээд байж л байх юм даа.

Б.Баттөмөр: Энх-Амгалан гишүүнд микрофон өгье.

Б.Энх-Амгалан: Сонсогдож байна уу даргаа? Би өөрийгөө хараад байх юм.

Б.Баттөмөр: Сонсогдож байна.

Б.Энх-Амгалан: Би зүгээр нэг л зүйл хэлэх гэсэн юм. Яах вэ энэ нөхцөл цаг үед бас ингээд манайд төсвийн хүндрэлийг даван туулах ийм зээл олгож байгаа нь бол сайн зүйл. Энэ бол Сангийн яам бас бололцооны юм олж иржээ гэж бодож байгаа юм. Гэхдээ төсвийн алдагдлаа хэрэв нөхөх гэж байгаа гэж байгаа бол төсвийг бүрдүүлдэг тэр аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаануудыг яаж дэмжих вэ? Эдийн засгийнхаа уналтыг одоо зогсоохын тулд энэ аж ахуйн нэгжүүдээ элгээр нь хэвтүүлчихгүй байхын тулд ямархуу арга хэмжээнүүд авах вэ гэдэг дээр бас тодорхой хэсгийг нь зарвал яадаг юм бэ? Тэгэхгүй бол тэр чинь татвараар бүрддэг нөгөө нэг хэдэн татвар төлдөг аж ахуйн нэгж байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжихгүй бол бид нар чинь одоо бас маш хүнд байдалтай байна шүү дээ.

Тэр ажил олгож байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хийж байгаа энэ хүмүүсийнхээ юм дээр нэлээн анхаармаар байна. Энэ дээр бас одоо Сангийн яам Засгийн газар Улсын онцгой комисс яг одоо энэ зээлийг бас үр дүнтэй зарахад бас онцгой анхаарах хэрэгтэй байна гэж хэлэх гэсэн юм. Баярлалаа.

Б.Баттөмөр: Энэ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33.2-т танилцуулгыг Засгийн газрын гишүүн хийх ёстой юм байна. Сая Хүрэлбаатар сайд Засгийн газар дээр энэ коронавирусийн холбогдолтой асуудал дээр бас санал ажил давхардсан учраас дэд сайдаар нь хийлгэсэн. Дэгийн хуульд бол сайд танилцуулах, Засгийн газрын гишүүн танилцуулах ёстой юм байна. Ийм учраас Хүрэлбаатар сайдад микрофон өгье. Танилцуулгыг хийе. Нямаагийн Энхболд гишүүнийг оруулаарай нэрийг нь. Үг хэлэх гишүүнд.

Ч.Хүрэлбаатар: Байнгын хорооныхоо гишүүдийн амар амгаланг айлтгая. Бас уучлалт хүсэж байна. Засгийн газраас байгуулагдсан вакцины ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгээд сая холбогдогч вакцин үйлдвэрлэгч нартай видео уулзалт хийж байсан учраас амжсангүй. Сая уулзалт дуусгаад орж ирээд байна. Ингээд би та бүгдээсээ бас хүлцэл өчөөд танилцуулгаа хэлье.

Японы Засгийн газраас коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад 25 тэрбум иен ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн, зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрт 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гарын үсэг зураад байна.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан тогтворжуулахад дэмжлэг үзүүлэн иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх Монгол Улсын Засгийн газрын, Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэх юм.

Яаралтай тусламжийн зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 4 жил, зээлийн хүү нь жилийн 0,01 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь болно. Иймд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Баярлалаа. 

Б.Баттөмөр: Хүрэлбаатар сайдад баярлалаа. Үг хэлэхээр нэрсээ өгсөн гишүүдийг одоо микрофон өгье. Нямаагийн Энхболд гишүүнд микрофон өгье.

Н.Энхболд: Сонсогдож байна уу даргаа?

Б.Баттөмөр: Сонсогдож байна.

Н.Энхболд: Баярлалаа. Би энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна. Доржханд гишүүнтэй санал нэг байгаа. Ийм үед бид нар ийм урт хугацаатай маш бага хүүтэй зээлүүдийг авч өнөөдөр байгаа асуудалд зарцуулахаас өөр арга байхгүй. Бид нар алдагдалтай төсөв баталсан. Их хэмжээний алдагдалтай төсөв баталсан. Тэгээд энэ алдагдалтай төсөв дотор тэр төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг асуудал заавал гарч ирнэ. Энэ төсвийн алдагдлыг ярихдаа бид энэ нь ковидын алдагдал энэ нь барилга байшингийн асуудал алдагдал энэ нь сандал ширээний алдагдал гэж тооцдоггүй. Нийт дүнгээр тавиад тэгээд төсвийнхөө алдагдлыг нөхөх эх үүсвэр олж байгаад хамгийн хэрэгтэй зүйлүүддээ зарцуулах энэ чиглэлээр ажилладаг.

Тэгэхээр алдагдал дотор нь бас тэр ковидтой тэмцэх түүнээс үүдсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний дутагдал ч бас тооцогдсон байгаа. Харин яаж энэ зээлээ юунд зарцуулах вэ гэдгийг бол Засгийн газар яг энэ зээлийн хэлэлцээрт заасныхаа дагуу тэр арга хэмжээнүүдэд нь зарцуулах хэрэгтэй. Тэгээд энийг тэгээд Жайкагаас ч гэсэн өөрсдөө их нарийн хянадаг. Манай өгч байгаа зээлийг яг зориулалтаар нь зарцуулж байна уу үгүй юу гэж. Энэ хэлэлцээр дээр нь ч энийг бичсэн байгаа. Бид нар өөрсдөө энэ чиглэлээр зарж байгаа юу гэдгийг нь хянана. Ийм юм авч болохгүй гээд бүр тодорхой зүйлүүдийг заасан байж байгаа.

Тэгэхээр би энийг нэг зориуд хэлж байгаа юм. Яагаад гэвэл сая зарим гишүүд маань энэ зээлийг аваад тэгээд сандал ширээ авах гээд байшин барилга барих гээд л эсхүл хаалга үүд хийх гээд байгаа юм шиг ийм юманд зарцуулах гээд байна гэж хэлж байна лээ. Гэрээг уншаагүй хэлэлцээрийг нь уншаагүй бол нээрээ тэгж бодож магадгүй л дээ. Эд нар одоо бид нар хэцүү байхад ийм их зээл аваад энийгээ тэгээд шал дэмий юманд зарцуулж байгаа юм байна гэж ойлгож болохгүй. Энэ гэрээ дээрээ бичсэн байж байгаа. Жайка өөрөө хяналт тавина гээд байж байгаа. Дахиад тодруулаад хэлэхэд төсвийн алдагдлыг энэ нь тэрэнд хүрэлцэхгүй алдагдал, тэр нь энэнд хүрэлцэхгүй алдагдал гэж бичдэггүй. Нийт дүнгээр нь тавиад олсон мөнгөө хамгийн хэрэгтэй зүйлдээ зарцуулахаар явж байгаа.

Өнөөдөр хамгийн хэрэгтэй хамгийн тулгамдаад байгаа асуудал маань үнэхээр энэ ковидтой тэмцэх, тэрнээс үүдэлтэй энэ арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх ийм л асуудал байгаа. Тэгэхээр би Засгийн газар энэ зээлийг аваад зориулалтынх нь дагуу эдийн засгийг идэвхжүүлэх нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ковидын үед иргэдийн амьжиргааг дэмжиж орлогыг нь хамгаалах нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр зарцуулна гэдгийг гэрээ дээрээ бичсэн байгаа шүү. Зөв ойлгоорой гэж бас мэдээлэл өгөх гэж энийг зориуд энэ үгийг хэлж байгаа юм. Тэгээд дахиад хэлэхэд дээр хэлсэн нөхцөл байдлуудын улмаас энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна гэж саналаа хэлж байгаа юм. Баярлалаа.

Б.Баттөмөр: Энхболд гишүүнд баярлалаа. Гишүүд үг хэлж дууслаа. Одоо санал хураалт явуулна.  

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулна. Гишүүд саналаа өгнө үү. 14 гишүүнээс 10 гишүүн оролцож уг төслийг 71,4 хувийн саналаар дэмжиж байна. Хуулийн төслийн хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулна. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.

Өнөөдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. Хуралд идэвхтэй оролцсон гишүүддээ баярлалаа.

Дууны бичлэгээс буулгасан:

ПРОТОКОЛЫН АЛБАНЫ

ШИНЖЭЭЧ                                                                   Д.УЯНГА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.