Коронавируст “Ковид-19” цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна.
Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Тус эмнэлэгт олон жил ажиллаж буй сувилагч, сантехникч хоёртоо гэнэтийн бэлэг барьж, шинэ оны босгон дээр өргөө цагаан гэртэй болгосон нь нийт эмч, ажилчдын талархлыг хүлээсэн баярт мөч байлаа.

Нийслэлийн Энэрэл эмнэлгийн хувьд, 2020 оны ажлын үзүүлэлтээр “Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллага”-ын хоёрдугаар байрт шалгарсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг тус шалгаруулалтаар авсан мөнгөн дүнгийн урамшууллаа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж, нийт ажилтнууддаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.