Эрдэнэт үйлдвэр шинэ оны босгон дээр бүх ажилтнууд, ахмадууддаа 500-1 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон байна. Тус үйлдвэрийн удирдлагууд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой, уурхайчдын баярын өдрөөр чихэнд чимэгтэй мэдээгээр хамт олондоо бэлэг барьжээ.
     Энэ оны эхнээс 5000 гаруй ам доллар дотор эргэлдэж байсан нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн саруудад өсөж, өнөөдөр 8000 ам.долларт дөхөж буй нь ажилтнуудаа урамшуулах боломж олгосон байна. Нөгөө талаар, тус үйлдвэрийнхэн “ковид-19” цар тахлын сөрөг нөлөө, эдийн засгийн хямралыг багатай даван туулах арга хэмжээ авч, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

     Мөн энэ хугацаанд цар тахлын үед ажиллах бүхий л бодлого чиглэлээ уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалахад чиглүүлж, ажилтнуудаа бүхий л боломжит хэлбэрээр тэтгэмжтэй чөлөө олгох, гэрээс нь ажиллуулах хөдөлмөр зохион байгуулалтыг хийсэн байна. Ингэснээр нэг ч ажлын байрны цомхотгол хийхгүй, цалин хөлс бууруулахгүйгээр хүнд цаг үеийг туулж байна.
    Улс орны өмнө тулгарсан эдийн засгийн хүндрэлтэй үед хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ өндөр хувиар биелүүлэхийн зэрэгцээ ард иргэдийн цахилгаан, дулааны үнэ болох 650 тэрбум төгрөгийг төлөхөөр хичээн зүтгэж буй Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олон, уурхайчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.