БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭД ДҮҮРГИЙНХЭЭ БУСАД ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА... Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр хоногийн хугацаанд коронавирусын халдвар нэмэгдэн бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнбаатар нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсантай холбогдуулан тус дүүргийн иргэдэд хүргэх тусламж үйлчилгээг бусад эмнэлэгт хийхээр зохицуулж байна. Тус дүүргийн хувьд насанд хүрэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэгт, харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусын халдвар илэрснээс хойш батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд хавьтлуудыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхитэй байгаа нь халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн бэрхшээлтэй байгаа” гэв. Түүнчлэн коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь хувь хүний хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон баримталж, байгууллагын QR кодыг заавал үүсгэж үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалах үүргийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн санууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.