ХӨСҮТ, ЭМЯ, ГХЯ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өчигдөр Европын орнуудаас 165 иргэн эх орондоо ирсэн бол өнөөдөр Франкфуртын онгоцоор 160 иргэн эх орондоо ирэхээр замдаа гарсан байна. Тус онгоц өнөөдөр Улаанбаатар 14:20 цагт газардана. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Токиогийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авна.

Харин дотоодод халдварын тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалж тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас арванхоёрдугаар сарын 25-ний өдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсныг мэдэгдэж байна.

Энэхүү нислэгийг 2021 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хугацааг дахин зарлах болно. Тухайн нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулсан иргэд дараагийн тов тодорхой болмогц ирэх боломжтой гэсэн үг.

БНХАУ-ын Өвөр Монголд шинээр халдвар гарсантай холбоотойгоор хоёр улсын хооронд ачаа тээврийн нэвтрэх урсгал огцом удааширсан. Тиймээс ГХЯ-наас энэ асуудалд анхаарч, зохицуулахаар эрчимтэй яриа хэлэлцээ хийж байна. Ялангуяа Замын-Үүд Эрээний боомтод бид ачаа тээврийн урсгалыг аль болох хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор 50 жолоочийг хоёр талдаа тээвэрт явуулах зохицуулалт хийхээр тохирсон юм. Өмнө 18 жолооч Эрээн хотод байсан бол өчигдөр нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүлсэн байгаа. Ингэснээр барааны урсгал нэмэгдэх болно. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэж буй жолооч нар Хятадын талд давхар шинжилгээ өгч байна. Ингэж хоёр талдаа PCR шинжилгээ өгснөөр хилээр нэвтрэх жолоочийн тоо нэмэгдэж байгаа” гэж мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.