МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн ХИМИ хөтөлбөрөөр бакалавр, магистрын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цаашид улам бүр хичээн суралцах хүслийг төрүүлж, урамшуулах хэлбэрээр А.Мөнгөнцэцэг агсны нэрийг мөнхжүүлэх зорилготой МУИС-ийн хүндэт профессор, МУ-ын гавьяат багш Бал овгийн А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлгийг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр (2020.10.19) МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө.

МУ-ын гавьяат багш,  МУИС-ийн хүндэт профессор, химийн ухааны доктор Алтанбаярын Мөнгөнцэцэг  нь  МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, аналитик химийн анхны үндэсний эмэгтэй багш юм. Химийн тэнхимд багш, профессор, зөвлөх  профессороор тасралтгүй 54 жил ажилласан.

Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, сав газрын гидрохимийн чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, Сэлэнгэ мөрөн, Туул, Орхон, Хараа, Ерөө голуудын химийн шинж чанарыг системтэйгээр нарийвчлан шинжлэн тогтоосон нь өдгөө судалгааны суурь материал, харьцуулах эталон болсон. МУИС-ийн Хүндэт профессорын өргөмжлөлийг химийн салбартаа анх удаа хүртсэн эрдэмтэн юм.

МУИС-ийн ШУС-ийн захиргааны зөвлөлийн 2020 оны 10-р сарын 14-ны өдрийн хурлаар ХИМИ хөтөлбөрөөр суралцаж буй бакалавр, магистрын оюутнуудад жил бүр олгох тэтгэлгийн шалгуурыг илүү тодорхой болгосон журам сайшаан батлагдсан юм.

Тэтгэлэг сонгон шалгаруулах Хороо нь сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилт зэргийг харгалзан үзэн, ярилцлага хийсний үндсэн дээр 2020-2021 оны хичээлийн жилд Хими хөтөлбөрийн 3-р түвшний Б.Энхмөнх, 2-р түвшний П.Манлайбаатар нарт тэтгэлгийг олгохоор шийдвэрлэж, Батламжаа гардууллаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр энэ тэтгэлгийг санаачлагч МУ-ын гавьяат багш,  МУИС-ийн хүндэт профессор, химийн ухааны доктор А.Мөнгөнцэцэг агсны үр хүүхдүүд, ач зээ нарыг төлөөлж ууган охин Ц.Одонгуа 5 жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд А.Мөнгөнцэцэг агсны үр хүүхдүүд, ач зээ нар, МУИС болон ШУС-ийн удирдлагууд, химийн тэнхимийн 3 үеийн төлөөлөл, оюутан суралцагчид оролцов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.