Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа.  Хуралдааныг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү удирдан явууллаа.            Хуралдааны эхэнд өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, цаг үеийн ажлын мэдээллийг сонссон бөгөөд зарим хэлтэс, агентлагийн дарга нар мэдээлэл хийсэн.2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан "Цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам"-ын дагуу бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ УОК-ын 2020 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.     Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг харьяа өрхийн эмнэлгүүд болон "Баян-Өндөр мед”, "Эрдэнэт" сувилал, "Талын булаг" зэрэг эмнэлгүүдэд хийж байна.   Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийг тодорхой хуваарийн дагуу Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна.   Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумдын удирдлагуудтай харилцан тохиролцож, Эрдэнэт хотын иргэдийн өвөлжилтөд зориулж нийт 11 мянган шоо метр түлээний модыг ойгоос бэлтгэхээс Орхон сумаас 3000 шоо метр, Бугат сумаас 2000 шоо метр, Сэлэнгэ сумаас 3000 шоо метр, Хангал сумаас 3000 шоо метр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг тус тус олгохоор тохиролцсон. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Орхон сум 1500 шоо метр, Хангал сум 30 шоо метр, нийт 1530 шоо метр түлээний мод ойгоос бэлтгэх эрхийн бичгийг олгоод байна.          Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бэлтгэх түлээний хэмжээг гаргах, судалгааны ажил хийгдэж байгаа талаар холбогдох байгууллагуудаас мэдээллээ.           Шуурхай хуралдааны төгсгөлд Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн зүгээс аймгийн хэмжээнд хог ачилтын ажлыг эрчимжүүлэх, 9-р сарын 1-ээс хойш хотын авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул түүнээс өмнө авто замын нөхөөс засварын ажлыг дуусгах, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.      Түүнчлэн энэ жил COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй болсон тул төрийн байгууллагын удирдлагуудад бага насны хүүхэдтэй ажилтнуудаа хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх, бага насны хүүхдээ асарч хамгаалахад нь зориулж ажлын цагт нь уян хатан хандахыг зөвлөлөө. Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.