Батлан хамгаалах яам, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 186-р анги хамтран зохион байгуулж буй Дайчилгаатай Команд Штабын хээрийн сургууль Орхон аймагт зохион байгуулагдаж байна.Зэвсэгт хүчний 186-р ангийн цэргийн хээрийн сургалтын талбайд зохион байгуулагдаж буй тус сургуулилтын төгсгөлийн шатны үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр манай аймагт хүрэлцэн ирлээ.    Ерөнхий сайдыг дагалдан Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Тэднийг цэргийн ёслолын хүндэт харуул жагсаж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нарын удирдлагууд угтан авлаа.     Дайчилгаатай Команд Штабын хээрийн сургууль нь манай аймагт 20 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ЗХЖШ-ын дайчилгааны даалгаврын дагуу Орхон аймгаас тодорхой тооны цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон техникийг татан оролцуулжээ.     Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн дагуу аймаг орон нутгууд "Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө"-г боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа төлөвлөгөөт ажил юм.    Энэ нь батлан хамгаалах талаар нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэх чухал ач холбогдолтой.      Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотод баригдаж буй орон сууцны 1А хороолол, ЕБ-ын 1-р сургуулийг 928 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгын ажил, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр  1-р сургуулийг өргөтгөлийн барилгын ажилд дутагдаж буй хөрөнгийг 2021 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо. Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.