НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны үйл ажиллагаа энэ оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэлж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах арга замууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тусгай хэрэгцээ шаардлагатай орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна.

Тус хорооны 10 дугаар сарын 8-ны өдөр болсон Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газрын эдийн засаг, нийгмийг тогтвортой  хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.

Монгол Улс хөрш болон бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буйг тэрээр тэмдэглээд Монгол Улсын санаачилгаар байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтад чухал ач холбогдолтойг онцолж, тус судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг гишүүн орнууд, хөгжлийн түншүүд болон оролцогч талуудад уриалав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.