COVID-19 цар тахлын улмаас цус цуглуулах үйл явцад тодорхойгүй байдал үүссэнээр дэлхийн өнцөг булан бүрт цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомстол үүсч, сая сая хүмүүсийн амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүсийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, цусаа хандивлах үйл явцыг хялбарчлах үүднээс Фэйсбүүк компани Эрүүл Мэндийн Яамтай хамтран Цусны Хандив цэсийг нэвтрүүллээ. Уг цэс нь цусны нөөцийг тасалдуулахгүйн тулд хүмүүсийг цусаа хандивлахад уриалж, тэднийг цусны төвүүдтэй холбож өгөх зорилготой.

Хором бүрт хэн нэгний амь насыг аврахын тулд цус сэлбэх шаардлага гардаг бөгөөд нэг удаа хандивласан цус гурван хүний амийг аврах боломжтой байдаг. Сайн дурын цусны доноруудын хувьд аюулгүй, чанартай цус хандивлах нь чухал ч тэд ихэнхдээ хаана, хэзээ өгөхөө гэдгээ мэддэггүй.

Эрүүл мэндийн яамтай хамтран Монголд нэвтрүүлж буй Цусны Хандив цэс нь хүмүүст ойр байрлах цусны хандивын арга хэмжээний талаар зарлал, цусны төвүүдээс ирж буй хүсэлтүүд болон цусаа хандивлах боломжуудын талаар мэдээлэх болно. Мөн албан байгууллагууд өөрсдөө цусны төвүүдэд хүсэлт гарган, цус хандивлах арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Фэйсбүүкээс хүмүүст идэвхтэй цусаа хандивлахад уриалж, цусны төвүүдийн талаарх мэдээллээр байнга хангана.

Эрүүл мэндийн яамны сайд Т. Мөнхсайхан: “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас цусны донорын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цусны аюулгүй байдал, гамшгийн үед ашиглах цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх, эдгээртэй холбоотой цогц үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
 Төрөөс цусны аюулгүй байдлыг хангах, нөөц хангамжийг бүрдүүлэх чиглэлээр байнга анхаарч ажилласны нэг жишээ нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Цусны 26 салбар төвийн техник, тоног төхөөрөмж, барилга, байгууламжийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн  явдал бөгөөд төслийн үр дүнд цусны аюулгүй байдлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэж чадсан явдал юм.
Фэйсбүүкийн Монгол, ХонгКонг, Тайванийг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулах газрын дарга Жорж Чен: “Бид Монгол Улсын Засгийн Газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, COVID-19-тэй тэмцэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг болох Цусны Донор цэсийг Фэйсбүүк аппликейшнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Фэйсбүүк өөрийн платформоор дамжуулан хэрэглэгч бүрт мэдээллийг хүргэх, тэднийг нэгтгэх зорилготой ажилласаар ирсэн. Цусны нөөцийг хангалттай байлгах нь манай эрүүл мэндийн системд байнга тулгардаг асуудал бөгөөд хүмүүс хэзээ, хаана цусаа хандивлаж болох талаар мэдээлэлтэй болсноор цусаа хандивлах хүмүүсийн тоо нэмэгдэж, цусны нөөцийг тогтвортой болгоход ихээхэн хувь нэмэр оруулж чадна.”Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Аюулгүй, үр дүнтэй, чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнийг бүх нийтэд хүртээмжтэй болгох үйл ажиллагааны хүрээ (2020-2023)” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор цус авах, шинжлэх, боловсруулах, нөөц бүрдүүлэх, нөхөн хангахтай холбоотой үндсэн журмууд, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон Цусны салбар төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлаад байна.  
Цаашид Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд цус сэлбэлтээр дамжих халдварыг бууруулахад чиглэсэн бууруулах, Цусны албыг өргөжүүлэх замаар аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тогтвортойгоор нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.” 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н. Эрдэнэбаяр: “Аюулгүй, чанартай, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэх зорилгоор сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоог бүрдүүлэх, гамшиг, онцгой байдлын үед аюулгүй, чанарын баталгаатай, хүрэлцээтэй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах чадамжийг бүрдүүлэхийн тулд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэх, цусаа тогтмол бэлэглэж, бусдын амь насыг аврагч болж “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэе” урианд нэгдэхийг Та бүхэндээ уриалж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейгаас баталсан 28.72,58.13 тогтоол, 2009 оны Мельбурний тунхаглалаар 2020 он гэхэд дэлхийн улс, орнууд 100% сайн дурын, авлагагүй цусны донороос цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэдэг болох зорилт дэвшүүлсэн бол Монгол улс 2016 онд дээрх зорилтыг бүрэн хангаж, 100% сайн дурын, авлагагүй донороос цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэдэг болсныг дурдахад таатай байна.
Сайн дурын, авлагагүй цусны донорын хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар Монгол Улсын Цусны албыг сонгон хамтран ажиллаж байгаа Фэйсбүүк компанид талархлаа илэрхийлье.”
Одооноос эхлэн Фэйсбүүк хэрэглэгчдийн News Feed  хэсэгт Blood Donations буюу Цусны Хандив цэсэнд мэдээлэл очно.  Цусны донороор бүртгүүлнэ гэдэг нь хэрэглэгч ойролцоох цусны төвөөс мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрч байна гэсэн утгатай бөгөөд өөр нэмэлт мэдээлэл оруулах шаардлагагүй болно. Хэрэглэгчид холбоосоор нэвтрэн, цусны донороор бүртгүүлэхээс гадна найз нөхдөө урьж, цус өгөх өдрөө сануулах тохиргоо хийх боломжтой.

Фэйсбүүкт Цусны Хандив цэс нэвтэрснээс хойш хүмүүс мэдлэг мэдээлэл нэмэгдэж, сайн дураар цус хандивлагчдын тоо нэмэгдэж, одоогоор дэлхий даяар 70 сая гаруй хүн Цусны Хандив цэсэнд бүртгүүлээд байна. Та ч мөн яг одоо бүртгүүлж, сайн дурын цусны донор болж, өөрт ойр цусны төвөөс мэдээллээ хүлээн аваарай: facebook.com/donateblood

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.