Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 403 мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тэдгээрээс буруу талдаа хүрдтэй авто машин 65 хувийг эзэлж байна. Харин насжилтаар нь авч үзвэл импортоор нийт машины 70 хувь нь 10-аас дээш жил ашигласан машин орж иржээ. Мөн бэлэн бус торгууль руу шилжсэнээс хойш буюу  2015 оноос хойш 4.5 сая тохиолдолд торгууль оногдуулснаас 2.5 сая нь төлөгдөөгүй байгаа ба 10-аас дээш торгуулийн тооцоотой 63 мянган жолооч байгааг Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулж, түгжрэл бууруулах дараах шийдлийг хэрэгжүүлэх боломжтой гэв. Үүнд,

-Автомашины хязгаарлалт тогтоох. 1000 хүнд хамгийн ихдээ 130 тээврийн хэрэгсэл  ногдож болно гэсэн стандарт бий. Гэтэл одоо мянган хүнд 327 тээврийн хэрэгсэл ногдож байгаа нь нийтийн тээврийн тоог нэмэх шаардлагатайг харуулж байгаа юм.

-Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх. Олон улсын жишгээр нэг сая хүн амтай хотод 1000 автобус байх ёстой. Гэтэл 1.6 сая хүн амтай манай хотод 900 гаруй автобус байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс 500 гаруй автобус нэмэх шаардлагатай байгаа юм. Гэхдээ нийтийн тээврийн парк шинэчлэл хийсэн ч ойрын хугацаанд 200-300 автобус хэрэглээнээс гарах болсон байна.  

-Зогсоолын нэгдсэн системийг бий болгохоор бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч томоохон автомашины зогсоолыг хотын төвийн гадна байлгах, төлбөртэй бүс рүү шилжихэд нийтийн тээвэр, түрээсийн унадаг дугуйны хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудал тулгарах боллоо.

-Улаанбаатар хотын авто замын нэгдсэн сүлжээг нэмэгдүүлэх

-Хорооллын доторх гудамж замын сүлжээг сайжруулах

-Төмөр замтай огтлолцох хоёр замд гарам хийх

-Дагуул хотыг бий болгож, төвлөрлийг сааруулах

-Явган хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох шаардлагтай юм. Гэхдээ ойрын хугацаанд авто зогсоолын нэгдсэн системээр нэг, хоёрдугаар бүсчлэлийг тогтоож, танилцуулах, Замын хөдөлгөөний төлөвлөлт нэгдсэн систем бий болгох, жолоочийн хариуцлагыг сайжруулах үүднээс зөрчилтэй жолоочийн явах хөдөлгөөнийг хязгаарлах, ажлын цагийг уян хатан болгох шийдвэр гаргах боломжтой байгаа юм. 

 “Иргэдээс ажлын таван өдөр тэгш, сондгойгоор зорчих санал асуулга  авъя”

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан: Бүртгэлтэй авто машины тоо Улаанбаатар хотын зам дээр багтахгүй болчихсон байна. Түгжрэл үүсэхэд гал, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байдалд орж байгаа нь Улаанбаатар хотын аюулгүй байдалд нөлөөлөхөөр болжээ. Уг нь дугаарын хязгаарлалтаар өдөрт 100 мянган машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа ч, түгжрэл буурахгүй байгаа учир өөр арга хэмжээ ашиглах шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс тодорхой, зөв шийдэл гартал иргэдээсээ ажлын таван өдөр тэгш, сондгойгоор зорчих санал асуулга авах саналтай байна.

Нийтийн тээврийн газар: 19 компанийн 1200 автобус бүртгэлтэй байгаа бөгөөд өдөрт тутам 903 тээврийн хэрэгсэл явж байна. Бид эхний ээлжинд 45 автобусыг сургуулийн автобус болгон ашиглаж байгаа. Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлын хувьд парк шинэчлэл, иргэдийн хүртээмжтэй байдал муу байгаа юм.  

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Нийтийн тээвэрт явах стандартын зөвлөмжийг зорчигч тээврийн компанид хүргүүлсэн байгаа. Гэтэл компаниуд уг зардлыг хийж чадахгүй ээ, яагаад гэвэл маш их зардал гардаг гэсэн юм. Уг нь хотын төвд улаан, онгоцны буудал руу цагаан өнгийн автобус явна зэргээр ялгаж өгсөн байгаа. Манай байгууллага байгуулагдаад 1.5 жил болж байгаа бөгөөд хотоо эмх, цэгцтэй болохын тулд өөрийн стандартын бичиг баримттай болох ёстой байгаа юм.   

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: Хүүхдийн автобус 29 сургуульд 35 чиглэлд 45 автобус явж байгаа бөгөөд давхардсан тоогоор өдөрт 5600 гаруй хүүхэд ажиллаж байна гэсэн тооцоо гарсан. Эхнийхээ үед автобусны чиглэлтэй холбоотой асуудал гарч байсан бол одоо бүрэн шийдэж, санал гомдол ирэхгүй байгаа. Автобусанд жолоочоос гадна хүүхэд зохицуулагч ажиллуулдаг. Хүүхдийн автобус явах нь түгжрэл бууруулах нэг арга мөн.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра: Холбоос замыг өнгөрсөн дөрвөн жилд түлхүү гэр хороололд тавьсан. Харин хотын төвийн замд холбоос зам хийх оролдлогыг хийсэн бөгөөд 50 хувь нь л амжилттай болсон. Зам тавихгүй байгаа шалтгаан нь СӨХ-ийн газар учир орц гарцыг нээж өгдөггүй, зарим оршин суугчид нь орц, гарц гаргуулахгүй гээд экскобатын машины шанаган дээр нь гараад суучихдаг тохиолдол бий. Өнгөрсөн дөрвөн жилд таван эх үүсвэрээс зам тавигдсан бөгөөд үүнээс улсын төсвөөр хийгдсэн замын эзлэх хувь 10 хүрэхгүй байгаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: Томоохон худалдааны төвийг хотоос гаргах асуудлаар удирдлагуудтай нь уулзсан. Дийлэнх нь замын хөдөлгөөний түгжрэлтэй холбогдуулан шөнийн цагаар бараа, бүтээгдэхүүнийг татан авах шийдлийг дэмжсэн байгаа.  

“Төлбөрөө төлсөн хүн авто зам дээрээ явж чадахгүй байгаа байдлыг зохицуулж, хатуу арга хэмжээ авна ”

Нийслэлийн Засаг даргын орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн газар хорвоод байхгүй автобусаар үйлчлээд байдаг. Хүнээсээ мөнгө авчихаад төрөөс өдөр болгон мөнгө нэхээд байж болохгүй. Нийтийн тээвэрт үүссэн байгаа асуудлаа шийдэхгүй байгаагаас болоод иргэдийг өнөөдөр машинаа барь, маргааш барьж болохгүй гэх зэргээр бол  хатуу арга хэмжээ авч байна. Дөрвөн жилийн өмнө авсан автобусныхаа өрийг ч төлж чадаагүй байна. Одоо нийтийн тээвэр өөр болно. Хийж чадах компаниуд ч байна. Би ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд түгжрэлтэй холбоотой танилцуулга, мэдээлэл хийнэ. Энэ үеэр түгжрэл бууруулахад шаардлагатай байгаа томоохон асуудлуудыг танилцуулах болно. Есөн сарын дотор 50 мянган машин нэмэгдэж байна. Тэгэхээр хотын гол хэрэглээ авто машин биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Иргэд ч үүнийг хэлдэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль, цэцэрлэг байхгүйгээс болоод авто машины хэрэглээ нэмэгдэж байна гэсэн санал хүсэлтээ илэрхийлсэн. Тэгэхээр дэд бүтэц, нийтийн тээврийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм.   

Мөн бид гадны болон татварын мөнгөөр л замаа нөхөх төдий арга хэмжээ авч байгаа учир авто замыг сайжруулах төсөл хөтөлбөрүүдэд улсын төсвөөс дэмжлэг авах хэрэгтэй байна. Түүнчлэн жолооч жилийн хугацаанд авто зам ашигласны  төлбөрт 40 мянган төгрөг л төлдөг. Дээр дурдсан баримтуудаас харахад мөнгөө төлсөн хүн зам дээрээ явж чадахгүй болчихсон байна. Энэ шударга бус зүйл учир хатуу арга хэмжээ авна.  Мөн авто зогсоолын асуудал байгаа. Бид юун түрүүнд төлбөртэй түр авто зогсоолыг бий болгохоор аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийгдэж байгаа. Цаашдаа авто зогсоолын нэгдсэн системийг бий болгоно” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл: Бидэнд уржигдар мэдэгдсэн хамгийн эхний дохио бол Улаанбаатар хот маань тэг зогсолт хийжээ. Тиймээс дорвитой шийдвэр гаргахгүй бол болохгүй болжээ. Мэдээж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бий. Үүнийг төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ түүнээс өмнө шуурхай арга хэмжээ авах шаардлага тулгарсан байгаа учир нэн чухал шийдвэр гарахад анхаарах хэрэгтэй. Мөн хөдөлгөөн зохицуулж байгаа хүмүүс ард иргэддээ зөв зорчих, хариуцлагатай байх уриалга гаргаж, нийтээрээ шаардлага тавьдаг болох ёстой. Цагдаагийн байгууллагад мэдээлэл авч, зургаар баталгаажуулсан хүнд урамшуулал олгодог гэх мэт байдлаар Нийслэлийн удирдлагуудад, холбогдох газрууд санаачлага гаргаж, даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт, оношилгоо хийдэг газруудыг чанаржуулах нь чухал. Түүнчлэн ашиглахгүй байгаа газруудын эзэдтэй тохиролцож, хэдэн жилийн хугацаатай гэрээ байгуулаад авто зогсоолуудыг бий болгоё. Энэ мэт хийж болох ажлуудаа тодорхойлоод, шууд л хэрэгжүүлж, тодорхой хугацаа гаргаж, бэлдэх хэрэгтэй юм. Бидэнд шийдэх асуудал их байгаа учир Ерөнхий сайд аравдугаар сарын 13-нд Нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.