2020 оны долдугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Тэрбээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ,

Монгол төрийн нэрийн өмнөөс яллах, цагаатгах эрх бүхий эрхэм прокурорууд аа,

Энэхүү шүүх хуралд оролцож буй нийт хүмүүс Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай”

Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар хилс хэрэгт яллагдаж харь улсад хэлмэгдэн цаазлуулахынхаа өмнө “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж хэлээгүй юм билээ. Гэвч Монголчууд бид бараг бүтэн зууны турш Ерөнхий сайд А.Амар хэлмэгдэн цаазлуулахынхаа өмнө зүтгэсэн Монгол төрдөө гомдож ингэж хэлсэн гэж ойлгож итгэсээр ирсэн. Яагаад Монголчууд бидэнд ингэж ойлгуулж, итгүүлж чадсан юм бол? Яагаад Монголчууд бид харьд хэлмэгдэн цаазлуулсан Ерөнхий сайд маань хэлсэн гэх “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үгийн утгыг энэ олон жилийн хугацаанд задлан шилжилж, ухаж ойлгоогүй өдий хүрсэн юм бол?

Одоо би, Нийслэлийн прокурорын газрын прокуроруудаас надад оноосон ялын дүгнэлтийг зүйл бүрээр нь няцаан тайлбарлахын хүсэж байна.

НЭГ. Яллагдагч С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас (Bahamas) аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони (ND Harmony LTD) компанийн Швейцарын Холбооны Улсын KC AG банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 8 дугаар сарын 20-ний өдөр Aйвэнхоу Mайнз компаний 150,000 ширхэг хувьцааг 1,393,321.38 ам.доллар буюу 2,016,749,098.26 төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан… гэсэн талаар:

Тайлбар 1.1 Прокурорууд үнэт цаасны зах зээлийн талаар ойлголт муутай байгаа талаар:

Яллах дүгнэлт үйлдсэн прокурорууд сайн хуульчид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эдгээр прокуроруудын зах зээлийн эдийн засгийн талаар, тэр тусмаа олон улсын үнэт цаасны зах зээлийн талаар дутуу дулимаг, ташаа ойлголттой байна.

Үүнд:

  1. Хувь хүн өөрийнхөө мөнгөөр олон улсын үнэт цаасны зах зээлээс хувьцаа худалдан авахад хэн нэг хүн, аль нэгэн ААН, компани, байгууллага, аль нэгэн тусгаар улсад хохирол, хор уршиг учрахгүй. Эдийн засаг, санхүүгийн утгаараа хувь хүн тухайн өдрийн үнэт цаасны зах зээлийн ханшаар бэлэн мөнгөө хувьцаанд шилжүүлж байна гэсэн үг юм. Тухайн хувь хүний хувьд ч, санхүү эдийн засгийн утгаар огт алдагдалгүй юм.
  2. Олон улсын үнэт цаасны зах зээл дээр хувьцаа худалдаж авах, худалдах үйл явц нь энэхүү үйлчилгээг үзүүлэх эрх авсан компани эсвэл энэхүү үйлчилгээ үзүүлэх эрх авсан интернетийн платформ, аппликэйшнаар дамжуулж оролцдог тул энэхүү үйлчилгээ үзүүлж байгаа компани, аппликэйшнд нь тухайн хүний эрхэлж байгаа ажил, албан тушаал, яс үндэс, хүйс, арьсны өнгө огт хамааралгүй юм. Тийм учраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон улсын үнэт цаасны зах зээлд оролцоно гэсэн ойлголт байхгүй. Олон улсын үнэт цаасны зах зээлд оролцож хувьцаа худалдан авах, худалдах нь дэлхий нийтэд нээлттэй явагддаг бизнесийн харилцаа бөгөөд аль нэг улсын албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийдэг бизнес биш юмаа.
  3. Олон улсын үнэт цаасны зах зээлийн бизнес нь тооцоо судалгаанд үндэслэн эрсдэл дээр суурилсан бизнес юм. Өндөр эрсдэл – өндөр ашиг, их алдагдал, Бага эрсдэл – бага ашиг, бага алдагдал гэсэн зарчим үйлчилдэг. Олон улсын үнэт цаасны зах зээлд оролцож хувь хүмүүс хэзээ хувьцаа худалдан авах, хэзээ худалдах асуудал нь тухайн хүний сонголтын асуудал бөгөөд уг сонголтоо өөрийн эрсдэл үүрч чадах санхүүгийн нөөц бололцоо, судалгаа, мэдээлэлд үндэслэн урьдчилсан таамаглалд суурилан эрсдэлээ тооцож, урт болон богино хугацаанд хийдэг бизнес юм.
  4. Үнэт цаасны зах зээлээс авсан хувьцаагаа эргэж зарахад уг хувьцааг зарсан хүнд ашиг эсвэл алдагдал үүснэ. Гэхдээ хугацаа, хүү, валютын ханшны хөдөлгөөн гээд бас олон зүйлээс хамаардагийг тооцох ёстой. Энэ нь зөвхөн хувьцаа авч, зарсан хүнд л ашиг эсвэл алдагдал болон тооцогдох бөгөөд бусад хүн, хуулийн этгээд, тусгаар тогтносон улсад ямар нэг хохирол, хор уршиг учруулдаггүй, үүсгэдэггүй.
  5. Олон улсын үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцож буй албан тушаалтан ажил үүргийн давуу байдлыг урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олгодог гэсэн маш буруу ойлголт яллах дүгнэлт бичсэн прокуроруудад байгаа нь иргэдийн шударгаар орлого олох боломж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төр, нийтийн ашиг сонирхолыг зөрчиж байна гэж дүгнэж байгаагаар илэрхийлэгдэж байгаа нь үнэхээр гунигтай бас өрөвдөлтэй.
  6. Олон улсын хөрөнгийн зах зээлийн ойлголт муутай байвал тусгай мэдлэг шаарддаг үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдээс шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг олон удаа тавьж байсан.

Тайлбар 1.2 Хуулийн хэрэглээ талаас

Үүнд:

  1. Энэ асуудлаар анх 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Нийслэлийн прокурорын газрын прокурор Н. Отгонцэцэгийн гаргасан 1818 дугаар тогтоолд уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-оор зүйлчлээд хохирлыг тодорхойлохдоо:

С.Баярцогт нь өөрийн оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаний данс дахь мөнгөөр Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны үнийг өсгөж ашиг олох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Aйвэнхоу Mайнз Монголия Инк ХХК, Айвэнхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнэл Холдингс компаний хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Монгол Улсын эрх ашигт хохиролтой Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд (ХөОГ) Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурсан гэсэн байсан.

  1. Уг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн НПГ-ын 98 дугаар тогтоолд уг хохирол тодорхойлсон хэсгийг байхгүй болгосон. Учир нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн НПГ-ын 2 дугаар тогтоолоор С.Баярцогтыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Рио Тинто, Айвэнхоу Майнз компаниудад татварын таатай нөхцөлийг бүрдүүлсэн ХөОГ байгуулагдсанаас Монгол Улсын хуульд заасан татварыг авах боломжгүй болгож хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болсон. Ийм учир уг хохирол тогтоосон хэсэггүйгээр хувьцаа худалдаж авсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэмээн ялласан нь хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй тогтоол болсон.

Тайлбар 1.3 Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн талаар

Үүнд:

  1. Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулах харилцаа нь 2014 он хүртэл Монгол Улсад эрүүгийн гэмт хэрэг гэж тооцож үздэггүй, Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй байсан харилцаа юм.

1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсын хувьд үнэт цаасны зах зээлийн хөгжил дөнгөж эхэн шатандаа байсан бөгөөд 2014 оны Үнэт цаасны тухай хуулийг баталснаар үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргийн төрлийг Эрүүгийн хуульд 2014 онд анх оруулсан.

  1. Зориуд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд уг хэргийг мөрдөн шалгаж байсан уг тогтоолын эхийг бичсэн АТГ-ын байцаагч хэрэв таны энэ хувьцаа худалдаж авсан явдал 2014 оноос хойш болсон бол 2002 оны Эрүүгийн хуулийн 1662 эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 18.8-аар буюу үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох гэдгээр зүйлчлэх байсан юм. Нэгэнт 2009-2010 оны хооронд болсон учраас 2002 оны 263.2-оор зүйлчилж байна гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөнөө илэрхийлж байсан юм.
  2. Энэхүү үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох гэсэн эдийн засгийн гэмт хэргийн төрөл тухайн үед буюу 2014 оныг хүртэл эрүүгийн хэрэг гэж тооцогддоггүй байсан ч гэсэн хүнийг заавал буруутгахын тулд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн авилга, албан тушаалын хэргийн зүйл ангийг төсөөтэй хэрэглэж зүйлчилсэн.

2002 оны Эрүүгийн хуулийн 263-р зүйл 2002 оны Эрүүгийн хуульд 2014 онд шинээр орсон 166заалт орохын өмнө ч, хойно ч яг хэвээрээ байгаа.

2015 оны Эрүүгийн хуульд ч 22.1-р зүйл, 18.8-р зүйлүүд тус тусдаа зохицуулалттай өөр төрлийн гэмт хэргийн ангилалд багтсан харилцаа болохыг бэлхэнээ харж болно.

Тайлбар 1.4 Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийн талаар

Үүнд:

  1. Мөрдөн байцаагчид болон прокуроруудын зүгээс … албан тушаалын байдлаа урвуулсан, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл … (өөрөөр хэлбэл үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээлэл) гэдэг нь юу байсан, ямар мэдээлэл байсан талаар нэг ч удаа асууж мэдүүлэг авч байгаагүй. Өөрсдөө энэ яг ямар мэдээлэл болохыг нотолж хэргийн материалд огт оруулаагүй. Одоогоор энэ нь яг ямар мэдээлэл байсан гэдгийг би огт мэдэхгүй, ойлгоогүй хэвээр байна.
  2. Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад 1930 оны үеэс эхлэн үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулах асуудлыг эрүүгийн хэргийн төрөл, зохицуулах харилцаа болгон хуульчилж эхэлсэн байдаг. Уг зохицуулалтад дотоод мэлээллийг авах боломжтой этгээдийг уг компанийн гүйцэтгэх удирдлага, компаний 10%-аас дээш хувь эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн гэх мэтчилэн, мөн дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны зах зээлд оролцох хугацааг 6 сар гэх мэт маш нарийн зохицуулж тусгасан байдаг.
  3. Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй тийм дотоод мэдээлэл 2009 онд хэнд ч байгаагүй гэж бодож байна. Харин Монгол Улсын Засгийн газар, Aйвэнхоу Mайнз компанитай ХөОГ байгуулах юм бол хувьцааны ханш тодорхой хувиар өснө гэсэн хүлээлт зах зээлийн эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй бүх хүмүүсийн дунд байсан. Энэ талаар эдийн засагчид, улс төрчид нээлттэй ярилцаж байсан бөгөөд УИХ-ын 2009 оны 8 дугаар сарын 19-25-ны хооронд хуралдсан ээлжит бус чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд бичигдэн түүх болон үлдсэн байдаг бөгөөд хэргийн материалд орсон байгаа.

Гэвч хувьцааны ханш хэзээ хэдэн хувиар өсөж, хэзээ буурахыг хэн ч таахгүй, энэ бас зөвхөн ХөОГ-ээс хамаарахгүй, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, зэсийн үнийн хэлбэлзэл, дэлхийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий хандлага гээд олон хүчин зүйлүүдээс хамаардаг юм. ХөОГ байгуулах талаарх бүх хэлэлцээр Засгийн газар, УИХ-ын хуралдаанууд нээллтэй явагдаж байсан бөгөөд Монголын үндэсний олон нийтийн телезизээр чуулганы хуралдаан олон өдрийн турш бүрэн эхээр нь шууд нэвтрүүлж байсныг дашрамд тэмдэглэн хэлье.

  1. Хэдийгээр тухайн үед ХөОГ хийгдэхэд Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны үнэ өснө гэсэн хүлээлт байсан ч энэ нь бодит амьдрал дээр олон төрлийн эрсдэл байгааг зайлшгүй тооцож, эрсдэл хүлээх чадвартай байж хийх ёстой бизнесийн харилцаа байсан.
  1. Урт хугацаанд харилцаанд оролцох санхүүгийн эх үүсвэртэй байх. Дор хаяж нэг жилийн хугацаатай.
  2. ХөОГ хийгдэхгүй байх эрсдэлтэй. Өмнө нь 2 ч удаа 2007, 2009 онуудад гэрээний төсөл УИХ-ын дэмжлэг аваагүй унасан.
  3. ХөОГ хийгдэж зурагдсан ч гэсэн 6 сарын дотор хүчин төгөлдөр болох нөхцөлүүдээ хангаж чадахгүй бол гэрээ бас унах эрсдэлтэй байсан.

Энэ болгонд хувьцааны ханш өсөхгүй, харин ч унах эрсдэлтэй. Харин гэрээ хийгдэж хүчин төгөлдөр болсон үед хувьцааны ханш өсөх магадлалтай.

Миний хувьд 2009 оны 8 дугаар сарын 20-нд тодорхой эрсдэлүүдийг хийж бага хэмжээний хувьцаа худалдаж авсан. 8 сарын дараа хувьцааны ханш 2 дахин өсөх үед зарсан. Хэрэв хүлээсэн бол дахиад 8 сарын дараа хувьцааны ханш 4 дахин өссөн байсан. Гэвч үүнийг тооцоолж эрсдэл үүрэх нь маш хүндрэлтэй.

Энэ үйл явц нь нийтийн хүртээл болоогүй хувьцааны ханшид нөлөөлөх дотоод мэдээлэл буюу ялын дүгнэлт үйлдсэн прокуроруудын тодорхойлсноор … албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл… гэгч зүйл байхгүй байсныг тодорхой гэрчилж байгаа юм.

Мөн хувьцаа худалдан авч эргэн худалдсан хугацаа нь нийт 8 сар болж байгаа нь үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад дотоод мэдээлэл ашиглаж зах зээлд оролцох нийт хугацааны сонгодог жишиг болсон 6 сарын хугацаанаас аль хэдийнэ хэтэрсэн байгаа нь үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх дотоод мэдээлэл байхгүй байсныг дахин баталгаажуулж байгаа жишээ юм.

  1. Олон улсын үнэт цаасны зах зээлд бүх иргэн, дэлхийн бүх улсын иргэд нээлттэй оролцох эрхтэй. Аливаа нэг албан тушаалтан уг бизнест оролцох хүсэлтэй хэн нэгэн бусдын боломжийг хязгаарладаг ийм бизнесийн төрөл биш юм. Аливаа улсын төрийн байгуулалт, Засгийн газар, Засгийн газрын гишүүний үйл ажиллагаанаас хамаардаг бизнесийн төрөл ч биш юм. Харин тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй, үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдсон хэн ч чөлөөтэй оролцох боломжтой, эрсдэлээ өөрсдөө хариуцдаг, алдаж онодог ийм л нээлттэй бизнесийн төрөл юм.

Харин тухайн үед буюу одоогоос 11 жилийн өмнө үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдох түвэгтэй, сул хөгжсөн, 2008-2009 онуудад дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас болоод урт хугацаанд эрсдэл хийх чадвартай санхүүгийн нөөцтэй хүмүүс Монголд ховор байсан байж болзошгүй. Энэ үеийг ашиглан олон улсын үнэт цаасны зах зээлээс ашиг олж Монголдоо оруулж ирж, валютын нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүмүүст харин ч Монголын ард түмэн талархах ёстой.

Ер нь үнэт цаасны зах зээл хөгжсөн улс орнуудын иргэд шууд ба шууд бусаар хувьцааны бизнест холбогдсон байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд хадгаламж нь, хөрөнгө оруулалт нь, ирээдүйн амьдралын баталгаа нь болдог бөгөөд өргөн утгаар нь авч үзвэл тухайн улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн суурь нь болж байдаг юм.

Энэ бүхнийг дүгнэн хэлэхэд яллах дүгнэлтэд дурдсан … албан тушаалын байдлаа урвуулсан, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ … хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийнхөө мөнгөөр тодорхой тооны хувьцааг худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан… гээд авилга, албан тушаалын гэмт хэргээр буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 зүйл төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйлээр яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дараах байдлаар нэгтгэн дүгнэж хэлье.

Нэгдүгээрт, энэ эрүүгийн хэргийг үүсгэн шалгаж байгаа бүх материалыг би өөрөө анхнаасаа сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн. Мөн Швейцарын Холбооны Улсын ЕПГ-аас 4 жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж баталгаажуулж надад ирүүлсэн бүх материалыг (1500 орчим хуудас материал нь миний өмнө нь гаргаж өгсөн бүх материалуудыг баталгаажуулсан байсан) бүрэн эхээр нь дахин өгч анхнаасаа хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажилласан утгаараа ч,

Хоёрдугаарт, уг хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьж буй АТГ-ын мөрдөгч, прокуроруудын үнэт цаасны зах зээлийн харилцааны талаар болон санхүү эдийн засгийн ойлголт муутай байгаа утгаараа ч,

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2-оор зүйлчилсэн ч уг зүйлд заасан материаллаг хохирлын бүрэлдэхүүнгүй байгаа утгаараа ч,

Дөрөвдүгээрт, … албан тушаалын байдлаа урвуулсан албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл… гэдгээ хэргийн материалд оруулж нотлоогүй байгаа, нэг ч удаа тодорхойлоогүй утгаараа ч,

Тавдугаарт, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж байгаа утгаар нь авч үзвэл энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа эрхэм шүүгч Та анхааралдаа авна гэж найдаж байна.

ХОЁР. Яллагдагч С.Баярцогт нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ХөОГ байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, ХөОГ-ний 15.7 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Айвэнхоу Майнз компаний 150,000 ширхэг хувьцааг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,739,197.49 ам. доллар буюу 3,838,903,106.31 төгрөгөөр худалдаж, 1,345,876.11 ам. доллар буюу 1,886,204,991.88 төгрөгийн ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1.2 сая ам. доллар буюу 1,687,584,000 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан ND Harmony LTD компанийн Швейцарын Холбооны Улсын KC AG банк дахь данснаас 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн Металс” ХХК-ний Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6-р зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар … гэсэн талаар:

  1. 2008 оны 5 дугаар сард үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдож, тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байснаа ашиглан эрсдэл хийж олон улсын үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд оролцож 2009-2010 онуудад 8 сарын хугацаанд тодорхой хэмжээний ашиг олсон, үүний тодорхой хэсгийг тэр даруйдаа буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө оруулж ирснийг “мөнгө угаах” гэмт хэргийг санаатай хийсэн гэж ялласан байна.
  1. Манай АТГ, прокуроруудыг зүгээс үзэж байгаагаар уг олсон ашгаа тэнд нь байлгаад байсан бол гэмт хэрэг биш байх байсан юм байна. Яаж ингэж бодож сэтгэж чадаж байна? Хүнийг буруутгаж болно, гэхдээ монголчууд бид эх оронч байх ёстой бус уу?

2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралд хамгийн хүндээр өртсөн Монгол орны хувьд бид бараг 6 сарын дотор улсынхаа валютын нөөцийнхөө тал хувийг алдаж байсан энэ үед Монголд валют ирж ирэх нь юу юунаас илүү үнэ цэнэтэй байсан юм.

  1.  Олон улсын үнэт цаасны зах зээлээс олсон ашгийн тодорхой хэсгийг Монголдоо оруулж ирснийг “мөнгө угаах” гэмт хэрэг гэж буруутгахын тулд олон улсын үнэт цаасны зах зээлээс хувьцаа худалдаж авсныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан чиг үүргийн дагуу олсж авсан мэдээлэл ашигласан гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй болохыг олон нотлох баримтаар үндэслэн хангалттай няцаасан билээ.

Хэрэв хувьцаа худалдаж авсан нь гэмт хэргийн шинжгүй бол олсон ашгаа Монголдоо оруулж ирсэн нь “мөнгө угаах” гэмт хэрэг биш болох нь маш ойлгомжтой.

  1. Оффшор бүсэд бий болгосон орлого, ашгаа Монголдоо оруулж ирэх үйл явцыг “мөнгө угаах” гэмт хэрэг мэтээр зүйлчилж байгаа нь оффшор бүсээс мөнгөө Монгол руугаа оруулж ирэхийг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагыг АТГ, прокурорын байгууллагууд эсэргүүцэж байгаа үйлдэл гэж ойлгогдож байна.
  1. Энэ жишиг нь цаашдаа оффшор бүсээс Монголдоо мөнгө оруулж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл болно.
  1. Оффшор бүсэд бий болгосон орлого, ашгаа одоогоос 10 жилийн өмнө буюу Ерөнхийлөгч Х.Баттулга санал, санаачилга гаргахаас 7 жилийн өмнө би сайн дураараа оруулж ирсэн юм.
  1. Анх энэ асуудлаар 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхдээ “мөнгө угаах” гэмт хэрэг 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөг хүртэл үргэлжилж байна гэсэн байсан.

2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уг тогтоолд өөрчлөлт оруулахдаа мөн л “мөнгө угаах” гэмт хэрэг 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөг хүртэл үргэлжилж байна гэжээ.

Энэхүү тулгаж байгаа ялыг би үнэхээр ойлгохгүй байгаа юм. Энэ мөнгө одоо хаана, ямар хэлбэрээр, яаж угаагдаж байгааг тодорхойлж нотолсон баримт хэргийн материалд байхгүй бөгөөд энэ талаар надаас мэдүүлэг тайлбар авч байгаагүй. Миний хувьд 10 жилийн өмнө байсан мөнгө зарцуулагдаад дууссан. Би бол мэдэхгүй. Прокурорууд мэдээд байгаа мөртлөө зогсоохгүй байгаа гайхаад байгаа юм. Угаас энэ нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас давуулж хэрэг үүсгэхийн тулд ийм арга хэрэглэдэг юм байна гэж ойлгож байгаа.

Өмнө нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Оюу Толгойн асуудлаар албан тушаалын хэрэг үүсгэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэсэн 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай зүйл анги нэмж хэрэг нээж байсан бөгөөд уг асуудлаараа нэг ч удаа нэг ч хүнээс мэдүүлэг авч байгаагүй байж байгаад уг хэрэг 2020 оны 3 дугаар сарын 5-нд хаагдсан.

  1. Энэ асуудлаар Монголдоо 7 жил, Швейцарын Холбооны Улсад 4 жил хэрэг үүсгүүлэн мөрдөн шалгагдсан. Монголд хэргийг дахин сэргээж, Швейцарын Холбооны Улсад хэрэг үүсгүүлсэн материалууд нь Монголын тухайн үеийн зарим улс төрчид, Монгол ба Швейцарын төрийн бус байгууллагууд оролцож хуурамч материалууд болохыг Швейцарын Холбооны Улсын ЕПГ, манай АТГ нотолсон байгаа.

Швейцарын Холбооны Улсын ЕПГ-аас “мэргэжлийн аргаар мөнгө угаасан”, “авлига авсан” байж болзошгүй гэсэн асуудлаар 2016 оны 7 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил шалгасны эцэст уг хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.

Швейцарын Холбооны Улсын ЕПГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан 1500 орчим хуудас материалыг Монголд явуулах эсэх асуудлаар шүүх хурал хийх талаар надад хандсан. Учир нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд эрх зүйн харилцан туслах гэрээ байхгүй байсантай холбоотой.

Тэр үед би шүүх хурал хийх шаардлагагүй, цуглуулсан бүх материалаа яаралтай Монголд ирүүлнэ үү. Энэ нь АТГ-т миний өмнө нь гаргаж өгсөн материалуудыг баталгаажуулах юм гэсэн учир Монголд шууд ирүүлсэн. Надад ирүүлсэн хувийг би АТГ-ын мөрдөгчид бүрэн эхээр гаргаж өгсөн. Харин үүний дараа буюу Монгол Улсад 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “мөнгө угаасан” байж магадгүй гэсэн хэргийг үүсгэсэн.

  1. Дээрхээс харахад Швейцарын Холбооны Улсын ЕПГ, манай АТГ, НПГ бүгд нэг л ижил материал дээр ажилласан гэсэн үг юм.

Монгол Улсынхаа хууль хүчний байгууллагуудын хүмүүсийг Швейцарын Холбооны Улсаас дутуу гэж үнэлж байгаа юм биш, гэхдээ Швейцарын Холбооны Улс бол дэлхийн санхүүгийн нэг том төв, үнэт цаасны зах зээл, эдийн засаг санхүүгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд эдийн засгийн чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар маш арвин туршлагатай улс.

Яг ижил материал дээр Швейцарын Холбооны Улсын ЕПГ 4 жил ажиллаад “мөнгө угаах”, бүр “мэргэжлийн аргаар мөнгө угаах” гэмт хэрэг байхгүй байна гэж хэргийг хаасан байхад манай АТГ, НПГ зориуд олон хуулийг зөрчин “мөнгө угаасан” гэж хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн байгаад үнэхээр их эргэлзэж байна. Энэ хэрэгтэй холбоотой Швейцарын Холбооны Улсын KC AG банкнаас гаргуулж авсан үндсэн материал нь Швейцарын Холбооны Улсынх юм гэдгийг онцлон тэмдэглэж байгааг минь эрхэм шүүгч Та анхааралдаа авна гэж найдаж байна.

ГУРАВ. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн НПГ-ын 98 дугаар тогтоолоор 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн НПГ-ын 1818 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа … мөн давтан С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу Толгой компанитай 2010-2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК-иар 20,736,000,732 төгрөгийн бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийг 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2 дахь зааснаар… гэсэн талаар

Тайлбар

  1. Энэ эрүүгийн хэргийг үүсгэж шалгасан олон жилийн хугацаанд энэ асуудал нэг ч удаа хөндөгдөж байгаагүй, гэрч, сэжигтэн, яллагдагчаар татан мэдүүлэг огт авч байгаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, баримтыг илт гуйвуулан, илт үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээс ажлын 2 хоногийн өмнө танилцуулсан хилс ял юм.
  1. Хоёр зүйлийг тодруулж хэлэхэд эрхэм шүүгч Та тодорхой ойлгох байх.
  1. Прокурорууд яллах дүгнэлтэндээ Сангийн сайдаар ажиллах үедээ намайг хоёр хувийн компанийн хоорондын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан гэж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болж байна. Хувийн компаниудын, ер нь ААН-үүдийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Компанийн тухай болон холбогдох бусад хуулиудаар зохицуулагддаг. Хувийн компаниудын хооронд хийгддэг гэрээ хэлцэл нь тэдгээр компаниудын ашигтай ажиллах, хамгийн сайн үйлчилгээ авах гэсэн бизнесийн ашигтай ажиллагаа, зорилго дээр үндэслэгдэн компаниудын эрх бүхий хүмүүсийн хооронд хийгддэг гэж ойлгож байгаа. Монгол Улсын төрийн ямар ч албан хаагч хувийн компаниудын хооронд хийгддэг гэрээ хэлцлийг байгуулдаггүй гэдгийг онцлон тэмдэглэе.
  2. Миний гэр бүлийн хүн энд дурдагдсан “Кью Эф Эс”, “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК-иудын хувьцааг огт эзэмшиж байгаагүй, одоо ч эзэмшдэггүй. Энэ мэдээллийг Улсын бүртгэлийн газрын лавлагаанаас шууд авч үзэх боломжтой.
  1. Энэ асуудлыг надад 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Пүрэв гарагт танилцуулсан. Уг асуудлаар гомдол тайлбар гаргахаар зохих дээд шатны прокуроруудад хуулийн хугацаанд хандсан. Харин яллах дүгнэлтийг ажлын 2 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 9-ний Даваа гарагт гаргасан.

Энэ асуудлаар НПГ, Монгол Улсын ЕПГ-ын хуулийн дагуу гомдол гаргахад нэгэнт яллах дүгнэлт үйлдсэн тул таны гомдлыг шүүх рүү шилжүүлсэн гэсэн хариу 2020 оны 3 дугаар сарын 13, 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус ирүүлсэн.

Хэрэв энэ асуудлыг мөрдөн байцаах болон прокурорын хяналтын шатанд мэдүүлэг тайлбар авсан бол ийм илт алдаатай асуудлыг яллах дүгнэлтэд оруулахгүй байсан байх гэж найдаж байна.

ДӨРӨВ. Яллагдагч С.Баярцогт нь 2004-2016 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга, 2008-2012 Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна доторх тавилгын хамт 852,880,691.4 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн зам гудамж 252 тоотод байрлах 362.98 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Х.Дөчинтав гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч хөрөнгө орлогоо нуусан… Мөн С.Баярцогтын нэр дээрх ХУД-ийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхон Таунхаус 14 тоотод байрлах орон сууц, авто зогсооолын зориулалттай 1,468,885,290 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө, түүний хүүхэд Б.Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй ХУД-ийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууц, зоорийн давхарын В1-5, В1-6 тоотод байрлах авто зогсооолын зориулалттай 1,102,863,110 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болгохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар… гэсэн талаар

Тайлбар

  1. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр АТГ-ын мөрдөгч Ц.Балдоржид анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн нэр дээр байдаг ХУД-ийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхон Таунхаус 14 тоотыг мэдүүлсэн.

Мөн хүний нэр дээр байгаа газар дээр зуслангийн байрны суурь аваад байр бариулж байгаа, уг байр нь баригдаж дуусаагүй байгаа гэж мэдүүлэхэд, дуусаагүй бөгөөд таны нэр дээр биш тул та мэдүүлэх шаардлагагүй гэж хэлээд мэдүүлэгт оруулаагүй. Тухайн үед мэдүүлгийн давхар видео бичлэг хийгдэж байсан тул энэ бүхэн бичигдэн үлдсэн байгаа.

Гэтэл түүнээс хойш 2 жилийн дараа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр АТГ-ын нэг ажлын хэсгийн гишүүн, мөрдөгч Э.Оюунболд энэ асуудлаар хөрөнгө орлогоо нуусан гэж хэрэг үүсгэж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Уг нь үүсгэсэн хэрэг нь хөрөнгө орлого нэмэгдсэнээ үндэслэлтэй тайлбарлах эсэх асуудал байсан бөгөөд уг байшинг барьсан бүх хөрөнгө миний гэр бүлийн хүний 100% эзэмшдэг “Товхонхан” ХХК-иас 100 хувь гарсан, барилга баригдах үеийн буюу 2015-2019 оны тус компанийн хуваарилсан ногдол ашиг нь уг байшингийн санхүүжилтээс 3 дахин их байгааг АТГ, түүнээс хөлсөлсөн аудитын компанийн тайлан, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг компаний дүгнэлтээр бүрэн дүүрэн батлагдаж байгаа юм.

  1. ХУД-ийн 11-р хороонд байрлах 2 байрны гэрээ 2007 онд хийгдсэн, төлбөрүүд нь 2009 онд хийгдэж дууссан. Таунхаус 14 тоотын орон сууцыг 2010-2016 оны өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ байнга мэдүүлж ирсэн бөгөөд төлбөр хийсэн бэлэн мөнгөний кассын баримтуудыг АТГ-т гаргаж өгсөн болно.

Мөн 300 дугаар байрны 316 тоот орон сууцны төлбөр тооцоотой холбоотой баримт, холбогдох тайлбаруудыг АТГ-т гаргаж өгсөн болно.

2007 оны гэрээ нь хийгдэж төлбөрүүд нь 2007-2009 оны хооронд хийгдэж дууссан байрны төлбөртэй холбоотойгоор 2002 оны Эрүүгийн хуулинд 2012 онд шинээр орсон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 247-р зүйл “хууль бусаар хөрөнгөжих” болон 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.10 зүйл “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”-ээр зүйлчлэн хэрэг үүсгэх нь 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хууль буцаан хэрэглэхийг хориглосон суурь зарчмыг ноцтой зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, 2009 онд үйлчилж байсан Монгол Улсын Эрүүгийн хуульд “хууль бусаар хөрөнгөжих”, “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн гэмт хэрэг байгаагүй болохыг эрхэм шүүгч Та анхааралдаа авна гэдэгт итгэж байна.

Монголын төрд 18 жил чин сэтгэлээсээ зүтгэснээ би нэр төрийн хэрэг хэмээн үзэж бахархдаг.

Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн 5 том ажлаа дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэгд, 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын залуучуудын байгууллагыг манлайлан оролцож Монгол Улсаа ардчилсан улс болгох улс төр, хууль эрх зүйн үндэс болсон ардчилсан Үндсэн хуулийг 24 настайдаа 1992 оны 1 дүгээр сарын 13-нд боловсруулан батлалцсан хамгийн залуу АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан.

Хоёрт, 2004-2006 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооны орлогч даргын хувьд Төрийн ордны өмнө байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханаас шарилыг нь шилжүүлэн чандарлаж, Төрийн ордны хойд цэцэрлэгийн талбайгаас Ж.Самбуу гуайн шарилыг нүүлгэн Алтан Өлгийд хүндэтгэлтэйгээр оршуулж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Чингис хааны хөшөөг үл тасрах 3 цагийн хэлхээнд Төрийн ордны өмнө хүндэтгэлтэйгээр залах ажлыг удирдан зохион байгуулсан.

Гуравт, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллахдаа 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралд хамгийн их өртсөн Монгол орноо хямралаас гаргах арга хэмжээг ОУВС-тай хамтран Стэнд-бай хөтөлбөртэй уялдуулан богино хугацаанд амжилттай авч хэрэгжүүлсэн.

Дөрөвт, Мөн 2009 оны 10 дугаар сарын 6-нд 3 УИХ, 5 Засгийн газар дамжин шийдэгдээгүй байсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн шийдвэрүүдийн дагуу амжилттай байгуулж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тунхагласан гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа 30:30:40 харьцаатай байна гэсэн зарчмыг хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан. Ингэхдээ Монгол Улсын уг төслөөс хүртэх өгөөжийг өмнөх төслөөс 3.2 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж чадсан.

Тавд, Мөн 2011 онд ОХУ-д төлөх их өрийн үлдэгдэл болох 180 сая орчим ам. долларын өрийг ҮАБЗ-өөс өгсөн 70% хөнгөлж чадвал сайн байна гэсэн чиглэлтэй хэлэлцээрийг 2 жил гаруйн хугацаанд хийж, үр дүнд нь 97.8% хөнгөлүүлж амжилттай шийдвэрлэж чадсан эдгээр 5 том ажлаа дурдаж байна.

Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд зэрэг шилжилт хийж байгаа, 2 том орны дунд орших жижиг орны хувьд Монгол орны минь хөгжил дэвшил, сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч олон улсын ангиллаар дундаж орлоготой болсон, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон, өөрсдийнхөө эрхээр зовж, жаргаж яваа улс орон болсон билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар хэлмэгдэн харьд цаазлуулахынхаа өмнө “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж хэлээгүй юм билээ.

Хоёр том улсын дунд орших Монгол Улсынхаа эмзэг хувь заяаг мэдэрсэн Монгол төрийн зүтгэлтний хувьд “Монголын төрд үнэнч зүтгэх халтай” гэж харуусан хэлсэн юм байна лээ. Монголчуудыг монголчуудаар нь хэлмэгдүүлдэг Монголынхоо эмзэг хувь заяаг хойч үеийнхэндээ анхааруулж, сануулсан төрийн хар хайрцагны бодлогыг илэрхийлсэн Монголоо гэсэн төрийн зүтгэлтний сэтгэлийн харууслын үг байсан юм билээ.

“Монголын төрд үнэнч зүтгэх халтай”

Оюу Толгойн гэрээ уг нь Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээ. Гэхдээ энэ гэрээг ахалж хийсэн хүний хувьд 10 жил муу сайнаар хэлүүлж, улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлж, баригдан хоригдож байсан ч 2020 оны 3 дугаар сарын 5-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Монгол УИХ 2019 оны 12 дугаар сарын 19-нд 92 дугаар тогтоолоо гаргаж 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэнийг дахин баталгаажууллаа.

Гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байсны дараа эзэмшсэн мэргэжил, залуу насандаа эрдэж хөрөнгө мөнгийг гаднаас босгож Монголдоо оруулж ирж болно, чадна гэсэн өөдрөг бодлоор эрсдэл хийж 12 жилийн өмнө олон улсын үнэт цаасны зах зээлд оролцсон минь сүр дуулиантай оффшорын асуудал болж, 7 жил Монголдоо, 4 жил Швейцарын Холбооны Улсад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдлаа. “Мөнгө угаасан, авлига авсан байж болзошгүй” гэж Швейцарт үүсгэн 4 жилийн турш мөрдөн шалгасан хэргийн Швейцарын Холбооны Улсын ЕПГ-аар хэрэгсэхгүй болголоо.

Монгол Улсаа жинхэнэ утгаар нь тусгаар тогтнуулсан ардчилсан Үндсэн Хуулийг батлалцсан, Монгол түмний дээдийн шүтээн болсон Их Эзэн Чингис Хаанаа Төрийн ордны өмнө залах ажлыг гардан удирдсан, Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан Оюу Толгойн ХөОГ-г хийж чадсан, ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг хөнгөрүүлж төлөх хэлэлцээрийг амжилттай хийж нэг хөршийнхөө өмнө өргүй нүүр бардам улс орон болгоход оролцсон намайг янз бүрийн ахуйн чанартай зохиомол хэргээр яллах нь хэний сонирхол вэ?

“Монголын төрд үнэнч зүтгэх” үнэхээр халтай гэж үү?

Монгол Улсын ардчилсан Үндсэн Хуулийн суурь зарчмуудын нэг Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчимд би итгэж байна.

Эрхэм шүүгч ээ, би Таныг энэхүү хэргийг Монгол Улсын нэрийн өмнөөс шударга үнэнээр шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Их баярлалаа" гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.