Д.ОЮУНЧИМЭГ

Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорихоор шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн 19-р тойрогт нэр дэвшигч Б.Бямбасайханы аав Б.Баянжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Таны хүүг хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-
Хүү минь хоригдчихоор ямар олиг байхав дээ. Таван жилийн өмнө анх хэрэгт холбосон. Гэтэл энэ хугацаанд яагаад шийдэж болоогүй юм бэ гээд гайхаж сууна. Ямар сайндаа хүүгээс минь нэхсэн хоёр тэрбум төгрөгийн барьцаанд намайг үнэлээд барьцаалж болдоггүй юм байх даа гэж бодох вэ. Би хэзээ ч тийм их хэмжээний мөнгө харж байгаагүй.

-Та өчигдөр хүүтэйгээ уулзаж амжсан уу?
-Хөгшин бид хоёр хүүгээ хоригдохыг нь сонсоод ухаан мэдрэлгүй л гүйж очлоо. Шүүх, цагдаагийн алба хаагчид бол үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ. Тэд бидэнтэй хүндэтгэлтэй харьцаж, хандаж байсан. Намайг хүүдээ зүрхний эмийг нь өгье гэхэд цааргалсангүй. Миний даралтыг үзээд зүрхний эм уулгаж тайвшруулж байсан. Хүүгээ хонгилоор гараад ирэхэд нь хальт гарыг нь атгаж, духан дээр нь үнэрлээд л явууллаа. Хүүдээ эмийг нь өгч амжсан. Тэгээд явахыг нь харсан болохоор сэтгэл тавгүйрхээд тун хэцүү байлаа. /хоолой нь зангирав/

-Ер нь шүүхийн шийдвэрийг хэр бодитой гарсан гэж бодож байна вэ?
-Хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Миний хүү гүйцэтгэх засаглалын шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм шүү дээ. Гадуур “Дубайн гэрээ” гэж яригддаг. Гэхдээ энэ бол гэрээ биш төлөвлөгөө байсныг учир мэдэх хүмүүс нь маш нарийн, сайн мэдэж байх ёстой. Би хүн муулж, улстөржмөөргүй байна. Харамсалтай нь хүүг минь хилс хэрэгт холбогдуулж шалгаад таван жилийн нүүр үзэж байгаа ч дорвитой шийд гардаггүй. Уг нь манай улсын төр засаг тэр төлөвлөгөөг нь буруу байсан гэж үзэж байгаа бол засч залруулаад ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээх боломжийг эрэлхийлэх учиртай. Нөгөөтэйгүүр, өмнө нь хүүг минь 60 гаруй хоног хорьж байсан шүү дээ. Одоо дахиад сонгууль болохын өмнө хорьчихлоо. Үүнийг би улстөрийн зорилготой гэж бодож байна.
-Сонгууль болоход тав хоног үлдсэн байна. Нэр дэвшигчийн хувьд хүнд тусч байгаа байх?
-Би хүүгийнхээ сонгуулийн тойргоор нь хэд хоногийн өмнө очоод хоёр хоночихоод ирсэн. Хүү минь сонгогч түмний дунд нэр хүндтэй, өнгөтэй байна лээ. Намайг очиход “Нэр дэвшигч маань судалгаагаар рейтинг өндөр байгаа” гээд штабынхан нь ярьж байсан. Тэгэхээр хүүг минь УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлал өндөр гэж үзээд улстөрийн зорилго агуулж хорьчихсон юм биш байгаа гэж хардаж байна.
Хүүг минь цэцэрлэгийн найзаас нь эхлээд олон сайхан нөхөд нь дэмжиж байгаагаа хэлж байсан. Ах нь төрдөө үнэнчээр зүтгэж, үүрэгт ажлаа нэр төртэй хийж, олны хүндлэл хүлээж ирсэн. Хүүхдүүдээ ч тэгж хүмүүжүүлсэн. Гэтэл хүүг минь хилс хэрэгт гүтгэж байгаад нь үнэхээр гомдолтой байна.
Өчигдөр хүүг минь ачаад явчихаар нь ээжийг нь хүүгийнхээ сонгуулийн штаб руу яв. Дарханы ард түмэнд үнэн байдлыг нь хэл гээд явуулсан. Миний бие тааруухан байгаа болохоор замын ая даахгүй гээд үлдчихлээ. Болдогсон бол хүүгийнхээ өмнөөс тэр газарт нь орчихмоор байна. Би сонгууль өгөх, өгөхгүй нь тийм чухал биш.

Мэдээж би хүүгээ өмөөрнө. Миний хүү буруу зүйл хийх хүүхэд огт биш. Гэхдээ дарханчуудын сонгох эрхийг, хүүгийн минь сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна. Үүнд маш их харамсч байна даа.

Эх сурвалж: www.epress.mn

Сэтгэгдлүүд

  1. Иш хөөрхий. Аргаа барсан хүний үг. Насаараа гадаад яаманд ажилласан буянтай 2-ын үйлийг нь үзэж, хүүг нь хорьж яахнав дээ. Нам засагтаа үнэнчээр зүтгэсэн 2, хүүгээ улс эх орондоо хэрэгтэй , мэдлэгтэй,боловсролтой сайн хүн болгож хүмүүжүүлсэн 2 шүү. Хэдэн эрх мэдэлтэнгүүдийн золиос болж байна даа. Танай хүүгээр бахархдаг, төр нь үнэлж мэддэггүй юмаа гэхэд олон улсад үнэлэгдсэн сайн мэргэжилтэн. Монголчууд тархийг нь ашиглаж чадахгүй бол гадныхан өрсөлдөөд авна. Дарханчуудаа та нар азтай шүү. Сайн сонголт та нарт байна. Б.Бямбасайханыг сонгоорой. Уриалж байна.

    1. Bayarlalaa, ta yostoi saihan zuil bichsen baina, meddeg humuus ni mendee. Muulah humuus ni muuljil baig. Hamgiin gol ni hun ooroo oortoo unench baih yostoi. Tiim hun hezeech muu yum hiihgui, ter ni yos zui, humuujil gesen ug, bolovsroltoi hun bolgon humuujiltei, yos zuitei gesen ug bish. Harin Ene 2 hogshin bolon huuhduud ni alin alin baidag humuus yum.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.