Он гарсаар нийслэлд шинээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь хоёр давхар автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд оролцуулахаар болсон явдал юм. Тэгвэл өнгөрсөн оны намар иргэдэд анх танилцуулж байсан хоёр давхар, эко автобус үйлчилгээнд явахад бэлэн болоод байна. Өчигдөр хотын дарга С.Амарсайхан хоёр давхар автобусны туршилтад өөрийн биеэр оролцож, аюулгүй байдалд нь хяналт тавьж ажиллалаа. Туршилтыг Баруун 4 зам- Зүүн 4 зам хүртэлх зайд хийсэн юм. Хоёр давхар, эко буюу цахилгаан автобус нь нэг цэнэглэлтээрээ хоёр өдөр буюу 400 км явах хүчин чадалтай, цэнэглэх хугацааны хувьд 2-3 цаг. Нэг давхартаа 20 хүн, хоёр давхартаа 50 хүний суудалтай аж. Мөн цонхны хувьд давхар шилтэй учраас өвөл цанатахгүй. Харин зундаа халууны үед эйр кондишнтой учраас ямар нэгэн хүндрэл байхгүй хэмээн инженер, хариуцагч албаныхан хэлж байв.  

 Улаанбаатар хотын иргэдэд өдөр бүр тулгардаг томоохон бэрхшээлүүдийн нэг бол замын түгжрэл байдаг. Харин хоёр давхар автобусыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл багасч, зорчигчдыг ая тухтай байдлаар хангах сайн талтай аж. Мөн хүйтэн сэрүүний үед тулгамддаг зүйл бол утаа униарны асуудал юм. Түүнийг дагаад ханиад томууны өвчлөл ч огцом нэмэгддэг. Энэ автобус нь цахилгаан хөдөлгүүртэй учир утаа ялгаруулалт маш бага, түүнчлэн хотын өнгө үзэмжид ч эерэг нөлөөтэй юм. Энгийн автобусны нэг өдөрт зарцуулах шатахууны зардлын хувьд 370 мянга байдаг бол энэ цахилгаан автобусны нэг удаагийн цэнэглэх өртөг нь 30 мянган төгрөг болох юм.   

Аюулгүй байдлын үүднээс эхний ээлжинд нэг автобусыг хөдөлгөөнд оролцуулна. Туршлагатай сайн жолоочийг сонгон шалгаруулалтаар авсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нам тавцанг нэмэлтээр суурилуулж өгсөн байв. Мөн тоног төхөөрөмж ачаа бараа байрлуулах тээш хадгалах хэсэгтэй аж. Энгийн автобустай харьцуулахад сэлбэг, эд ангиудын хувьд хямд, моторын тос хэрэглэдэггүй. Зорчих үнийн хувьд энгийн автобусаас бага зэрэг өндөр байх талаар хотын дарга С.Амарсайхан мэдэгдсэн юм. Мөн дүүжин гүүр, соронзон галт тэргийг турших бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. “Ковид-19” өвчний тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор гадаадын туршлагатай инженер, экспертүүдийг урьж, газар дээр нь заавар зөвлөгөөг нь авч чадахгүй байгаа учраас дүүжин гүүр, соронзон галт тэргийг ашиглалтад оруулах хугацаа бага зэрэг хойшлох төлөвтэй байна гэв.  Өмнө нь ажил дууссаны дараа жолооч нар өөрсдөө автобусаа угааж цэвэрлэдэг байсан бол одооноос буудлын эцэс болгон дээр тусгай цэвэрлэгч ажилтантай болсноор ажлын ачааллыг багасгаж, цаашлаад халдварт өвчний тархалтын гол цэг болсон нийтийн тээврийн аюулгүй байдал, ариун цэврийг хангаж чадсанаараа онцлог юм. Энэ жилийн хувьд 10 ширхэг давхар автобус оруулж ирэх бөгөөд дараа жилээс 40 ширхэг  давхар автобусыг оруулж ирнэ гэв. Ингэснээр илүү олон чиглэлд явуулж иргэдэд тэгш хүртээмжтэй байдал бий болох аж. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг учраас хаана хаанаа анхаарч ажиллах ёстой юм. Нийтийн тээврийн засвар шинэчлэлийг хийж буй компани, жолооч, иргэд ч гэсэн өөрийнхөө эрх үүргийг ухамсарлаад бие биеэ хүндэтгэн ажиллах ёстой юм. Ялангуяа, цахим төлбөр тооцооны хэрэгсэл болох картаа уншуулаад ордог байх, бэлэн мөнгөөр зорчихоо болих, жолооч нар нь ч гэсэн өөрсдийн шаардлагаа тавиад явбал гадаадын хөгжингүй улс орнуудын нийтийн тээврийн үйлчилгээний соёлтой хөл нийлүүлэн алхах боломжтой юм. Хэчнээн гоё сайхан хууль дүрэм баталлаа ч түүнийг дагаж мөрдөхгүй, хариуцагч алба нь ч шаардлага тавихгүй байгаа нь хуулийн бүрэн төгс хэрэгжилтэд саад болж буй юм.  

Г.ПҮРЭВГОЧОО

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.