Монголын Хүүхдийн ордны захирал, боловсрол судлалын докторант Б.Цэнгэлмаатай ярилцлаа.

-Сайн байна уу. Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Монголын хүүхдийн ордон энэ өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Танай сайтын эрхэм уншигч сурагч багачууд, эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монголын хүүхдийн ордон үүсэн байгуулагдсан 1958 оноос эхлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг уламжлал болгон өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг. Хүүхэд багачуудынхаа хамтаар бид Хүүхдийн ордныхоо авьяаслаг сурагч багачуудын тоглолт, хүүхэлдэйн киноны баатрууд, шинэхэн, гоё бэлэг гээд уламжлал болон тогтсон зүйл их бий.

-Жил бүр Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ энэ жил хөл хориотой байгаа учраас бүх нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн. Хүүхдүүд  маань хүүхдийн ордонд ирэхийг хүсч байгаа байхдаа?

-Жил бүр нийслэлийн хэмжээнд дээд байгууллагаас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ нэгдсэн баярын арга хэмжээнд хүүхдийн ордны сурагчдаас зарим үзүүлбэр, тоглолтуудаараа тусгайлан бэлдэж жил бүр оролцож, үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажилладаг. Энэ жил хүүхэд багачууд минь төр засгийн зүгээс гаргаж байгаа COVID 19-ийн халдвараас сэргийлэх онцгой байдлын дэглэмийг сахиж гэр бүлийн хүрээнд баяраа угтаж байна. Төр засгаас бүх чиглэлд онцгойлон хорио дэглэм тогтоож байгаа болохоор иргэд болон хүүхэд багачууд минь сайн ойлгож байгаа байх.

-Хүүхдийн ордны уран бүтээлчид гурван үеийн түүхийг харуулсан томоохон бүтээлийг “Хүүхдийн баяр”-ыг угтаж дуусгасан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ жил улсын хэмжээнд төр засгаас зарласан онцгой байдлын нөхцөл байдалтай уялдуулан нэгэн шинэ ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн нь гурван үеийн түүхийг харуулсан бүтээл юм. Хүүхэд багачууддаа хүүхдийн ордныхоо үйл ажиллагааг түүхчилсэн байдлаар харуулж 2.44х4 метрийн харьцаатай гурван цуврал хэсгээр утга санааг уран зургаар илэрхийлсэн бүтээл байгаа.

Хуучнаар Пионер сурагчдын ордон анх 1958 онд байгуулагдсан. Энэ цаг үеэс эхлэн харуулсан. Эхний хэсэг уран зурагт 1958-1990 он хүртэл, хоёрдахь зурагт 1990 оноос өнөөг хүртэл, гурав дахь зурагт Ирээдүй хэмээх утгыг тусгахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, зургаар өгүүлсэн түүх гэж ойлгож болно. Эдгээр он цагийн дараалал бүхий үйл явдалд хүүхдүүд, хүүхдийн ордондоо ирээд ямар ямар үйл ажиллагаанд оролцдог, дуу хуур, бүжиг, ардын хөгжим, уран зураг, драм, шинжлэх ухааны дугуйлан зэрэг манай 20 гаруй төрлийн 37 дугуйлангуудын үйл явцыг харуулсан. Мөн хүүхдүүдийн дотно найз нөхөр болсон үлгэрийн баатруудыг бүх л гоё өнгөөр илэрхийлж, хүүхэд багачуудад ойлгуулах хэлбэрээр, хүүхдийн сэтгэхүйд ойр байдлаар, хүүхдэд аз жаргал бэлэглэсэн тийм л гоё гэгээлэг байдлаар дүрсэлж буулгасан. Хүүхэд өөрийнхөө ертөнцөөр ойлгож харах юм. Тэр болгон хүүхдийн ордны түүхийг хүүхэд болгон мэдэхгүй шүү дээ. Анх 1958 онд яг ямар ямар дугуйлан хичээллэж байсныг, тэр цаг үеийн аж амьдрал, онцлог, хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн баатрууд ч өөр байсан. Яг л эдгээр утга санааг зурган хэлд оруулж өгүүлсэн.

-Энэ бүтээлийг хэзээ эхлүүлсэн бэ?

-Энэ бүтээлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-наас эхэлсэн. Зургаадугаар сарын 1 хүртэл манай хүүхдийн ордны байгууллагадаа 23 дахь жилдээ ажиллаж байгаа Д.Батбаяр багш, салбар дугуйлангийн Д.Жаргалсайхан багш нараар ахлуулсан мэргэжлийн 12 зургийн багш нар оюун санаа, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж, хүүхдийн ордныхоо түүхэнд онцгой бүтээлээрээ хувь нэмрээ оруулсан сайхан уран бүтээл болж байна. Эдгээр багш нартаа юуны өмнө хүүхэд багачуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гурван үеийн түүхийг харуулсан бүтээлээ бид Хүүхдийн ордноо Хүндэтгэлийн хэсгийн коридор хэсэгт байрлуулаад байна. Дашрамд хэлэхэд, гурван цуврал бүтээлээ зотон даавуун дээр орчин үеийн өнгө хувирахгүй чанартай акрилик будгаар зурж гүйцэтгэсэн. Хүүхэд багачуудад минь таалагдана гэдэгт итгэлтэй байна.

-Монголын хүүхдийн ордон үеийн үед багачуудын авъяас билэг, ур чадварыг нээж, хөгжүүлж ирсэн. 62 жилийн түүхтэй их айлын ирээдүйн төлөвлөгөөнөөс уншигчдад маань  хэлж танилцуулна уу?

-Хүүхэд багачуудынхаа авъяас чадварыг дэмжин, хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой байгуулагдсан Монголын Хүүхдийн Ордон өнөөдөр 130 мянган төгсөгчтэй, улсынхаа хүүхэд багачуудын хөгжлийг дэмжигч, хүүхдийн төлөөх үйлсэд хувь нэмэр оруулагч байгууллагуудын нэг болжээ. 2019-2020 оны хичээлийн жилд урлаг, уран бүтээл, гадаад хэл, шинжлэх ухааны төвийн 23 төрлийн 37 дугуйлан, салбарын нийслэлийн долоон дүүрэгт зургаан төрлийн 29 дугуйланг хичээллэн, 4000 гаруй сурагчдыг хамруулан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд суралцагчдын сурах хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ ихсэж байгаатай холбогдуулан дугуйлангуудыг чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дүүрэг, хороод болон олон улсын байгууллагуудтай төр засаг, удирдлагуудын зүгээс хамтран ажилладаг. Түүнчлэн Монголын хүүхдийн ордны зүгээс 60 жилийн ойгоо угтан хүүхэд багачуудад чиглэсэн 60 бүтээлч ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал,    

  • Монголын Хүүхдийн ордноо олон улсын жишигт нийцэхүйц хүүхдэд ээлтэй, суралцагч, эх эхчүүдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн, чанартай сургалт үйлчилгээг үзүүлэх чиглэлд Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага  MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч  байгууллага болгон ажиллаж байна.
  • Мөн энэ хичээлийн жилд Санхүүгийн боловсролын ангийг шинээр нээн хичээллүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд Японы Олон улсын Ротари клубын хөрөнгө оруулалттайгаар Шинжлэх ухааны лабортори ангиа нээсэн.
  • 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол, ОХУ, Солонгос, Тайланд, Франц, Колумба улсын нийтдээ 80 гаруй эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгуулж, зөвлөмж, эмхэтгэлийг гаргалаа.
  • Өнгөрөгч хичээлийн жилд бидний гадаад харилцаа өргөжин тэлж Турк, Япон, БНХАҮ, Испани, ОХУ, Польш, Энэтхэг, Чех, БНСУ, Тайланд улсуудад зохион байгуулагдсан хүүхдийн их наадмуудад оролцож, эх орныхоо өв соёл, уламжлалт зан заншлаа сурталчлан таниулахаар зорин ажиллаж байна.

Цаашид гадаад харилцаа, сурагчдын сурах чиглэл, сургалтын үр дүнг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаас гадна байгууллагын үйлчилгээг авч буй эцэг эхчүүд, сурагчдынхаа тав тух, сурах эрхийг дээдэлсэн орчинг сайжруулахад анхаарч ажиллана.  

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Та бүхэнд ч баярлалаа. Мөн хүүхэд багачууддаа хандан “Аливаад сониуч байж, авъяас билэг ээ нээн хөгжүүлэх үйлсдээ уйггуй хичээнгүйлэн суралцаарай гэж зөвлөе. Авъяас чадвараа тэлж, Ертөнцийг харах өргөн ухаан, баялаг сэтгэлгээтэй болоорой”. Хүүхэд бүрийн авьяас гэрэлтэн тодрох болтугай.

Эх сурвал: www.mongolyalna.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.