Г.ГАНЧИМЭГ

            Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай нийгмийн эрүүл мэнд, өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ж.Амарсанаа гэдэг хүн зүгээр эмчээ хийгээд явж болдоггүй юм уу. Яагаад улстөрд орох гэж зүтгээд байдаг юм бэ?

-Би Монголдоо 2008 онд ирсэн. Ингээд 2008-2012 онд эмчээрээ ажиллаад, хажуугаар нь эрдэм шинжилгээний ажлаа амжуулаад явж байлаа. Жилдээ 1000 орчим хүн үзэж байгаагаа ажигласан. Би эмчээрээ идэвхитэй ажиллалаа гэхэд 40 жилийн дараа 40 мянган хүн үзэж магадгүй юм байна гэдэг л бодолтой явлаа. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын болж бүтэхгүй, засч залруулах ёстой асуудлууд зөндөө харагдаад байсан. Тэгээд би бодсон л доо. Тогтолцоог нь засч залруулчихвал 40 мянга битгий хэл, 400 мянга, магадгүй дөрвөн сая хүний ч эрүүл мэндийн асуудлыг маш богино хугацаанд шийдэж болохоор байна гэдгийг олж харсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний эрх мэдэл, улстөрийн идэвхитэй амьдрал хэрэгтэй болдог юм билээ. Ингээд ер нь улстөр рүү орж үзье гэж шийдсэн юм. Тухайн үед 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр явтал нэгдүгээрт, цаг нь тулчихсан байсан. Хоёрдугаарт, янз бүрийн боломж бололцоо нь бас болохгүй байгаад нийслэлийн ИТХ-д дэвшиж байлаа. Анх улстөр рүү орж байгаа нь тэр. Тэгээд тэр жилдээ Эрүүл мэндийн дэд сайд болсон. Бодлогын төвшинд орж ажиллахаар асуудлын гүн рүү орж, илүү хурдтай ажиллах боломжтой юм билээ. Тухайлбал, “Элэг бүтэн” хөтөлбөр анх ийм нэртэй байгаагүй шүү дээ. Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг санаачилж, боловсруулан хэрэгжүүлсэн хүний нэг нь би. Дараа нь нам, улстөрийн шалтгаанаар нэр нь солигдсон л доо. Гэхдээ доторх агуулга, үйл ажиллагаа нь анх санаачилснаараа л явж байгаа. Одоог хүртэл хэрэгжиж буй хөтөлбөрийн нэг. Энэхүү хөтөлбөрийн ачаар өнөөдөр 40 гаруй мянган хүн элэгний С вирусээсээ салжээ. 40 мянган хүн гэдэг чинь миний жилдээ эмчилдэг хүний тоогоор бодоод үзэхээр 40 жилийн ажил байгаа биз. Тиймээс 40 жилийн ажлыг хоёрхон жилийн дотор дэд сайд байх хугацаандаа эхлүүлж хийсэн гэсэн үг. Ингэхээр маш их цаг хугацаа хожиж байна. Маш олон хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авч эрүүлжээд явж байгаа юм.

-"КОВИД 19"-тэй холбоотойгоор хөл хориогоо сунгачихлаа. Эдийн засаг хүнд байгаа тул төр засгаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй зэрэгцэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группийг сунгах тухай асуудал хөндөгдөж байна. Хөл хорионы улмаас тогтсон хугацаандаа үзүүлж чадахгүй байгаа хүмүүс группээ сунгуулахад бэрхшээл гарах вий гэх болгоомжлол байгаа тухай ярьж байна. Эрүүл мэндийн дэд сайд байсан хүний хувьд та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Цаг үеийн нөхцөл байдал буюу короновирустэй холбоотойгоор эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээний анхаарал суларсан тал бий. Хүссэн ч, хүсээгүй ч цаг үе ийм байна. Гэхдээ энэ бол зохицуулах боломжтой асуудал. Саяхан гэхэд цусны хавдартай хүүхэд эмээ авах гэтэл тасарчихсан байсан. Короно вирустэй холбоотойгоор дэлхий дахинд тээвэр зууч, гадаад худалдаа гацалтад орж байна. Энэ нь манай улсын эрүүл мэндийн салбарт бас нөлөөлж байгаа. Мэдээж хэрэг, үүн дээр нэмээд яамнаас өөрсдийн дотоод нөөц боломжоо хэр хурдтай, зөв зохицуулан ажиллаж байна вэ гэдэг нь ч хамаатай. Мөн бусад асуудлаа хэрхэн олон өнцгөөс яаж харж байна вэ. Ажлаа зэрэг амжуулах хурд, менежмент нь ямар байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Одоо үүсч байгаа нөхцөл бол эмнүүд маш их тасарч байгаа. Хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг эмэнд сарын эхэнд хэт олноороо нэг дор дугаарлаж байна. Дээрээс нь таны асууж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн групп сунгуулах тухай асуудал байна. Эдгээр нөхцөл байдлыг эргэж харахгүй бол буцаад эрүүл мэндийн салбарт эрсдэл үүсгэж болзошгүй шүү дээ. Тиймээс зарим асуудлаа цахимаар шийдэхэд гэмгүй. Төлбөр тооцоогоо цахимаар хийгээд “Тэдэн цагт тэр эмийн сангаас аваарай” гэдэг мессеж илгээх зэргээр нэг дор хэт бөөгнөрөл үүсгэхгүй асуудлыг ухаалгаар шийдэх боломж бий. Ер нь нийгмийн бүхий  л салбарт янз бүрийн доголдол гарч ирж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбараа хайрлаж, ямар нэгэн байдлаар ямар ч доголдол гаргуулахгүй ажиллавал зүгээр. Гамшгийн үед ч гэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасрахгүй явах учиртай шүү дээ. Гэтэл томоохон улсын эмнэлгүүдэд төлөвлөгөөт хагалгаануудыг зогсоочихсон л байна. Хоолойны мах авах, хамрын таславчны хагалгаа, цөсний чулуу авах гэх мэтээр жижиг боловч тухайн хүндээ ихэд зовиуртай өвчний хагалгааг зарим эмнэлэг зогсоосон байгааг би хувьдаа буруу л гэж бодож байгаа. Тиймээс би хувьдаа төлөвлөгөөт хагалгаагаа хийгээд яваасай л гэж хүсч байна. Магадгүй, ингэснээрээ эмнэлэгт ирэх хүмүүсийн төвлөрөл буурч байгаа болов уу.

Гэрэл зургийг: Г.Оюунтунгалаг

-Дэлхий нийтийг сөхрүүлсэн цар тахлын үед төрийн болоод хувь хүмүүсийн бэлтгэл ямар байна вэ?

-Сайны хажуугаар саар зүйл бас байна. Хөл хорио тогтоох үеэр амны хаалт тасарсан. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газарт ч амны хаалтны нөөцгүй байдаг юм билээ. Энэ нь амьсгалын замын гаралтай цар тахалд манай улс бэлэн биш байна гэдгийг л харуулж байна. Дараа нь короновирусын эмчилгээнд хэрэглэж буй эмийн нөөцийг бүрдүүлэхэд маш тааруу ажилласан. Тухайлбал, оношлуур оруулж ирэх гэж маш удлаа шүү дээ. Нэгдүгээр сарын 13 гэхэд дэлхийн бүх улсад короновирусын оношлуур гараад ирчихсэн байсан. Харин бид хоёрдугаар сарын нэгэн хүртэл ямар ч оношлуургүй явсан шүү дээ. Энэ бүхнээс харахад бид хурд, авч хэрэгжүүлж буй ажлын дараалал зэргийг анхаарах л хэрэгтэй. Гэхдээ хөл хориогоо эрт тогтоож чадсан нь бидний аврал юм даа. Дараа нь амны хаалтаа эрт зүүж эхэлсний ачаар дотооддоо энэхүү цар тахлыг алдсангүй.

-Зарим нь стратегийн хүнсээ эх орондоо хангалттай хэмжээнд үйлдвэрлэж нөөцөлдөг болох тухай ярьж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарт ч эх орондоо үйлдвэрлэж болох бүтээгдэхүүн цөөнгүй мэт. Тухайлбал, амны хаалт байна даа?

-Дотоод нөөц боломж маш их байгаа шүү дээ. Амны хаалтаас гадна оношлуураа ч эх орондоо үйлдвэрлэх боломжтой. Яагаад гэвэл, короновирусын оношлууртай холбоотой бүх нарийн мэдээллийг эрдэмтэд дэлхий нийтэд ил болгоод тавьчихсан. Түүнийг ямар ч эрдэмтэн хараад дуурайгаад хийчихнэ. Өөрөөр хэлбэл, бүх орц нь бэлэн гэсэн үг. Бэлэн бэлдэцээ ашиглаад л оношлуур хийчихнэ. Энэ нь бид хямд оношлуур, хэрэглэх боломжтой гэсэн үг. Өмнө нь иймэрхүү нарийн оношлуурыг хийсэн компаниуд бүгд патенттай, түүнийгээ ил гаргаж зарладаггүй байлаа шүү дээ. Дэлхийн хэмжээнд томоохон асуудал дэгдээсэн короновирустэй холбоотойгоор эрдэмтэд оюуны өмчөө ил гаргаж байна. Бэлэн зааврын дагуу бид оношлуур хийхэд коронод зарцуулж буй мөнгө 3-4 дахин хэмнэгдэх боломжтой. Амны хаалтны хувьд бол тийм ч их ашигтай бизнес хэзээ ч байгаагүй. Тиймээс амны хаалт хийдэг үйлдвэр маш цөөхөн. Харин одоо амны хаалт хийе гэсэн дотоодын үйлдвэрлэгчдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Ер нь бол үндэсний аюулгүй байдлаа бодоод бид амны хаалтаас эхлээд зарим эм, хямд өртөгтэй оношлууруудыг эх орондоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.

-Танд эрүүл мэндийн салбартаа үр бүтээлтэйгээр ажиллах боломж байна, хийж ч чадна. Ард түмэнд ч Ж.Амарсанаа гэдэг сайн эмч хэрэгтэй болохоос биш улстөр рүү алдах сонирхол байхгүй байх шиг байна?

-Яг ийм сэдвээр үе үе яриа гарна аа. Би ч ийм бодолтой хэсэг явсан. Гэхдээ би улстөрд орохоосоо өмнө ч эмч байсан. Улстөрийн ажил хийж байхдаа ч эмчийн үүргээ гүйцэтгэж явдаг. Магадгүй тэтгэвэрт гарсан хойноо ч шаардлагатай бол эмчийн ажлаа хийнэ. Жилийн өмнө Японд 105 настайдаа эмч хүн нас барлаа. Гэтэл энэ хүн бурхан болохоосоо гурван сарын өмнө хүртэл эмчээрээ ажиллаж байсан юм билээ. Эмчийн мэргэжил эзэмшсэнээс хойш 80 гаруй жил ажиллажээ, бурхан болооч. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгддэг мэргэжил бол эмч шүү дээ. Манай улсад л хүчээр тэтгэвэрт гаргаад байдаг болохоос биш мэдлэг чадвартай эмч бол зүгээр суудаггүй онцлогтой. Цагаа бүртгүүлдэг тогтмол ажил эрхэлдэггүй байлаа ч гэсэн зөвлөх эмч хийгээд явах боломж бий, манай нөхцөлд. Тиймээс ажлын байргүй гэж санаа зовох зүйлгүй шүү дээ, эмч хүн. Нэг хэцүү зүйл нь эмч болох гэж маш их цаг хугацааг зарцуулдаг даа. Нэгэнт эмч болсон хойноо мэргэжлээрээ ажиллахад цаг хугацааны хязгаар гэж үгүй. Миний хувьд эмчээ хийнгээ улстөр, нийгмийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж явдаг. Том зургаар нь харвал, олон хүнийг яаж зэрэг эмчлэх вэ, улс нийгмээр нь яаж эрүүлжүүлэх вэ л гэж бодоод байгаа юм. Гэтэл манай улс өөрөө өвчтөн болчихоод байна. Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо хөгжлөөрөө дэлхийн 200-аад орноос 145-д эрэмбэлэгдэж байна. Энэ нь оюутны дүнгээр бол муу л гэсэн үг.

-Ийм хэмжээнд байгаа сулхан нөхрийг яавал дээш нь татаж болох бол?

-Би бол яаж эхний 50-д оруулах вэ л гэж боддог. Гэхдээ энэ нь маш их тархи толгой гашилгасан ажил гэдэг нь тодорхой. Бид эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулахын тулд маш олон зүйлийн засч залруулах хэрэгтэй болдог. Ингэхийн тулд энэ салбарын тогтолцоог сайн мэддэг, дотор нь ажиллаж үзсэн, ер нь юм юмаа мэддэг нарийн мэргэжлийн хүн л хэрэгтэй. Дэлхий улс орнуудын эрүүл мэндийн салбараа шинэчилсэн түүхүүд ийм л байдаг. Ихэнхи улс оронд эрүүл мэндийн салбартаа эрч шинэчлэл авчирсан хүмүүс нь эмч нар өөрсдөө байдаг юм билээ. Голдуу асуудлаа дотроос нь засдаг байх юм. Түүнээс гадны аль нэг салбараас бурхан шиг мундаг хүн ирээд энэ салбарыг засч залруулдаггүй. Бодит түүхүүдээс харахад, 98 хувь нь эмч нар өөрсдөө л тогтолцоогоо янзалдаг юм байна. Ганц, хоёр тохиолдолд, тухайлбал, Эстони улсад программ хангамжийн инженер хүн эрүүл мэндийн салбарыг цэгцэлсэн байдаг. Тэр хүн нэлээд шинэчлэл хийсэн гэдэг. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулаад үйл ажиллагаа, үйлчилгээгээ шуурхай, хурдан болгож өгсөн нь бас нэг дэвшил болсон. Тиймээс би Монголд гадны салбарын хүнийг эрүүл мэндийн салбарыг жигтэйхэн гоё болгочихно гэж хардаггүй.

-Эрүүл мэндийн салбарын яг юуг нь засах ёстой юм бэ?

-Хамгийн түрүүнд зардалын асуудал байна. Монгол Улсад 2000-аад оны эхээр нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал нь гурван доллар орчим байсан. Одоо магадгүй 200 доллар болчихсон байгаа гэж үзэхэд 60-80 дахин нэмэгдсэн байгаа биз. Тэгвэл бидний авч буй тусламж үйлчилгээ ийм хэмжээнд нэмэгдсэн үү, үгүй юу гэвэл би үгүй л гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын үр ашиг нь тааруу байна гэсэн үг. Зарцуулж буй хөрөнгө нь бидний авч буй эрүүл мэндийн үйлчилгээтэй таарч өгөхгүй байна. Зарлага өндөртэй, хэт үрэлгэн, үр ашиг муутай тогтолцоо явж буй нь харагдаж байгаа. Шанага байлаа гэж бодоход ус их шүүрдэг л гэсэн үг. Тиймээс энэ үр ашгийг яаж сайжруулах вэ, бид зарлага л гаргаад байдаг, үүндээ хяналт тавьдаггүй, үр ашигтай юу, үгүй юу гэдэг дээрээ маш муу ажиллаж байгаа, үнэндээ. Дараагийн нэг асуудал нь сэргийлж болох нас баралтыг бууруулах тал дээр муу ажиллаж байна. Манай улсад жид 5200 хүн сэргийлж болох нас баралтаар өнгөрч байна. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа маш сайн, хэвийн явагдаж байсан бол бид жилд 5200 хүнээ алдахгүй. Улс орнууд сэргийлж болох нас баралтыг аль болох доошоогоо барихыг л оролддог. Гэтэл Монгол Улсад ийм нас баралт нэлээд өндөр хувьтай байна. 100 мянган хүнд 169 хүн сэргийлж болох нас баралтаар өнгөрч байна. Үүнийг өндөр хөгжилтэй орнууд доош нь дарсаар байгаад ер нь 50 дотор оруулж ирсэн байдаг. Гэтэл бид гурав дахин өндөр буюу 169 хүнээ алдаж байна. Энэ мэтчилэн асуудлууд байна. Дараа нь нийт нас баралтыг хэрхэн бууруулах вэ. Монгол хүний эрүүл мэндийн хамгийн тулгамдаж буй асуудал нь ерөөсөө л өвчнөөс шалтгаалсан нас баралт шүү дээ. Тиймээс Эрүүл мэндийн яамыг ажлаа эрэмбэлж байгаач ээ л гэж хүсээд байгаа юм, би. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл хамгийн их нас бардаг өвчнийг анхаараач л гээд байгаа юм.

-Хамгийн их нас бардаг өвчнүүдийг нэрлээч. Ер нь энэ өвчнөөр өвдөх хамгийн гол шалтгаан нь юу вэ?

-Зүрх судасны өвчнөөр хамгийн их нас бардаг. Дараа нь хорт хавдар. Гуравдугаар шалтгаан нь осол гэмтэл, хордлого, амиа хорлолт гээд гадны нөлөөтэй шалтгаанууд байна. Нас баралтын тэргүүлэх гурван шалтгаан нь энэ. Гэтэл манай яамнаас гарч буй шийдвэрүүд тухайн үедээ л ард түмэнд таалагдаж, гал унтраах гэсэн маягтай байна. Тиймээс бид одоо арай өөрөөр сэтгэж, судалгаа, нотолгоонд суурилдаг болох хэрэгтэй. Эрхэм зорилгоо тодорхойлж яг ямар үзүүлэлтээ бууруулахын төлөө ажиллаж байгаа юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Үүний дараа салбарын бүтэц зохион байгуулалтын асуудлыг анхаарах хэрэгтэй. Манай салбарын одоогийн бүтэц зохион байгуулалт бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч талаасаа буюу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан бүтээсэн хуучин ЗСБНХУ-ын бүтэц байхгүй юу. Сүүлийн үед өвчтөн төвтэй бүтэц илүү чухал гэж яригддаг болсон шүү дээ. Үүнийг би л ганцаараа яриад байгаа юм биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ л ярьж байна.

-Өвчтөн төвтэй бүтэц гэхээрээ яг ямар бүтэц байх вэ. Өмнөх бүтцээсээ ямар ялгаатай вэ?

-Тухайн хүнд хэрэгтэй цогц үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх вэ гэдэг нь хүн буюу өвчтөн тойрсон бүтэц юм. Ийм бүтцийг бий болгохын тулд хамгийн наад захын жишээ гэхэд дүүргийн эмнэлэг дээр нэг цэгийн үйлчилгээ байх ёстой. Улаанбаатар хотод “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон”  дээр гээд нэг цэгийн үйлчилгээ өчнөөн бий. Иймэрхүү л зүйлийг эрүүл мэндийн салбарт хүсээд байгаа юм. Өвчтөндөө зовлон багатайгаар 10-аад эмчээ нэг дор тойроод үзүүлчихдэг байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр очоод хэвтэх гэхээр эхлээд нэг эмч дээр үзүүлэх цаг авна. Үзүүлээд дахиад нарийн эмчийн үзлэгт орохоор болдог. Гэтэл шинжилгээ өгөөд ир гэдэг. Буцаад явна. Магадгүй шинжилгээ өгөөд эргэж ирэх хооронд тухайн өвчтөн эрүүл мэндээрээ улам хохирч байж болзошгүй шүү дээ. Тиймээс энэ хүнд суртлуудыг арилгах шаардлагатай. Би хүн төвтэй бүтцийг олон болгохын төлөө л ажиллана. Ингэж байж л бид суурь төвшиндөө маш олон хүний нийгмийн эрүүл мэндийг асуудлыг шийднэ шүү дээ.

-Гэхдээ Эрүүл мэндийн яамны асуудал бол зөвхөн өвчтэй хүмүүсийн асуудал биш. Эрүүл хүмүүсээ ч элдэв өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг анхаарах ёстой болов уу?

-Тийм ээ, эрүүл амьдралын хэв маягийг яаж бүх нийтийн зуршил болгох вэ гэдгийг анхаардаг байх ёстой. Тухайлбал, хүнсний аюулгүй байдал, амьдралын буруу хэвшлийг яаж засч залруулах вэ, таргалалттай яаж тэмцэх вэ, хөдөлгөөний дутагдалыг яах вэ гээд энэ мэтийн олон асуудал руу бас анхаарч байх ёстой. Ер нь хааны эмч хэзээ ажлаасаа халагддаг вэ гэвэл хаан өвчтэй болонгуут л ажлаасаа халагддаг. Хаан үхэхээр биш. Хааны эрүүл мэнд эрсдэлтэй байдалд орохоор гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, тэр хүнийг эрүүл саруул байлгаж чадсангүй, дархлааг унагаасан гэдэг утгаараа хааны эмч ажлаасаа халагдаж байгаа юм. Манай Эрүүл мэндийн яам ч адилхан шүү дээ. Заавал өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх ёстой. Ард түмнээ яавал эрүүл саруул байлгах вэ, ингэхийн тулд хоол тэжээлийн бүтэц ямар байх вэ гээд л эхэлнэ шүү дээ. Би энэ асуудлын хүрээнд транс тосны талаарх үнэн зөв мэдээллийг иргэддээ аль болох хүргэж байхыг хичээдэг. Бид транс тосыг бөөн бөөн тос байх юм шиг сэтгэдэг. Гэтэл транс тос бидний амьдралын бүх шатанд нэвтэрсэн байх жишээний. Энэ мэтийн наад захын юмаа бид мэддэггүй. Монголчуудын нас барж байгаа шалтгааны хамгийн өндөр үзүүлэлт нь зүрх судасны өвчин байдаг. Зүрх судасны өвчнийг бууруулахын тулд зөв хоололтын дэглэм барих хэрэгтэй. Зөв хоололтын дэглэм барина гэдэг чинь өөх тосны зөв хэрэглээтэй болох шүү дээ. Хүний судсанд хамгийн их наалддаг зүйл чинь өөх тос. Та нар сана даа, өөхтэй мах идлээ гэхэд гарнаас тос нь салдаггүй шүү дээ. Халуун усаар савандаж угааж байж л арилдаг. Үүнтэй адил бидний идсэн хүнсний бүтээгдэхүүн бүрийн өөх тос бага багаар судасны хананд очиж наалддаг. Хамгийн их наалддаг, судсыг гэмтээдэг муу тос нь транс тос байгаа юм. Энэ чинь химийн аргаар хийдэг тос байхгүй юу. Ургамлын тосыг устөрөгчийн молекултай холиод дээрээс нь үнэр, амт, өнгө оруулагч хийгээд л транс тос буюу маргарин.

-Иймэрхүү транс тосыг хэрэглэснээр хүний биед ямар хохирол учруулдаг юм бэ?

-Байгалийн тостой адил хүний биеэс тийм ч амар гарч чаддаггүй. Хүний биед маш удаан байж бодисын солилцоог удаашруулдаг. Транс тос хоёр жилийн дараа л бүрэн гардаг шүү дээ, хүний биеэс. Зүрх судасны өвчин, оюуны хомсдол, үргүйдэл, таргалалт үүсгэдэг. Дээрээс нь сахарын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ингээд л биднийг дуусгаж байна шүү дээ, энэ транс тос. Өнөөдөр монголчууд зүрх судасны өвчлөлөөрөө дэлхийд дээгүүр явж байна. Цус харвалтын нас баралтаар дэлхийд хоёрт, бүс нутагтаа эхэнд явж байна. Ингэхээр чинь бидэнд бодох зүйл маш их байна. Үүний цаана маш том шалтгаан байна гэсэн үг. Дээрээс нь бас хорт хавдарын нас баралтаар дэлхийд нэгт явж байна. Зүгээр нэг жижиг асуудал байсан бол дундаж, дунджаас доогуур төвшнийг л барина биз дээ. Эхэнд эрэмбэлэгдэж байна гэдэг чинь асар том шалтгаан байна гэсэн үг. Хорт хавдар тусах хамгийн эхний шалтгаан нь элэгний В, С вирус. Дараа нь архины хэт өндөр хэрэглээ. Мөн дараа нь бид ходоодны хорт хавдарын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. Ходоодны өвчний гурван том шалтгааныг бид арилгах ёстой. Хеликобактерийг устгаж, давсны хэрэглээг багасгаж, тамхи таталтыг бууруулж байж бид ходоодны хорт хавдарын өвчлөлийг бууруулна шүү дээ. Тиймээс авах ёстой арга хэмжээ, хийх ёстой ажил нь буюу бүх зүйл тодорхой байхад эс үйлдэх нь маш том нүгэл.

-Эс үйлдэх гэдгээ жаахан тодруулна уу. Юу гэсэн үг вэ?

-Одоо бид “Элэг бүтэн” гэдэг хөтөлбөртэй адил томоохон хөтөлбөрүүдийг яаралтай боловсруулах хэрэгтэй. Даруйхан “Эрүүл ходоод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь амиа хорлолт, архины хордлого, гадны нөлөөтэй осол гэмтлийн нас баралт зэрэгтэй тэмцэх цаг нь болсон. Манай эрүүл мэндийн салбар энэ бүхэнтэй тэмцэж болно. Тухайлбал, амиа хорлох гол шалтгаан нь сэтгэл гутрал байдаг. Сэтгэл гутралыг нь арилгачихвал амиа хорлох үзэгдэл байхгүй болчихдог л доо. Сэтгэл гутрал гэдэг чинь бие даасан өвчин. Хаанаас гарч ирсэн юм бэ. Нийгмийн л өвчин шүү дээ. Баян,  хоосны ялгаанаас болж хүмүүсийн сэтгэл гутарч байна. Шударга бус байдал бас нөлөөлж байна. ЖДҮ гээд л эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдэл багатай хүмүүсээ дээрэлхэж урдуур нь орж, боломжийг нь булааж авах зэрэг чинь явсаар байгаад нийгмийн стрессийг бий болгож, сүүлдээ тэгш бус байдалд хүргэж байгаа юм. Эцэст нь баян, хоосны ялгааг бий болгож зарим иргэнийг сэтгэл гутралд хүргэж байна шүү дээ. Гэтэл манай сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ зөвхөн ганцхан газар хэт төвлөрчихсөн. Бүх үйлчилгээ нь Шархаданд. Өөр газар бараг байхгүй. Тиймээс одоо бид сэтгэцийн эмч нараа нэмж ажиллуулах хэрэгтэй. Өрхийн эмнэлэг болгон дээр нэг эмч, сургууль болгон дээр нэг сэтгэлзүйчтэй болох шаардлага нийгэмд тулгарч байна.

-Өрх болгон эмч, сургууль болгон сэтгэлзүйчтэй болох хэрэгтэй гэхээр сэтгэл гутрал өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болчихсон гэсэн үг үү. Ихэвчлэн ямар насныхан амиа хорлож байна вэ. Шалтгаан нөхцөл нь юу байгаад байна?

-Хүүхдүүдийн зүрх сэтгэл доторхи болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг нээгээд бухимдлыг тайлж байж сэтгэл гутрал гэдэг ноцтой өвчинд хүргэхгүй шүү дээ. Ингэж чадвал энэ олон хүн амиа хорлохгүй. Өнөөдөр манай улс амиа хорлолтоороо дэлхийд дээрээсээ гуравт орчихсон явж байна. Энэ бол гамшгийн хэмжээний үзүүлэлт шүү дээ. Яагаад гэвэл, Монгол Улс хэзээ ч амиа хорлодог ард түмэн байгаагүй. Сэтгэл гутралд ордог ард түмэн байгаагүй. Яагаад гэвэл, нар их сайхан тусдаг. Цэлмэг тэнгэртэй, байгаль орчин сайтай учраас амиа хорлох сэдэл төрөх нь ховор үзэгдэл байхгүй юу даа. Хүн бас байгалийн амьтан учраас нар бага тусдаг, үргэлж манан будантай, байнга бороо орж байдаг Япон, Англи зэрэг оронд сэтгэл гутралд амархан автдаг. Түүнээсээ болоод амиа хорлох нь бүр зуршил болчихсон улс орнууд бий. Үүнтэй харьцуулахад манай орны орчин нөхцөл шал ондоо. Гэтэл монголчууд сүүлийн үед яагаад амиа хорлох нь огцом нэмэгдээд байна вэ гэвэл цэвэр нийгмийн шударга бус байдал, баян, хоосны ялгаанаас болсон сэтгэл гутралтай холбоотой. Түүнийгээ эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаатай холбоотой. Хүн өглөө босоод ажил бүтээхээр гарна. Орой нь ажил бүтэхгүй бухимдалтай орж ирнэ. Иймэрхүү байдал давтагдсаар сэтгэл гутрал болно. Дээрээс нь архи нэмэгдэнэ. Бухимдал, сэтгэл гутрал, архи гурав нийлэхээрээ 40-60 насны эрчүүдийн амиа хорлох сэдэл болж байна. Өнөөдөр хамгийн их амиа хорлож буй нь энэ насны эрчүүд байгаа юм.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.